Баянзаг (Өөр нэр нь Улаан Эрэг) — Өмнөговь аймгийн Булган сумаас.[1] зүүн тийш Арц богд уулсын.[2] дагуух Говийн уулархаг бүст хамаарах уудам хөндийд орших шаварлаг хурдас бүхий газар. Палеонтологийн ховор олдворууд олдсон газар гэдгээрээ дэлхий дахинд алдаршсан. Мөн үлэг гүрвэлийн өндөг олноор олдсоноос гадна үлэг гүрвэлийн үүрийг дэлхийд анх удаа чухам эндээс олжээ. Үүнээс гадна велоцираптор болон бусад олон арван сүүн тэжээлтний үлдэгдэл олдсон.
Урдаас хойшоо чиглэлтэй сунаж тогтсон, өргөн нь 5 км, урт нь 8 км орчим. Монголчууд улаан элсэрхэг шаварлаг хөрс хатуурч тогтсон газрыг Цав гэдэг. Арай өндөрлөг газрыг нь Цонж гэдэг. Баянзагийн цонжнуудын өндөр нь 20-50 метр хүртэл байдаг. Тогтоцын хэлбэр дүрсийн байдлаараа нутгийнханд Ширээ шавар.[3], Тэмээ шавар.[4] гэх мэтээр нэрлэгддэг газрууд бий. Заг.[5] модон ойтой учраас Баянзаг гэж нэрлэгдсэн. Заг мод 2 метрээс илүү өндөр ургах нь ховор бөгөөд мөчир нь янз бүрийн байдлаар мурийж тахийж ургадгаараа онцлог. Хамгийн илчтэй мод учраас говийнхон “Ургаа нүүрс” гэж нэрлэдэг
Баянзагийн.[6] орчинд эртний хүмүүс амьдарч байсныг нотлох эд өлгийн зүйл нэлээд олджээ. Судлаачид одоогоос 40 Мянган жилийн өмнө хүмүүс амьдарч байсан гэдгийг тогтоожээ. Мөн Баянзагийн өмнөд хэсгээс 60-80 cая жилийн өмнө амьдарч байсан аварга том үлэг гүрвэлийн яс, өндөг бүтнээрээ олдсон нь дэлхийд шуугийн тарьсан. 1922 онд АНУ.[7]-ийн судлаач Рой Чапмен Эндрюсийн[8] баг анх удаа үлэг гүрвэлийн 10-15 орчим см өндөг олсон. Энэ олдвор нь үлэг гүрвэл өндөг төрүүлдэг гэдгийг хүн төрөлхтөнд мэдүүлсэн анхны баталгаа бүхий олдвор болсон билээ.
Англи хэл дээрх ном зохиолд Flaming Cliffs («Галт хясаа») гэдэг нэр зонхилдог бөгөөд 1920-иод онуудад Америкийн Байгалийн түүхийн музейн зохион байгуулсан Төв Азийн экспедицийг ахлан энд ирсэн палеонтологич Рой Чапмен Эндрюс хадан хясааны тод улбар өнгөөр өгсөн нэр юм. Уг өнгө нь ялангуяа нар жаргах үед онцгой тодордог. Өөрөөр хэлбэл, Баянзагийн улаан шаварлаг хөрс нь оройн наранд асаж буй улаан гал шиг харагддаг учраас энэхүү нэрийг авчээ.
Заг их ургадаг учраас Баянзаг нэрийг авчээ. Мөн нутгийнхан Ширээ шавар, Тэмээн шавар, Улалзах цонж[9] гэхчлэн нэрлэх нь бий бөгөөд Төв Азийн экспедицийнхний баримт материалд Шавар ус гэсэн байдаг.
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос баруун урагш 550, Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос баруун хойш 110, Булган сумын төвөөс зүүн тийш 18 километрт, Арц богд уулын хөндийд оршино. 1920-иод онд ирсэн америкчууд Баянзагийн суурин хэмээн нэрийдсэн бөгөөд Төв Азийн III экспедицийн тайланд "...Баянзагийн суурин нь Хятадын Хаалган хотоос баруун хойш 600 километрт, Ховд орох замын дагууд оршино" хэмээн тэмдэглэжээ.
Өмнө нь палеонтологчид овирапторыг протоцератопс зэрэг бусад үлэг гүрвэлийн өндгийг хулгайлж дардаг байсан хэмээн үздэг байжээ. Баянзагаас олдсон өндгийг протоцераптосынх гэж үзсэн нь үнэн хэрэгтээ овирапторынх байв.
Солбицол: 44°08′18.66″N 103°43′40.02″E / 44.1385167°N 103.7277833°E