Хууль эрх зүйн хэлбэр | Үүрэн холбооны оператор |
---|---|
Үүсгэн байгуулагдсан | 1996.03.18 |
Төв байр | MПМ оффис, ЮНЕСКО гудамж 28, Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Улаанбаатар, Монгол Улс |
Удирдах хүмүүс | Күрүшима Кожи (Гүйцэтгэх захирал) |
Цахим хуудас | www.mobicom.mn |
Мобиком Корпораци ХХК (Mobicom Corporation LLC ) нь Монголын үүрэн холбооны тэргүүлэгч оператор компани юм. Өдгөө Монгол орон даяар 80 үйлчилгээний салбар, 8000 гаруй агент болон гэрээт борлуулагчдаараа дамжуулан 1,7 сая хэрэглэгчид харилцаа холбооны үйлчилгээг хүргэж байна. Түүнчлэн Apple, Samsung, Huawei, Honor, ZTE брэндийн гар утас болон дагалдах хэрэгслийн худалдаа, албан ёсны эрхтэй баталгаат засварын үйлчилгээг үзүүлдэг.
Бид, Мобиком групп нь хамт олон, тэдний гэр бүлийн сайн сайхан болон оюунлаг сэтгэлгээний хөгжил дэвшлийг дэмжиж, хэрэглэгчид, түншүүдтэйгээ сэтгэлд хоногшсон дурсамжуудыг хамтдаа бүтээж, бизнесийн шинэлэг арга барилаар итгэл дүүрэн, тэгш нийгмийг цогцлоох үйлсийг манлайлна.
Бид тасралтгүй шинэчлэлээр хамтын үнэ цэнийг бүтээж, хүн бүрийн ИТГЭЛТ ХАМТРАГЧ байх болно.
1996 оны 3-р сарын 18-нд Монголын Newcom Group, Японы Sumitomo, KDDI групп компаниуд Мобиком Корпорацийг хамтран үүсгэн байгуулж, Монголд үүрэн холбооны үйлчилгээг эхлүүлж байв. Үүсгэн байгуулагдсанаасаа хойш өнөөг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй тэлж, 1700 ажилтантай, 6 охин компанитай групп болон өргөжиж, үүрэн холбооноос гадна улс хоорондын холбоо, өндөр хурдны интернэт, цахим төлбөрийн шийдэл, сансрын холбоо, дата төв, ОТТ технологид суурилсан контент болон видео стриминг үйлчилгээ, сүлжээний дэд бүтэц, дижитал контент зэрэг харилцаа холбоо, мэдээллийн технологийн цогц үйлчилгээг байгууллага болон хувь хэрэглэгчдэд хүргэж байна.
1996 онд GSM технологид суурилсан үүрэн холбооны үйлчилгээг KDDI корпораци, Ньюком групп болон Sumitomo корпорацийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод анхлан нэвтрүүлсэн. 1997 онд Дархан, Эрдэнэт хотод сүлжээгээ нэвтрүүлж, орон нутгийн анхны салбаруудаа нээж үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Мөн онд “Мобикарт” урдчилсан төлбөрт үйлчилгээг нэвтрүүлснээр хэрэглэгчийн тоо огцом өсөв.
2001 онд “Мобинет” интернэтийн үйлчилгээг хүргэж, байгууллагын хэрэглэгчийн зах зээл рүү үйл ажиллагаагаа тэлсэн бөгөөд 2002 онд Улаанбаатараас Баян-Өлгий, Өмнөговь хүртэл нийт 2160 км урттай тоон радио-релейний шугам байгуулж, баруун болон говийн аймгууд руу үйлчилгээгээ тэлэв. 2005 онд GPRS, MMS үйлчилгээнүүдийг нэвтрүүлснээр хэрэглэгчид гар утаснаасаа интернетэд холбогдох боломжтой болсон бөгөөд мөн үйлчилгээний нэгдсэн төв TEDY-г байгуулав.
2006 онд Мобиком Корпораци залуучуудад зориулсан “Be…” брэндийг зах зээлд хамгийн анх нэвтрүүллээ. 2009 онд хэрэглэгчийн тоо 1,000,000 хүрч зах зээлд байр сууриа баталгаажуулан, компанийнхаа үнэ цэнийг нэмэгдүүлэхээр брэндийн шинэчлэл хийжээ. 2011 онд Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 болон мэдээллийн аюулгүй байдлын ISO 27001 стандартуудыг амжилттай нэвтрүүлэв.
2012 онд Ажлын байрны эрүүл ахуй, аюулгүй байдлын ISO 45001 стандартыг нэвтрүүлэв. Apple компанийн бүтээгдэхүүнийг борлуулах албан ёсны эрхийг 2014 онд анхлан авснаар тус брэндийн гар утас, дагалдах хэрэгслийг монголчуудад санал болгож эхэлсэн. 2016 онд дараа үеийн хөдөлгөөнт холбооны 4G LTE үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэв.
2018 онд интернэтийн транзит үйлчилгээг эхлүүлснээс гадна олон улсын TIER III ангиллын дата төвийг байгууллаа. Үндэсний төлбөрийн шийдэл “Monpay” брэндийг 2020 онд зах зээлд нэвтрүүлж, финтекийн салбарт үйл ажиллагаа тэлсэн. Мөн VOO үйлчилгээг гаргаснаар ТВ-ийн зах зээлд эзлэх байр сууриа бэхжүүлэв.
Мобиком групп нь сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан харилцаа холбоо, санхүү, контент, мэдээ зэрэг үйлчилгээг үзүүлж, хэрэглэгчид, түншүүдийнхээ хамтаар нийгэмдээ үнэ цэнэ бүтээсээр байна. 2021 ICT экспо дээр 5G сүлжээг анх удаа асаасан. Мөн Эрхэм зорилго, Алсын хараа, Үнэт зүйлсийг шинээр тодорхойлж, брэндийн шинэчлэл хийсэн. Хэрэглэгчдэдээ хүргэж байгаа бүтээгдхүүн үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахаар Agile багуудыг 2023 оноос байгуулан, орчин үеийн арга барилаар ажиллаж эхэлсэн. 2024 онд Улаанбаатар, Эрдэнэтийн тодорхой байршилд Мобикомын хэрэглэгчид дараа үеийн 5G сүлжээний радио давтамжийн туршилтыг хийсэн.
Мобиком Корпораци нь 2011 онд Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008 стандарт, 2012 онд Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 27001:2005 стандартыг хэрэгжүүлэн нэвтрүүлсэн. Олон улсын стандартчиллын байгууллагаас (ISO) Мобиком Корпорацид Олон улсын чанарын менежментийн сертификатыг дахин олгов. Мобиком Корпорацийн ISO 9001:2008 гэрчилгээ 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дахин 3 жилийн хугацаатайгаар сунгагдаж байна.
Мобиком Корпораци нь 2024 оны 8-р сард Мэдээллийн Аюулгүй Байдлын Менежментийн Тогтолцооны олон улсын шинэчлэгдсэн ISO 27001:2022 стандартыг нэвтрүүлж, Герман улсад төвтэй DOS компаниас магадлан итгэмжлэгдсэн гэрчилгээгээ хүлээн авсан. Мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO/IEC 27001:2022 стандартыг нэвтрүүлсэн.
Мобиком Корпораци ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа нийгэмдээ үлэмж өгөөж өгөх, үлгэр дуурайлал үзүүлэх, урт хугацаанд үнэ цэн бүтээх төслүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Тухайлбал, хүүхэд хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгаль хамгаалал зэрэг тогтвортой хөгжлийн төсөл хөтөлбөрүүдэд 27 тэрбум төгрөгийг (7.89 сая ам.доллар) зарцуулжээ. Тэр дундаа хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд суралцах, чанартай боловсрол эзэмших, тэгш хөгжих боломжоор хангахад онцгойлон анхаарч ажилладаг.
"Үдийн цай" жишиг төслийг анх 2006 онд Улаанбаатар хотын захын дүүргийн 12 сургуулийн 1, 2 дугаар ангийн 3,334 сурагчийг хамруулан хэрэгжүүлсэн. Энэ төсөл хэрэгжсэнээр сурагчдын хичээл таслалт, хоцролт 100 хувь арилж, мөн тэдний өвчлөлт эрс буурсан төдийгүй хичээлийн идэвх, оролцооны хувь нэмэгдсэн гэсэн дүгнэлт гарчээ. Төслийн хэрэгжилт үр дүн нийгэм, олон нийтийн дэмжлэг талархлыг хүлээж, тухайн үеийн Засгийн газар, БСШУЯ 2007 оны хичээлийн жилээс эхлэн орон даяар бага, дунд ангийн сурагчдад "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан байна.
Уг төслийг Дэлхийн Зөн Монгол ОУБ-тай хамтран санаачилж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрын дэмжлэгтэйгээр 2014 оны 6-р сарын 1-нээс эхлэн 3 ээлжээр 24 цагийн турш хүүхэд залуус, тэдний эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд сэтгэл зүй, сургалт, лавлах үйлчилгээ, яаралтай тусламж гэх мэт олон төрлийн үйлчилгээг тасралтгүй хүргэдэг болсон байна. Монгол орны аль ч өнцгөөс ямар ч утаснаас хүүхдүүд огт үнэ төлбөргүйгээр 108 дугаарт залган тусламж хүсэх боломжтой болсон байна.
2014 оны 12-р сард алслагдмал аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудын ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжуудыг сайжруулах зорилгоор Говь-Алтай, Ховд аймгуудын нийт 6 сумд уг төслийг хэрэгжүүлсэн. Ингэснээр нийт сургуулийн насны 3800 хүүхдэд цэвэр усны хангамжтай, халуун хүйтэн устай, бохирын шугамд холбосон, цахилгаан халаалттай ариун цэврийн байгууламжуудыг ашиглах боломжтой болсон юм.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш, ажилтнуудын эрүүл мэндийг дэмжихээр энэхүү төслийг хэрэгжүүлж, Улаанбаатар, орон нутгийн 110 сургуульд ус цэвэршүүлэгч байршуулсан. Үүний дүнд орон даяар 200,000 хүүхэд эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усыг хүссэн үедээ хэрэглэж боломжтой боллоо.
Цар тахлын үед сурагчдад цахимаар суралцах боломжийг олгох зорилгоор Мобиком Корпораци ХХК-иас санаачлан хэрэгжүүлсэн “Smart Education” төсөл дөрвөн жил үргэлжилж, 2024 оны байдлаар нийт 14 сургуулийн 27,000 сурагчид хүрч, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна.
“Smart Education 1 & 2” төсөл нь 2021, 2022 онд буюу цар тахлын үеэр сурагчдын онлайнаар суралцах боломжийг нь дэмжихээр хэрэгжсэн. Гэрэл цахилгаангүй, интернэтгүйн улмаас хүүхдүүд цахим хичээлээс хоцрогдох эрсдэлээс сэргийлэн зорилтот бүлгийн хүүхдүүд гар утас, нэг жилийн дата эрх бэлэглэснээр энэхүү төсөл эхэлсэн. Төсөлд орон даяар 21 аймаг 9 дүүргийн нийт 3320 хүүхэд төсөлд хамрагдсан.
2023 оноос төсөл өргөжиж, дижитал танхимын консепт руу шилжсэн бөгөөд орон нутаг, Улаанбаатарын 8 сургуулийг сонгож, өндөр хурдны интернэт, зөөврийн компьютер, дижитал самбар, VR төхөөрөмж, интерактив хичээл бүхий иж бүрэн дижитал танхим тохижуулсан.
Одоо Монгол орны өнцөг булан бүрд 27,000 сурагч дижитал ангид хичээллэж байна.
“Smart Education” төслийн хүрээнд дижитал танхим байгуулснаар сурагчдын байгалийн ухааны хичээлийн үнэлгээ өмнөх онтой харьцуулахад 24%-иар өсжээ.
Ногоон, тогтвортой ирээдүйн төлөө хувь нэмрээ оруулах, тэр дундаа хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор Мобиком групп 2017 оноос эхлэн эрчим хүчний хэмнэлтийн үйл ажиллагааг шат дараатай хэрэгжүүлж ирсэн. Энэ чиглэлд байгальд ээлтэй, дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр чамгүй ахиц дэвшилд хүрээд буй. Тухайлбал, нарны цахилгаан үүсгүүртэй 8-22 кВт чадал бүхий бие даасан 220 байршлын бааз станцын эрчим хүчийг нарны эх үүсвэрээр хангаж байна. Мөн цахилгаан болон нарны эрчим хүчний хосолсон шийдлээр 6 байршлын бааз станцын эрчим хүчний хэрэглээг зохицуулж байгаа юм. Түүнчлэн 10 кВт-ын нарны цахилгаан үүсгүүртэй нэг дата төв, 18.6 кВт-ын нарны цахилгаан үүсгүүртэй бас нэг дата төвийг ашиглалтад оруулсан. Үүнээс гадна цахилгаан эрчим хүчний оргил ачааллын хэрэглээг бууруулах, мөн зөөврийн болон пассив барилгын технологи зэрэг инновацад тулгуурласан шийдлүүдийг нэвтрүүлсээр байна. Эдгээр арга хэмжээний үр дүнд Мобиком групп нийт 4.86 ГВт.ц эрчим хүч хэмнэж, 3368 тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулжээ. Энэ нь жилд 1000 гаруй автомашиныг замын хөдөлгөөнөөс хассантай тэнцэх хэмжээний эерэг нөлөө үзүүлсэн гэсэн үг юм. Цаашид Мобиком групп 2050 он гэхэд үйл ажиллагаанаасаа ялгаруулж буй хүлэмжийн хийн 0 хэмжээнд хүргэх зорилт тавиад буй.