Авга нь Монголын овог аймаг юм. Хуучин Өвөр Монголын Шилийн голын 10 чуулганы харъяат дөрвөн хошууны нэр.
Авга, авга нар нь угтаа Чингис хааны дүү Бэлгүтэйн 17 дугаар үе Баясах бүргэд ноёны удмын ноёдын эзэмшил болно. Авга хэмээх үг нь үгийн гарлын хувьд аавын төрлийн хүнийг авга гэх аж. Авга, Авга нар хэмээх овог нь нэлээд эртний түүхтэй бөгөөд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулсны хойно “мөхөс би Бэлгүтэйн бөхөөр, Хасарын харвалгаар ертөнцийг эзэлвэй” хэмээн өөрийн дүү нарын гавъяаг өндрөөр үнэлэн хувь иргэн олгосон аж. Үүнээс Бэлгүтэйн хувь иргэн 1500 өрх Онон, Хэрлэн голын сав газар нутаглан байжээ. Бэлгүтэй нь Хутуху, Янсунбуха, Гүнбуха гэсэн гурван хөвгүүнтэй бөгөөд Хубилай хааны үе гэхэд Бэлгүтэйн үр сад нь 800 хүн болсон гэдэг.
Монголын Юань улс мөхсөний хойно Хасар, Бэлгүтэй, Хачиуны хойчис ноёлох аймгуудыг “гурван оннигуд”, Монгол хаадын “гуя албат” гэх зэргээр тэмдэглэн мөн “баруун гурван авга” хэмээн нэрийдэх болсон байна. XVII зууны эхэн үе гэхэд тэдгээр аймгуудыг нийтэд нь авга, оннигуд. гэх болсон аж. Авга нар 1450 оны үед Бэлгүтэйн 8-р үеийн ач Муулихай вангийн үед товойн гарч ирж байгаад удалгүй дарагдсан байна. XVI зууны сүүл үеэс Ном Тэмгэт ханы хатан Сайн зул, Түмэдэй засагт, Будшир засагт, Сэцэн жонон тэргүүтэй баруун гурван авга нар Онон, Хэрлэн голын сав газар нутаглан байснаа өмнө тийш шахагдаж эхэлсэн аж.
Завхан аймгийн нутаг дахь Авга хэмээх овог нь 1582 онд Сайн зул хатныг даган Халхын баруун гарт нүүн, Засагт ханы харъяат болсон Авга нарын үлдэц юм. 1660 оны Засагт ханы хямралын үед Авга нар хуучин нутагт нутагшин Сэцэн ханд харъяалагдах болсон аж. Халхын хангуудын элдэв шахалтаас үүдэн 1665-1666 оны үед Сэрэн мэргэн, Түн исрэв нар харъяат албатаа аван өмнөш нүүдэллэсэн бөгөөд харин Халхад үлдсэн Авга нь энэ үеэс овгийн байдалтайгаар орших болжээ.
Өмнөш нүүдэллэсэн хэсгийн үр удам Эдүгээ Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн Авга нар хошуунд оршин суудаг. Төв нь Шилийн хот.