БНМАУ-ын маршал

БНМАУ-ын маршал-БНМАУ-ын цэргийн дээд цол юм. БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид ба Ардын Сайд нарын Зөвлөлийн 1936 оны хоёрдугаар сарын 21-нд хамтарсан ХIV хурлаас “БНМАУ-ын өрлөг жанжин”  буюу маршал гэх цэргийн дээд алдар цолыг баталжээ.  Ингэхдээ “маршал” гэсэн үгийг монгол хэлний “өрлөг жанжин” гэсэн үгтэй дүйцүүлсэн нь  оновчтой, сонсголонтой болсон байна.

Хамтарсан хурлын тогтоолд  “ … анх 11-р (1921) онд ардын партизан цэргийг байгуулсан цагаас эхлэн удаа дараа байлдан тэмцэж туйлын их цусан гавъяаг байгуулснаар үл барам он удтал цэргийн удирдах тушаалыг хүлээж Ардын цэргийн зохион байгуулалтыг бэхжүүлэн өргөтгөж цэргийн байлдааны ба техникийн хийгээд улс төрийн сүр хүчийг удирдан зузаатгаж энэ 15 жилийн дотор ба одоо хүртэл тус улсыг гадаад, дотоодын дайсан самуунаас батлан хамгаалах цэргийн хэрэгт олон гавьяатайгаар зүтгэж буй нөхдөд зохих алдар цолыг сайшаан шагнаж олгох нь чухал” гэж энэ цолыг чухам ямар гавъяаг үнэлэн олгохыг заасан байдаг.

БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид ба Ардын Сайд нарын Зөвлөлийн 1936 оны хоёрдугаар сарын 21-нд хамтарсан ХIV хурлаас “БНМАУ-ын өрлөг жанжин”  буюу маршал цолыг Ерөнхий сайдын орлогч, Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин Гэлэгдоржийн Дэмид, Ерөнхий сайдын орлогч Хорлоогийн Чойбалсан нарт шагнан олгожээ. Харин 1979 онд БНМАУын маршал цолыг АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Юмжаагийн Цэдэнбалд олгосон байна.

Ю.Цэдэнбалд олгосон Маршалын од

[засварлах | кодоор засварлах]

“Маршалын од” нь шижир алт бөгөөд тал бүр тийшээ цацарсан таван хошуу хэлбэртэй юм. Таван хошууны төв дунд төрийн сүлдийг цагаан алтаар товойлгож дүрсэлсэн байна.

Одны хошууд хооронд 5 ширхэг очир алмаазыг цагаан алтаар хүрээлж шигтгэсэн. 14.5 грамм цагаан алт, 54.1 грамм шар алт, 4.9 карат очир алмаз чулуу оржээ.

Алтан бэхэлгээгээр гурвалжин алтан сэнжтэй холбогдож, түүнээс төрийн далбааны өнгөтэй 3.5 см-ийн өргөн торгон туузаар сүвлэсэн байна.

Он: 1979

Жин: 80 гр, голч: 6 см