Иргэний Зориг Ногоон Нам

Иргэний Зориг Ногоон Нам
ᠢᠷᠭᠡᠨ ᠦ ᠵᠣᠷᠢᠭ ᠨᠣᠭᠣᠭᠠᠨ ᠨᠠᠮ
Намын удирдагчБатын Батбаатар[1]
Байгуулагдсан2012 оны 03-р сарын 12 (2012-03-12)
Нэгдэж үүсгэсэн намуудНогоон нам (1990 оны 11-р сарын 25 (1990-11-25))
Иргэний Зориг Нам (2000 оны 03-р сарын 09 (2000-03-09))
Төв байрУлаанбаатар, Монгол
Үзэл баримтлалНогоон либерализм
Улс төрийн жигүүрТөв[2]
Олон улсын харъяалалЛиберал Интернационал
Тивийн харъяалалАзийн Либерал ба Ардчилсан Намын Зөвлөл
Өнгө(нүүд)Ногоон, Цагаан
Улсын Их Хурал
4 / 126
Намын туг
Civil Will Green Party flag
Цахим холбоос
ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМ (archived copy)

Иргэний Зориг Ногоон Нам- Монгол Улсын УИХ-д суудалтай улс төрийн нам.

Иргэний Зориг Ногоон нам нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн, байгаль дэлхий, нутаг усаа хайрлах үндэсний уламжлалт сэтгэлгээ, хандлагаа эрхэмлэн хөгжүүлэгч, хувийн өмчид суурилсан тогтвортой эдийн засаг, ногоон хөгжлийг тэргүүлэх бодлогоо болгон тууштай хэрэгжүүлэгч, нийгмийг шинэчлэгч нам мөн. Тус нам нь ардчилал, хүний эрх, чөлөөний үзэл санаанд тулгуурлан, экологийн чиг баримжаатай нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжлийн замд улс орноо хөтөлж, хүн бүр өөрийн хүсэл эрмэлзлэлээрээ, шударга хөдөлмөрийнхөө үрээр Монголдоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлнэ.

2000 оны 2-р сард С.Зоригийн фракцынхан гэж нэрлэгдсэн Санжаасүрэнгийн Оюун, Цэрэндоржийн Ганхуяг, Төмөр-Очирын Эрдэнэбилэг, Хашбатын Хулан, Л.Эрдэнэтуул нарын хүмүүс бие даасан нам байгуулах болсноо олон нийтэд мэдэгдэв. 2000 оны 3-р сарын 9-ний өдөр Шинжлэх ухаан мэдээллийн төвийн хурлын зааланд С.Зоригийн фракцынхны санаачилсан шинэ нам үүсгэн байгуулах Их хуралд таслах эрхтэй 40 мандат бүхий нийслэл, орон нутгийн төлөөлөгч цугларч Монголын 24 дэх улс төрийн нам гал голомтыг бадраан, "Иргэний Зориг Нам" гэж нэрлэн даргаар нь Санжаасүрэнгийн Оюуныг сонгов. 2000 оны 6-р сард болсон УИХ-ын сонгуульд Иргэний Зориг Нам Ногоон намтай хамтран "Иргэний Зориг - Ногоон Нам" эвсэл байгуулан нийт 76 тойрогт 76 хүний нэр дэвшүүлэн оролцож Дорнод аймгийн 17 дугаар тойргоос С.Оюун дахин сонгогдсон амжилт гаргаж, парламентад суудалтай нам болов. Орон нутгийн сонгуулийн дараа И3Н, Лувсандамбын Дашням даргатай Монголын Төлөө Нам Д.Ганбаатар  тэргүүтэй Орон Нутгийн хөгжил намууд нийлэн нэгдэв.

2001 он ИЗН парламентад суудалтай намын хувьд 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АИХ депутат асан, академич, зохиолч Лувсандамбын Дашнямын нэрийг дэвшүүлэн оролцов.

Дэлхийн Либерал ардчилсан намуудын холбоо 2007 оны 11-р сарын 17-ны өдөр ХБНГУ-ын Гамбург хотноо болсон 60 жилийн ойн үеэрээ ИЗН-ыг жинхэнэ гишүүнээрээ элсүүлэв. Энэхүү холбоонд ИЗН элссэнээр Монгол улс дэлхийн улс төрийн гурван гол баганад өөрийн төлөөлөлтэй болов.

2007 оны 11-р сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Санжийн Баяр УИХ-ын гишүүн, ИЗН-ын дарга С.Оюунд хамтран ажиллах тухай санал бүхий албан тоотыг ирүүлэв. Намын УТЗ хуралдаж, С.Баярын Засгийн газрын танхимд ИЗН-ын төлөөлөл оролцож, Хамтарсан Засгийн газрыг байгуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргав. 2007 оны 12-р сарын 4-ний өдөр Засгийн газар хамтран байгуулах тухай гэрээнд МАХН-ыг төлөөлж МАХН-ын дарга С.Баяр, ИЗН-ыг төлөөлж ИЗН-ын дарга С.Оюун нар гарын үсэг зурав. Энэхүү гэрээгээр ИЗН С.Баярын Засгийн газарт Гадаад хэргийн болон Хүнс, Хөдөө аж ахуйн яамыг толгойлон ажиллах болов.

Монголын Үйлдвэрчний Соёлын төвд болсон ээлжит Их хуралд хот, хөдөөгийн 1200 гаруй төлөөлөгчид оролцож, "Уушиг нь муудсан төр, төрийн гадна үлдсэн Монгол хүн" улс төрийн илтгэлийг ИЗН-ын  Тэргүүн С.Оюун, Дэд дарга Ц.Ганхуяг, УТЗ-ийн гишүүн Д.Өлзийсайхан нар тавьж, ТВ9 телевизээр Монгол орон даяар нэвтрүүлэв.

УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн бодлого стратеги сэдвээр тус сангийн захирал Манфрейд Рехтар намын удирдлага, 2016 оны сонгуульд нэр дэвшигчдэд сургалт явуулав.

2018 оны 1-р сарын 27-ны үндэсний хорооны хурлаар намын дүрмэнд өөрчлөлт оруулж нам нэг даргатай болов. Намын даргаар Ц.Ганхуяг үлдэж, С.Оюун, Самбуугийн Дэмбэрэл нар өргөдлөө өгөн намын даргаас чөлөөлөгдөв.

Намын дарга Батын Батбаатар 2023 оны 10-р сарын 23-нд Улсын Дээд Шүүхэд бүртгэгдсэн.

2024 оны 6-р сарын 28-нд болсон УИХ-ын сонгуульд ИЗНН-ын гишүүдээ нэр дэвшүүлж намын дарга Батын Батбаатар, Мөнхтөрийн Нарантуяа, Сонгобайгийн Замира, Ринчиндоржийн Батболд нарын 4 хүн намын жагсаалтаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон байна.

  1. "Иргэний зориг ногоон нам /ИЗНН/ - Улс төрийн намын бүртгэл". www.supremecourt.mn. Archived from the original on 2022-03-01. Татаж авсан: 2022-07-15.
  2. "Mongolie - législative - Élections 2012". perspective.usherbrooke.ca.