Дайшань

Дайшань вангийн хөрөг

Дайшань (Манж хэл: ᡩᠠᡳᡧᠠᠨ) (1583 оны 8 сарын 19 – 1648 оны 11 сарын 25) болбоос Манжийн Хожуу Алтан улсын Нурхач хааны хоёрдугаар агь, Хошой Ли чин ван цолтой, цэргийн жанжин, улс төрийн зүтгэлтэн. Айсингиоро овогтон. Нурхач хааны авааль эхнэр Тунгия овгийн Хахана Жацинаас төрсөн.

Тэрээр 1607 онд авга ах Шурхач бэйл, ах Цүень бэйлийн удирдсан цэрэгт багтаж Уланара аймгийн бэйл Бужантайн эсрэг дайтан гавъяа байгуулсан тул Гүен батуру (古英巴圖魯)[1] гэх цол хүртжээ. 1613 онд Нурхачийн зарлигаар дахин Уланара аймгийн эсрэг байлдав. 1616 онд Нурхач зүрчидийн ихэнх овог аймаг, хот тосгодыг эзэлсэн тул Их Алтан Улсыг байгуулсны дараа Дайшаньд бэйлийн албан тушаалд томилон, Манжийн Шулуун улаан хошууг захируулав. Ингэснээр тухайн үед Нурхачийн удирдлаган доорх дөрвөн их бэйлийн нэгд тооцогдож эхэлсэн. Дөрвөн их бэйл хэмээх нь Шурхач бэйлийн 2-р агь Амин, Дайшань, Нурхачийн 5-р агь Мангултай, 8-р агь Хуньтайж нар юм. Нурхач хаан, улсаа түвшитгэж бараад 1618 онд Мин улсын Долоон ялыг тоочиж, дайн зарласанд Дайшнь манжийн шулуун улаан хошууны цэргийг захирч 1618 онд Мин улсын Фушүнийг эзлэн, 1619 оны Сархугийн тулалдаан, 1621 онд Шэньяаныг эзлэх томоохон тулалдаанд оролцож ялалт байгуулжээ. 1621 оноос хойш Нурхач өөрийн залгамжлагчаа сонгохын тулд бэйл цолтой гурван хөвгүүнээр төрийн хэргийг сар бүр ээлжлэн мэдүүлж, төр удирдах чадварыг шалгаж эхэлжээ.

Дээд эрдэмтийн үед
[засварлах | кодоор засварлах]

1626 онд Нурхач хааныг нас барсны дараа хаан суурины төлөөх өрсөлдөөнд 8-р агь Хунтайжийг дэмжиж, хаан болоход нь дэмжсэн нь 1629 он хүртэл Амин, Мангултай нарын хамтаар Хунтайжид нөлөөлж, засаг төрийн хэрэгт шууд оролцож байв. 1636 онд Хунтайжи Өвөр Монголыг Хожуу Алтан улсад нэгтгэж, улсын цолыг Их Чин гүрэн болгоод, Дайшанийг Хошой Доронго Чин ван цолоор (манжаар: ᡥᠣᡧᠣᡳ
ᡩᠣᡵᠣᠩᡤᠣ
ᠴᡳᠨ ᠸᠠᠩ
; хятадаар: 和碩禮親王 - Хошой Ли Чин ван) өргөмжлөн, Хааны Ах хэмээх хүндэт өргөмжийг соёрхов.

Эеэр засагчийн үе

[засварлах | кодоор засварлах]

1643 онд Дээд эрдэмт хаан залгамжлагчаа гэрээслэж амжилгүй өөд болсон үед манжийн хааны ургийн дотор хаан болох өрсөлдөөн эхэлсэн. Дайшань чин ван эхэндээ Дээд эрдэмтийн ууган хөвгүүн Хүүгэ чин ваныг, Ажигэ, Додо ван нар Доргоныг дэмжиж хоёр тал болж сөргөлдөж эхлэх үед Хүүгэ, Доргон нар буулт хийж, хаан болохоос татгалзсан учраас эцэстээ Дээд эрдэмтийн 9-р агь 6 настай Фулинийг хаан болгохоор сонгожээ. Гэвч Чин гүрний ноёдын дотор Фулинийг унагах улс төрийн хуйвалдаан гарч байсныг Дайшань, Доргон нар таслан зогсоож байв.

Тэрбээр 1648 онд Бээжин хотод нас барсан. Чингийн төрөөс түүний ар гэрт 10,000 лан мөнгө олгож, гэрэлт хөшөө босгожээ. Тэнгэрийн тэтгэсэн хааны зарлигаар Чин гүрний хаадын дээдсийн сүмд түүний нэрийг бичиж, тахих болгов.

Дайшань чин ван 3 хатан, 3 татвар эмээс төрсөн 8 агь, 12 гэгтэй байв.

  • Нэгдүгээр хатан, Лигия овгийн Дажуху баяны охин.[2] 1-р агь Ёто, 2-р агь Шото хоёрыг төрүүлсэн.
  • Хоёрдугаар хатан, Ехэнара овгийн Бужай бэйлийн охин.[2] 1-р гэг, 3-р агь Сахалиян, 4-р агь Вакда, 5-р агь Балама нарыг төрүүлсэн
  • Гуравдугаар хатан, Ехэнара овгийн Анабу бэйлийн охин.[2] 7-р агь Мандахай, 3-р гэг, 5-р гэг, 8-р агь Хүсэ нарыг төрүүлсэн.
  • Бага хатан, Хаданара овгийн Мэнгэбулу бэйлийн охин.[2] 6-р агь Мажань, 7-р гэгийг төрүүлсэн.
  • Бага хатан, Халхын Боржигин овгийн Зайсан бэйлийн охин.[2] 2-р гэг, 4-р гэг, 6-р гэг, 8-р гэг, 9-р гэг, 11-р гэг, 12-р гэгийг төрүүлсэн.
  • Татвар эм, Фуча овгийн Хэтуогийн охин.[2] 10-р гэгийг төрүүлсэн.

Холбоотой хуудас

[засварлах | кодоор засварлах]
  1. 清史稿/卷216#禮烈親王代善
  2. 2.0 2.1 2.2 2.3 2.4 2.5 http://www.axjlzp.com/clan56.html