Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Дээл /ᠳᠡᠪᠡᠯ нь (буриадаар дэгэл / ᠳᠡᠭᠡᠯ) олон мянган жилийн түүхтэй Монголчуудын үндэсний хувцасны нэг юм. Аливаа улс үндэстэн, ард түмний чухал дурсгал нь үндэсний хувцас мөн бөгөөд хүний нийгмийн түүх олон жилээр тасралтгүй үргэлжлэн хувьсан өөрчлөгдөж, хүний өмссөн хувцас ч хөгжлийнхээ явцад тухайн цаг үеийнхээ нийгэм, соёл шинжлэх ухаан, техникийн хөгжил зэргийн нөлөөнөөс хамааран олон өвөрмөц хэв маяг хэлбэр донжийг бүрдүүлэн бий болгож эцсийн хувилбараа олсон байдаг.
Дээл гэсэн үгний учрыг тайлбарлавал, монгол бичигт “ᠳᠡᠪᠡᠯ”(Дэбэл), ойрадын аялгад “дэвэл”, буриад аялгад “дэгэл, дэглэй”, халх өвөрлөгчийн аялгад “дээл”, монгол хэлэнд “диээр” гэж байгаа нь монгол эртний урт эгшиг үүссэн зүй тогтолтой холбох бөгөөд энэ үгийг язгуур “дэв, дэб” нь ”дэвших, дээгүүр, дээр” гэсэн утга ойролцоо “дээгүүр нөмөрдөг юм” гэсэн агуулгатай.
Дээлтэй монгол охин |
Наадмын талбай дахь дээлтэй монгол залуус |
Хүн төрөлхтний соёл иргэншилд Монгол угсаатны оруулсан үнэт зүйлсийн нэг бол монгол хувцасны соёл мөн билээ. Энэ соёл монгол угсаатан төв азийн өндөрлөг дээр үүсэн бүрэлдэж эхэлсэн олон мянган жилийн тэртээгээс улбаатай бөгөөд МЭӨ II зуунаас төр улсаа байгуулан хүчирхэгжин мандсан Хүннү гүрний үед Монгол үндэсний хувцасны нийтлэг шинж төрх цэгцэрч бүрэлдсэнийг судалгаа шинжилгээний үр дүн харуулж байгаа билээ. Монгол үндэсний хувцас нь манай орны цаг уурын нөхцөл болон дөрвөн улирлын байдалд зохицсон дөрвөн цагийн гол хувцас болох дээл юм.
Монгол дээл хувцасны хөгжил түүхэн замналаас товч дурьдвал монголчуудын хувцасны нэн эртний дурсгал нь шинэ чулуун зэвсгийн үе, хүрэл, төмрийн үеийн судлалын олдвороос мэдэгдэх бөгөөд угсаатны өвөрмөц янз маягийг олсон нь манай эриний өмнөх цагийн монгол овогтны өвөг дээдэс болох Хүннү нарын үед хамаарагддаг. Хүннү нарын хувцас нь монгол орны эрс тэрс уур амьсгалд зохицсон, мал аж ахуй эрхлэж нүүдэллэн аж төрдөг нөхцөлтэй ихэд уялдсан хэлбэр маягтай байжээ. Хүннү нарын хувцасны зүйлс, монгол газар бүхий Хүннүгийн булшнаас биетээр олдсон байдаг. Тэрхүү сонин дурсгалыг агуулсан булш нь Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байгаа Ноён уулын булш юм. Эндээс олдсон хувцасны зүйл Хүннү нарын хувцасны байдал төлвийг харуулж байгаа юм. Олдворын дотор углаж өмсдөг, минжэн эмжээртэй, бачуу ханцуйтай, хоёр мөр болон ар голоор нь ангийн үс хадсан, углаа захны ирмэгийг бөс минжээр эмжсэн хувцас байсан байна. Дээлний урт нь 1,17 м, өргөн нь ханцуйны хамт 1,94 м болно. Энэ дээлийг бөө удганы юмуу язгууртны өмсдөг хувцас байсан байх гэж судлаачид үздэг.
Асар уудам газар нутагтай бэлчээрийн мал аж ахуй, ан гөрөө эрхэлдэг нүүдэлчин Монголчууд цөөн хүн амтай орны хөрс газар тариалан эрхлэхэд төдийлөн тохиромжгүй тул хэрэгцээний бөс бараа, торго дурдан, тариа будаагаа зэргэлдээ орших суурин омог аймгуудаас авдаг. Заримдаа худалдааны хэлцэлээр бараа солилцооны маягаар, яриа хэлэлцээрээр бүтэхгүй үед дайрч дээрэмдэн авдаг байсан тухай түүхэнд тэмдэглэсэн байдаг. Дайнч, моринд гарамгай монголчуудын хувцас хүний хөдөлгөөнд бүрэн зохицсон, тайван цагт ч, дайн тулааны үед ч өөрчлөгдөхөөргүй хэв загвартай, салхи хаасан битүү энгэртэй, гар даарахгүй нударгатай дээл, морин дээр удаан явахад биед түшигтэй өргөн бүс, урт өмд, өвдөг хүрсэн урт түрийтэй гутал сэлтээс бүтэж байв.
Эртний монгол нийт хүмүүсийн дээл нь зөв энгэртэй, энгэр нь дөрвөлжин мөөрөлжин байсан бөгөөд дээхэн үедээ бүдүүн цэмбэ, арьсан дээл өмсдөг байснаа хожим гадны бөс торгомсог, алт хатгамалсан торгомсог дээл өмсдөг болжээ. Дээлний өнгө нь их төлөв улаан, ягаан, гүн улаан, ногоон байхын сацуу голчлон нар, сар, луу, гарьдын дүрс, цэцгэн хээтэй байсан аж. Дээлнийхээ солгой талд оноо хийж, баруун гар талдаа гурав, зүүн гар талдаа нэг товч хаддаг байсан байна. Ядуу хүмүүс нь өвөл цагт нохой ямааны арьсаар, чадуу нь үнэгний арьсаар дах хийж өмсдөг байсан ба хаад ихэс нь булга хэрмэн дахтай байв.
XIII-XIV зууны үеийн монголчуудын хувцасны хэв маягийг тэр цагийн Перс, Нангиад европ сурвалжийн зураг сэлт эртний судлалын биет хэрэглэгдэхүүн болон монголоор зорчсон элч жуулчдын тэмдэглэлд “Монголын нууц товчоо”, “Судрын чуулган”, “Юан улсын судар” зэрэг сурвалж зохиолын мэдээ, баримтад дурдсаныг баримжаалан мэдэж болно. Монгол гүрний их хаад Мөнх 1252 онд, Хубилай хаан 1275 онд тайлга ёслолын хувцасны дүрэм хуулийг удаа дараа гарган тогтоосон бөгөөд чингэхдээ хуучин хэлбэрийг хэвээр авч, чимгийг маш их болгосон байна.
Монгол дээлийг аймаг угсаатны ялгарах онцлогоор нь дараах байдлаар ангилдаг.
Үүнд:
Монгол дээл урдуураа битүү зөрдөг энгэртэй байдаг нь өврөөр салхи оруулахгүй ба бүсэлж юм өвөртлөхөд зохилдсон байдаг. Мөн дээлний нударга нь гар хамгаалах болон ямар нэг зүйл барих жийрэг болдог. Хүннү нарын хувцасны дурсгал болоод эртний зургийн дүрснээс үзвэл тэдний дээл нь их төлөв урдуураа хагархай дөрвөлжин буюу солгой энгэртэй байсан бололтой. Энэхүү солгой энгэр нь нийт нүүдэлчин аймгуудад дэлгэрч байгаад хожим монгол угсаатных зөв, түрэг овогтных нь буруу энгэртэй болсон байна.