Чедихөү шаньюй (хятадаар: 且鞮侯; пиньинь: Qiě dī hóu) бол НТӨ 101-96 онд Хүннү гүрнийг захирч байсан нэгэн юм. Ичисе шаньюйн хүү. Тэрээр Гоулихү шаньюйг залгамжилсан.
НТӨ 101 онд Хүннүгийн шаньюй Уди хаантай хэл амаа ололцож, найрамдлын гэрээ байгуулахын тулд олзны хятадуудын дотроос нутагтаа буцахыг хүссэн хүмүүсийг суллан тавьж явуулжээ. Уди хаан Хүннүд Сү Ү тэргүүтэй элч нарыг илгээж, хэрэв хүннү нар Хятадын хараат улс болбол найрамдлын гэрээ байгуулахыг зөвшөөрнө гэв. Шаньюй, түүний зөвлөх Вэй Люй тэргүүтэй хүннү ноёд, түшмэд, жанжин нар Хятадын хараат улс болохыг огт зөвшөөрөхгүй байсан учир Хятадын элч төлөөлөгчид Хүннүгийн зарим ноёд түшмэдтэй хуйвалджээ. Тэд зөвлөх Вэй Люйг алуулж, шаньюйн хатныг хулгайлан авч гартаа оруулж байгаад шаньюйд хараат болохыг тулган хүлээлгэхээр шийдсэн ч Хүннүгийн талаас хуйвалдааныг илрүүлж, урвагчдыг цаазлав. Чедихөү шаньюй Хань улсын элч нарт Хүннүд сайн дураар дагаар орох шаардлагыг сөргүүлэн тулгасанд Сү Үгээс бусад нь цөм Хүннүд дагаар орсон.[1] Харин Сү Ү цаазаар аваачигдсангүй, алс умард дахь Байгал нуурын тэнд 19 жил амьдарсны дараа өөрийн улсдаа буцаж очжээ.
НТӨ 99 онд Ли Гуанли, Ли Лин нарын гурван жанжин Хүннүгийн эсрэг гурван чиглэлээр довтолсон боловч ямар ч амжилт олсонгүй. Ли Лин нь шаньюйн цэрэгт бүслэгдэн байлдаж байгаад олзлогджээ. Хань улсын хууль ёсоор хятад сайд, түшмэд, жанжид давуу хүчинд автан дайсанд амьд олзлогдоод бууж өгсөн байвал урвасанд тооцогдон цаазаар авагдах ял заагдаж, ар талд үлдэгсэдийн хэн нэгийг цаазлан алах журамтай байжээ. Дайсанд баригдаад, бас нутаг буцах аргагүй болсон Ли Лин Хүннүд дагаар орж, тэдний төлөө зүтгэхийг зөвшөөрсөн байна. Чедихөү шаньюй түүнд охиноо хатан болгон өгч, өөрийн жанжинаа болгоод Киргиз аймгуудыг захируулан суулгажээ.[2]
НТӨ 97 онд Ли Гуанли жанжин их цэрэг удирдан Хүннүгийн шаньюйн амьдардаг Хангайн нуруу, Орхоны хөндийг зорин давшив. Чедихөү шаньюй эмэгтэйчүүд, хүүхэд хөгшдийг ар тийш нүүлгээд өөрөө цэрэг авч байлдан хятад цэргийн давшилтыг зогсоосон ба улмаар нутаг руу нь ухраан зугтаалгажээ.[3]
Энэ тулааны дараа жил Чедихөү шаньюй нас барж, суурийг нь түүний ахмад хүү ᠋зүүн гарын ᠋᠋᠋Түци[4] ван "Хүлүгү шаньюй" цолтойгоор залгамжилжээ.
Өмнөх Гоулихү шаньюй |
Хүннүгийн шаньюй НТӨ 101-96 |
Дараах Хүлүгү шаньюй |