Ганболдын Болор (1976 онд төрсөн) -Монгол улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт, бэтгэлийн газрын дарга. 2022 оны 3-р сард Монгол Улсынхаа анхны эмэгтэй генерал болсон. Г.Болор нь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд штабын офицероор хоёр удаа, НҮБ-ын төв штабын удирдах албан тушаалд Монгол Улсаас анх удаа томилогдон ажилласан бөгөөд улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах бодлогыг хэрэгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан шилдэг алба хаагч юм.
1994 онд Нийслэлийн 10 жилийн 33 дугаар дунд сургуулийг төгссөн.
1994-1999 онд Батлан хамгаалахын их сургууль. Цахилгаан холбооны инженер, командын офицер;
2000-2001 онд ШУТИС-ийн Холбоо мэдээллийн сургууль. Программист; (оройн анги)
2003- 2006 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль. Англи хэлний багш, орчуулагч;
2007 онд АНУ-ын Техас муж дахь Батлан хамгаалах хэлний хүрээлэн. Англи хэлний багш;
2008 онд Батлан хамгаалахын их сургууль. Техникийн ухааны магистр;
2011-2012 онд АНУ-ын Алабама муж дахь Агаарын цэргийн команд штабын коллеж;
2015 онд ХБНГУ-ын Гармиш хот дахь Олон улсын аюулгүй байдлын төв, Цэрэг, стратегийн аюулгүй байдлын дамжаа;
2018 онд АНУ-ын Хавай муж дахь Олон улсын аюулгүй байдлын төв, Олон улсын аюулгүй байдлын дамжаа;
2019- 2021 онд Өндөр хөгжилтэй оронд Дайны коллеж. Олон улсын харилцаа, цэргийн стратеги судлалын магистр;
1999-2003 онд ЗХЖШ-ын Тооцоолох төвд Электроник инженер;
2003-2007 онд БХИС-ийн Холбооны тэнхимд багш;
2007-2010 онд БХИС-ийн Гадаад хэлний сургалтын төвийн дарга;
2011-2013 онд Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалын Холбооны албаны дарга;
2014-2015 онд БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газарт ахлах мэргэжилтэн;
2017-2019 онд ҮБХИС-ийн Цэргийн нэгдсэн сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээний албаны дарга;
2021 оноос ҮБХИС-ийн Сургалтын хэлтсийн дарга;
2022 оны 3-р сараас ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга.
2009-2010 онд Чад Улс, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс. НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “MINURCAT” ажиллагаа. Хүчний штабт хүний нөөцийн мэргэжилтэн;
2013-2014 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс. НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаа. Хүчний штабт Холбооны хэлтсийн дарга;
2015-2016 онд АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв штабын Энхийг сахиулах ажиллагааны газарт мэргэжилтэн;
2016-2017 онд АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв штабын Энхийг сахиулах ажиллагааны газарт ахлах мэргэжилтэн.
Түүний ажлын амжилт, Зэвсэгт хүчний шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь төр засаг, гадаадын мэргэжлийн байгууллагууд өндрөөр үнэлж, “Цэргийн хүндэт медаль”, “Энхийн төлөө” медаль, “Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль”, “Эх орны төлөө II, III” медаль, “Дайчин алдар I, II, III” медаль, “Африкт энхийн төлөө” дурсгалын медаль, НҮБ-ын “Энхийн төлөө” медалиар 3 удаа, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгээр тус тус шагнаж урамшуулсан байна.