Годан[1] (1206-1247/1251)- Чингис хааны ач хүү бөгөөд Өгэдэй хааны хоёрдугаар хүү юм. Өгэдэй хааны Дөргэнэ хатнаас 1206 онд төрсөн байна Гүюг хааны дүү юм.
1235-1239 оны хооронд Өмнөд Сүн улстай хийсэн дайнд оролцсон. 1240 онд Доорта дархан-ы хамт 30,000 их цэргээр Төвдийн нутагт довтлон орж хараат болгож байв. Улмаар Ганьсу, Хөх нуур орчимд төвлөрөн сууж цэрэг захирчээ. 1247 онд Сажагийн Гунгаажалцан ламтай Ганьсу мужид уулзаж байлаа. Рашид ад-Дины "Судрын чуулган"-д Годаныг Дөргэнэ хатны явуулгаар Фатимад хорлогдсон гэж бичжээ. Харин Шар тууж тэргүүтэй XVII-XIX зууны монгол сурвалжуудад түүнийг дөчин зургаанаа гахай жилээ нөгчвэй гэж бичсэн байх аж. Энэ нь 1251 онтой таардаг. Ийм учраас 1247, 1251 оны аль нэгэнд нь хорлогдсон гэх таамаг байдаг болно.