Бизъяагийн Дашгай (1935 оны 1 сарын 5-нд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд төрсөн) нь Монголын цаначин, биатлонч. 1964 оны Инсбрукийн олимп, 1968 оны Греноблийн олимпод эх орноо төлөөлөн оролцож явсан.
Дашгай 1954 оноос цэргийн алба хааж, 1966-1970 онд Улсын багшийн их сургуульд суралцаж биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжил эзэмшсэн.
Тэрбээр 1958-1968 онд улсын шигшээ багийн тамирчин, 1970-1978 онд Батлан хамгаалах яам, Алдар нийгэмлэгт цанын дасгалжуулагч, мэргэжилтэн, 1978-1989 онд Барилгын цэргийн удирдах газар офицер, Биеийн тамирын дарга, штабын даргаар ажиллаж байгаад дэд хурандаа цолтой тэтгэвэртээ суусан.
Б. Дашгай гүйлтийн цанын улсын 8 удаагийн аварга, Монголын Бүх Ард Түмний Спартакиадын 5 удаагийн аварга, биатлоны улсын 4 удаагийн аварга тамирчин юм.