Жаргалан сум

Жаргалан сум
ᠵᠢᠷᠭᠠᠯᠠᠩᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Говь-Алтай
Байгуулагдсан1924 он
Газар нутаг
  Нийт3,683 км2 (1,422 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 1,839
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Жаргалан нь Говь-Алтай аймгийн сум юм. Сумын төв нь аймгийн төв Алтай хотоос хойш 90 км орчим зайд байдаг. Сумын баруун талд нь Хасагт хайрхан уул, хойд хэсгээр нь Жаргалан уул байдаг бөгөөд говь, хангай хосолсон нутаг юм. Улаанбаатар хотоос 1130 км зайд орших Жаргалан сум нь 368 ам км газар нутагтай сум юм. 2023 оны байдлаар энэ суманд 2785 хүн оршин сууж байгаа ажээ.

Хуучнаар Засагт хан аймгийн Үйзэн гүний хошуу бөгөөд 1924 оны 6-р сарын 5–ны өдрийн Хантайшир-Уулын аймгийн Мөнх–Өлзий дэлгэр Уулын хошууны иргэдийн анхдугаар хурлаар байгуулагджээ. Энэ хурлаар тус хошуунд Батбуянт-Уулын сум, Жаргалан-Уулын сум гэсэн 2 суманд өрх 249, гэр – 10, баг 6 харгалзуулан зохион байгуулжээ. Хожим нь дээрх 2 сум нэгдэн 1924 оны сүүлээр Жаргалан сумыг байгуулсан түүхтэй.

Социализмын үед Батнайрамдал нэгдэл үйл ажиллагаа явуулдаг байсан.

Сумын газар нутгийн баруун захаас зүүн захын цэг хүртэл шулуун шугамаар 85 км, хойноос өмнөд цэг хүртэл 83 км байдаг ажээ. Тус сум нь баруун хойд талаараа Говь-Алтай аймгийн Шарга, Баян-Уул, зүүн талаараа Завхан аймгийн Алдархаан, Цагаан хайрхан, Цагаан чулуут, Говь-Алтай аймгийн Тайшир сумтай хиллэдэг.

Засаг захиргааны хувьд 3 багт хуваагдана. Нэгдүгээр баг нь Бүрэн. Сумын төвөөс зүүн хойшоо 28 километрийн зайд байдаг. Хоёрдугаар баг нь Тээл. Сумын төвөөс баруун тийш. Гуравдугаар баг нь Завхан гол орчим сумын төвөөс урагш 10 километрийн зайд байдаг. Далайн түвшнээс дээш 1000-1500 м өргөгдсөн уулын хэв шинжид хамаарагдах, Хасагт хайрхан уул нь далайн түвшнээс 3000-3400 т орчим өндөр өргөгдсөн.

Жаргалан сумын нутгийн уур амьсгал нь Их нууруудын хотгорын уур амьсгалтай салшгүй холбоотой эрс тэс юм. Уур амьсгалын үндсэн шинж нь гандуу дулаан зун, хахир хүйтэн өвөлтэй.