Хадмал | |
---|---|
Монгол үсгээр | |
монгол кирилл. | горлос |
Горлос нь Монголын эртний нэгэн аймаг юм. Горлос гэдэг үг нь Горлод (Хурлут) гэдэг хувилбартай. Зарим эрдэмтэн Горлос нь Хорь Түмэдтэй холбоотой овог хэмээн үздэг. Хори нь Хорилас, Хорилад, Хорлус, Горлод гэж хувирсан байх гэсэн таамаг дэвшүүлжээ.
Монголын Дарлигины бүлэгт багтаж явсан, эртний овог аймаг болно. Тэд XII зууны эхээр Хонгирад, Ихэрэс, Элжигэн аймагтай зах нийлж Хянган уулын баруун этгээдээр нутаглаж, хожим энэ отог Хамаг Монгол аймгийн Хадаан тайш, Хотул хан нарын захиргаанд явжээ. XII зууны эцсээр Тэмүжин, Жамуха нарын өрсөлдөөний үеээр заримдаа Тэмүжинг дагаж заримдаа Жамухаг дагалдан нэлээд зөрчил будилаантай замыг туулжээ. Тэмүжин, Жамуха хоёр хагацсаны дараа Горлос аймгаас Сэчэгүр ирж Тэмүжинг дагасан байна. Харин Горлос аймгийн Цогс Цагаан 1201 онд Жамухаг Гүр хаан өргөмжлөх ёслолд оролцож Чингис хаантай байлдаж явжээ. 1203 онд болсон Хүйтэний байлдаанаас хойш Горлос аймаг бүрэн ялагдаж Чингис хааны эрхшээлд орсон байна. 1206 онд Их Монгол Улс байгуулагдсаны дараа Горлос аймгийн Сэчэгүрийг мянгатын ноёнд өргөмжилж нэг бүлэг Горлосыг захируулсан бөгөөд Өэлүн эхэд хувь хүртээсэн түмэн өрхийн гурван мянган өрх нь Горлос, Олхонудаас бүрэлдэж байжээ. Бас зарим нь Хавт Хасарын мэдэлд орсон байна. Энэ бүлэг иргэн хожим нь Манж Чин улсын үед Жирэмийн чуулганы Горлосын хоёр хошуу болов. Хавт Хасарын хойчис Бумба Илдэний үед Хорчины ахлагч Уубатай хамт Манжийг дагасанд Эеэр засагчийн 5-р онд (1648) Бумба Илдэнийг засаг, улсын түшээ гүн өргөмжилж Горлосын өмнөд хошууг захируулж Нон мөрөн, Сунгари голын уулзварын баруун хөвөөнд нутаг зааж өгчээ. Тэнгэрийн сэцэний 9-р он (1637) Гүмүд засаг улсын туслагч гүн хэргэм соёрхож, Горлосын хойд хошууг захируулан Хунтүн мөрний хойд эрэг Нон мөрний зүүн эрэг дагуу нутаг зааж байршуулжээ.
Горлосын өмнөд хошуу нь одоо БНХАУ 1952 онд Гирин мужийн баруун хойд хэсэгт байрлаж буй Горлосын өмнөд хошууг Өмнөд Горлосын Монгол үндэстний өөртөө засах шянь (Хятад: 前郭尔罗斯蒙古族自治县 Qián’guō'ěrluósī Měnggǔzú Zìzhìxiàn) болгоод Хармөрөн мужийн баруун өмнө хэсэгт байрлаж буй Горлосын хойд хошууг Зуу Юань шянь (Хятад: 肇源县 Zhàoyuán Xiàn; Англи: Zhaoyuan County) болгожээ.[1]