Дэлгэрхангай сум

Дэлгэрхангай сум
ᠳᠡᠯᠭᠡᠷᠬᠠᠩᠭ᠋ᠠᠢᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Дундговь
Газар нутаг
  Нийт6,209 км2 (2,397 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 2,225
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Дэлгэрхангай нь Дундговь аймгийн сум юм. Дэлгэрхангай гэсэн сумын нэр нь Дэлгэрхангай уулын нэр бөгөөд далайн төвшинөөс дээш 1926 м өндөр өргөгдсөн байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн нутгийн ард олны хүндэлж биширч явдаг хайрхан юм.

Дэлгэрхангай уулыг эрт цагт Инэл хан уул гэдэг байж. Инэл гэдэг нь энгүй их, маш их, их юмны таг гэсэн утгатай үг. Дэлгэрхангай уулын яг орой дээр хэвлий /хэвтэш/ маягийн томоос том талбай байдаг. Түүнийг Алтан тэвш гэж нэрлэдэг. Дэлгэрхангайн энгэр биед “Тэвш”-ийн хэмээх салбар жижиг уул буй. Түүний Шүүт /Хөшөөт гэсэн үг байж болох/-ын амны зүүн хярд онцгой нууц хонхорт нэгэн том булш бий. Тэр хярын дэргэдүүр “Хүрээ зам” гэдэг нэртэй замтай. Булшнаас зүүн тийш орших бэсрэг хярын орой дээр нэгэн цооног агуй /нүх/ байх бөгөөд доогуураа булштай холбогддог гэсэн яриа байдаг. Дэлгэрхангай уулын лус савдаг нь 20-иод метр урт, ханцуйтай гарын чинээ бvдvvн том могой Тэвшийн ууланд байдаг гэж хуучилдаг. Дэлгэрхангай уул төв халхын есөн их хан уулын гол дунд оршдог бөгөөд их эрт төрийн тахилгатай болсон юм. Нийслэлийн ойролцоох Богд уул л гэхэд бүр сүүлд 1778 онд, Отгонтэнгэр 1779 онд, Хэнтий хан 1818 онд төрийн тахилгатай болсон гэдэг. Дэлгэрхангай уулыг тахихдаа баатар хүний хөө хуяг, илд мэс, эрхэм хvний хувцас чимэг, суудал ширээ, хэрэгсэл зэргийг өргөдөг байсан тухай брагри ёнзон Дамцагдоржийн “Их газрын эзэн Дэлгэрхангай уулын сан тахилга тус амгалангийн хурыг буулгагч” хэмээх сударт өгүүлсэн байдаг. Дэлгэрхангай уулын ар хөндийд жилийн жилд олон мянган адуу отроор нутагладаг Онгон хэмээн газар бий. Дэлгэрхангай уулыг 2006 оноос эхлэн аймгийн тахилагатай уул болгон тахиж ирсэн билээ.

Хошуу үүссэн түүх, ноёд

[засварлах | кодоор засварлах]

Чингис хааны 15 дахь үеийн ач Батмөнх даян сэцэн хаан өөрийн отгон хүү Гэрсэнз жалайр хунтайждаа Халх Монголыг өвлүүлэн үлдээсэн бөгөөд Гэрсэнж жалайр хунтайж өөрийн 7 хүүдээ захирч байсан Халхын 13 отог албатаа 7 хувааж өгөөд түүнийгээ хошуу гэж нэрлэснээр Халхын 7 хошуу үүсчээ. Түүнйи нэг нь Дэлгэрхангай уулын энгэр "Мөнх хашаат" гэдэг газар нэгэн үе төвлөж байсан Говь түшээт гүний хошуу бол Манжийн Энх Амгалангийн 32 (1693) онд байгуулагдсан бөгөөд язгуур үүсгэгч нь засаг тэргүүн зэрэг тайж Лидэр, тамга нь "Халхын умар замын зүүн гарын умард хошуу захирагчийн тамга" үсэгтэй байжээ. Үүнээс хойш 9 удаагийн хошуу засаг ноён угсаа залгамжлан суусан бөгөөд тэдгээрийг нэрлэвэл:

  1. Ванчиг (Энх Амгалангийн үед)
  2. Дашпил (Энх Амгалангийн үед)
  3. Дэчиняринпил (Тэнгэрийг тэтгэсний 43 онд)
  4. Сономваанчиг (Түгээмэл элбэгтийн 58 онд)
  5. Балдардорж (Төр гэрэлтийн 17 онд)
  6. Цэрэндорж (Бадаргуултын 2 онд)
  7. Гааданбал (Бадаргуултын 17 онд)
  8. Чагдаржав (Ча ноён) (Бадаргуултын 22 онд)
  9. Лхамсүрэн (Жаал ноён) (Олноо өргөгдсөний 5 он буюу 1915 онд)

Манж Чин улсын дарлалаас ангижирч, тусгаар улсаа байгуулахаар эвлэлдэн нэгдсэн Монголын ихэс дээдэс, хутагт хувилгаад 1911 оны намар Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газар гэдгийг байгуулжээ. Уг газрын /Түр засгийн газар-Ч.Б/ даргаар Түшээ гүн Г.Чагдаржавыг томилсон. Чагдаржав нь 1869 оны орчим Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошууны /одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сум/ засаг Түшээ гүн Гааданбал ноёны хүү болон төрсөн. 1897 онд эцгээсээ угсаа залгамжлан засаг түшээ гүн /хошуу ноён/ болсон тэрээр 1900 оноос Түшээт хан аймгийн чуулганы дэд дарга, 1909 оноос чуулганы дарга болжээ. 1911 оны Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг санаачлан нууцаар удирдан зохицуулагч гол зургаан хүний нэг нь Чагдаржав байв. Тиймээс Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсыг тунхаглан, төрийн яамдыг байгуулахад Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэх яамны анхны тэргүүн сайдаар томилогдон ажиллаж байв. Түшээт чин ван Чагдаржав 1915 оны Хиагтын гурван улсын хэлэлцээрийн дараа буюу 1915 оны долдугаар сарын 16-нд бусдад хорлогдон нас нөгчсөн байдаг.

Ар Монгол Манжийн дарлалд орох үед манжууд Ар монголыг анх 7 хошуунд хуваасаны нэг нь Говь түшээ гүний хошуу юм. Хошууг Боржигон овгийн Тулуйн удмын ноёд үе улиран захирч байсан бөгөөд хошууны ноён нь голчлон Дэлгэрхангай уулын ар, Онги голын саваар нутагладаг байжээ. Дэлгэрхангай сумын нутагт Хошуу хуралын хийдийн туурь байдаг ба тус хийд нь хошуу тамгийн газартай буюу Хошуу ноёны нутагладаг нутагтай ойр байсан тул ардууд ингэж нэрлэсэн бололтой. Хошуу хуралын хийд нь Онгийн голын 3 хийдийн нэг юм. Онгийн голын 3 хийд нь Говь түшээ гүний хошууны боловсрол, соёл, оюун санааны төв болж байв. Хошуу ноёны нутагладаг газар нь тухайн үедээ хошуу нутгийн улс төр, эдийн засаг оюун санааны төв болж хөгжиж байсан нь эндээс харагдана.

Говь түшээ гүний хошууны түүхэн газар нутаг нь тухайн үеийн хошуунууд дундаа хамгийн том газар нутагтай хошуу байсныг илтгэнэ. Одоогийн Өмнөговь аймгийн зүүн талын ихэнх нутаг буюу Номгон, Баян-Овоо, Булган, Ханхонгор, Мандал-Овоо, Цогт-Овоо, Цогт-цэций сумын нутаг дэвсгэр бүхэлдээ Манлай, Ханбогд сумдын баруун хэсэг Дундговь аймгийн Дэлгэрхангай, Хулд, Луус, Сайхан-Овоо, Эрдэнэ далай, Өлзийт сумдын нутаг бүхэлдээ, Адаацаг, Сайнцагаан, Гурвансайхан сумдын нутгийн баруун хэсэг Өвөрхангай аймгийн говийн сумд болох Төгрөг, Баянгол, Сант, Баян-өндөр сумдын ихэнх хэсэг, Төв аймгийн Дэлгэрхаан, Бүрэн сумдын урд хэсгийн газар нутаг алдарт Говь түшээ гүний нутагт хамаарч байв. Манжийн хааны Ар халхад явуулсан хорт бодлого нь монголчуудыг аль болох олон нэгжид хуваан хагаралдуулахад оршиж байсан учир хошууны тоог улам бүр нэмэгдүүлж байжээ. Энэ бодлогын үр дүнд говь түшээ гүний хошууны газар нутаг улам бүр хумигдсаар Богд хаант монгол улсын үе хүрсэн бололтой.

Ардын засаг тогтсоны дараа Хошууны нэрийг өөрчлөн Дэлгэрхангай уулын хошуу болгон засаг захиргааны шинэ нэгж болгов. Үүний дараа удаа дараалан Дэлгэрхангай уулын хошууг жижиглэн хуваасан ба ойролцоогоор 20 орчим сум болгон хуваажээ. Энэ нь монгол улсын Засаг захиргааны хуучин нэгжийг үндсээр нь устгах, хагалан бутаргах зорилготой Орос ах нарын шууд заавраар хийгдсэн ажил байв. Үүний үр дүнд монгол улс маш богино хугацаанд манжийн дарлалд байснаас илүү олон засаг захиргааны нэгжид хуваагдсан. 1931 онд Өмнөговь аймгийг шинээр байгуулсан байна. Одоогийн Өмнөговь аймгийн төвийг Дэлгэрхангай сумын нутаг Дэрсэн ус хэмээх газраас 1931 онд нүүлгэн одоогийн Даланзадгадад суурьшуулсан байна. Олон удаагийн Засаг захиргааны нэгжийн өөрчлөлтийг удаа дараа явуулж байсан бөгөөд тэр өөрчлөлт бүрт Дэлгэрхангай Засаг захиргааны нэгжийн хувьд хохирч асар том газар нутаг бүхий монголын ууган хошууyнаас одоогийн Дэлгэрхангай сум болон газар нутаг нь багасч жижгэрсээр байжээ. 1941 онд Дундговь аймаг байгуулагдаж Өмнөговь аймгийн 8 сумыг шинээр байгуулагдсан аймагт хамааруулсанд Дэлгэрхангай сум оржээ. Одоогийн Өмнөговь болон Дундговь аймгийн нийт газар нутгийн 50 гаруй хувь нь Хуучнаар Говь Түшээ гүний хошуунд харъяалагдаж байснаас харахад тус хошуу хичнээн том хошуу байсан нь ойлгогдоно.

Алдар гавьяатан

[засварлах | кодоор засварлах]

Улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтэнд онцгой гавъяа байгуулж явсан Ням-Очирын Өлзийноров гүн, партизан, МАХН-ын Төв Хорооны Гишүүн агсан Дооровын Дашзэвэг, Партизан, МАХН-ын Төв Хорооны орлогч тэргүүлэгч гишүүн агсан Чимэдийн Раднаабазар, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, ууган хилчдийн нэг Халтарын Мадриг, Лхамын Даваажав зэрэг олон түүхт хүмүүс энэ суманд төрж өссөн бөгөөд эдгээрээс улсын алдар цолтой заримыг нь цухас дурьдвал:

Монгол улсын Баатар
  1. Улсын баатар Жигмэдийн Сэрээтэр (1922)
  2. Хөдөлмөрийн баатар, тракторч-комбайнч Доржийн Баттөр (1961)
  3. Хөдөлмөрийн баатар, малчин Жигмэдийн Жагварал (1968)
  4. Гавъяат жүжигчин (1961), Ардын жүжигчин (1977), Хөдөлмөрийн баатар (2006) Гонгорын Хайдав
Монгол улсын Төрийн соёрхолт
  1. Төрийн шагналт (1975), Ардын уран зохиолч (1997) Сормууниршийн Дашдооров
  2. Урлагийн гавъяат зүтгэлтэн (1971), Төрийн шагналт (1985) кино зураглаач Ойдовын Уртнасан
  3. Төрийн шагналт, зохиолч Дарма Батбаяр (1998)
Монгол улсын Ардын цолтон
  1. Гавъяат жүжигчин (1961), Ардын жүжигчин (1977), Хөдөлмөрийн баатар (2006) Гонгорын Хайдав
  2. Төрийн шагналт (1975), Ардын уран зохиолч (1997) Сормууниршийн Дашдооров
  3. Урлагийн гавъяат зүтгэлтэн (1964), Ардын зураач Цэрэнжавын Доржпалам
Монгол улсын Гавъяатнууд
  1. Гавъяат алдарт зохиолч, яруу найрагч Сономбалжирын Буяннэмэх (1935)
  2. Урлагийн гавъяат зүтгэлтэн (1964), Ардын зураач Цэрэнжавын Доржпалам
  3. Хүний гавъяат эмч Будын Хас (1971 - Ардын зураач Ц. Доржпаламын төрсөн ах)
  4. Гавъяат жүжигчин, балетчин Юндэндоогийн Цэрмаа (1973)
  5. Гавъяат жүжигчин, дуурийн дууч Пүрэвийн Цэвэлсүрэн (1976 - Ардын элч киноны Ариунаа)
  6. Гавъяат жүжигчин, дуурийн дууч, туслах найруулагч Гонгорын Батсүх (1976 - Морьтой ч болоосой киноны Гончиг)
  7. Гавъяат жүжигчин, дуучин Жавзмаагийн Нансалмаа (1990 - Морины)
  8. Гавъяат жүжигчин, алиалагч Дамбын Батсүх (1996 - Циркийн)
  9. Гавъяат тээвэрчин Юндэнгийн Идэрчулуун (2004 - Монголын төмөр замын ахмад ажилтан)
  10. Гавъяат жүжигчин Цэндийн Цэнд-Аюуш (2008 - Нийслэл хүү киноны Ягаан Гажид)
  11. Гавъяат жүжигчин, уртын дууч Сосорбурамын Цогтсайхан (2016)
  12. Соёлын тэргүүний ажилтан, дуучин Эрдэнэсүрэнгийн Төрмандах