Монгол-Америкийн харилцаа — Монгол ба АНУ хоорондын хоёр талт харилцаа.
1987 оны 1-р сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг АНУ хүлээн зөвшөөрч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жорж Шульц, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Гэндэнгийн Нямдоо нар хоёр улсын хооронд "Дипломат харилцаа тогтоох тухай харилцан ойлголцлын Санамж бичиг"-т гарын үсэг зурж албан ёсоор Дипломат харилцаа тогтоожээ.
Улмаар жилийн дараа 1988 оны 4-р сарын 17-нд Улаанбаатар хотноо АНУ-ын Элчин сайдын яам, 1989 оны 3-р сард Вашингтон хотноо Монгол Улсын Элчин сайдын яам албан ёсоор тус тус нээгдэж хоёр талын харилцаа идэвжиж иржээ.
Монгол улсын хувьд АНУ-тай харилцах харилцаа нь "Гуравдагч хөрш"-ийн бодлогод суурилсан маш чухал харилцаа юм. Энэ харилцаа нь стратегийн нийтлэг эрх ашиг, ардчиллын үнэт зүйлс, сайн засаглал, бүрэн эрхт байдал болон хүний эрхийг дээдлэх зарчмуудад тулгуурлан хөгжсөөр ирсэн байна. 2019 оны 8-р сард Ерөнхийлөгч Х.Баттулгын хийсэн айлчлалын үеэр манай улстай стратегийн түншлэл бүхий тав дахь улс нь АНУ болсон юм. Өмнө нь Монгол Улс ОХУ, БНХАУ, Япон, Энэтхэг гэсэн 4 улстай стратегийн түншлэлийн харилцаатай юм.
Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департаментын хооронд жил бүр зохион байгуулдаг хоёр талын зөвлөлдөх уулзалт нь хоёр тал, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар байр сууриа солилцож, ойрын хугацааны зорилтуудыг хэлэлцэх үр дүнтэй механизм болоод байна.
Хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа ялангуяа Монгол Улсын батлан хамгаалах салбарын шинэчлэл, мэргэжлийн зэвсэгт хүчнийг бэхжүүлэх, энхийг сахиулах хүчний чадавхийг дээшлүүлэх чиглэлээр амжилттай хөгжиж байна.
2020 оны байдлаар АНУ-д 19,170 монгол иргэн амьдардаг[1] аж.
19-р зуунд хэдий дипломат харилцаа тогтоогоогүй байсан ч америкийн худалдаачид, судлаачид Монгол улсад аялж эхэлж байжээ. Монгол Улс 20-р зууны эхэн үеэс эхлэн АНУ-тай дипломат харилцаа тогтоох оролдлого хийж байсан. Тухайлбал, Богд хааны (тухайн үеийн Монгол Улсын хаан) Засгийн газар 1913, 1914 онд Санкт-Петербург, Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яамаар дамжуулан албан ёсны харилцаа тогтоох саналыг тавьж байжээ. 1921 онд Монгол Улс (Ардын хувьсгалын дараа) мөн дипломат харилцаа тогтоох саналаа дахин тавьж байсан.
АНУ-аас Монголд хийсэн анхны өндөр түвшний айлчлал бол 1944 онд АНУ-ын дэд Ерөнхийлөгч Хэнри Эгард Уоллесын айлчлал юм. Тухайн үед АНУ-ын Монголын талаарх ойлголт, Монгол дахь нөлөө ч бага байжээ. Ийм үед 1944 оны 7 дугаар сарын хоёронд Дэд Ерөнхийлөгч Уоллес Монгол Улсад онгоцоор ирсэн байна. Түүнийг онгоцны буудал дээр БНМАУ-ын Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсан[2] угтжээ. Энэ айлчлал нь Монголын түүхэнд ийм өндөр зэрэглэлийн зочин айлчилсан анхны тохиолдол болсон юм. Америкийн төлөөлөгчид Улсын Их Сургууль, Гандан хийд, Биокомбинат, Бөмбөгөр Ногоон театр зэрэг олон газраар зочилсон байна. Америк, Монгол хоёр тал эрүүл мэнд, боловсрол, ажлын байрны асуудлын талаар ярилцсан бөгөөд Монголын хөгжил түүнд маш их сэтгэгдэл төрүүлсэн байна. Дэд Ерөнхийлөгч Уоллесын айлчлал нь америкчууд Монголын тухай ойлголттой болоход их хувь нэмэр оруулсан юм. Тэрээр Монголын тухай “Гадаад Монголд эрүүл мэндийн дэвшил, цэргийн бэлэн байдал, үндэсний ухааны хангалттай баталгаа байна. Зөвлөлтийн нөлөө их нь эргэлзээгүй боловч улс төр, засаг захиргааны хяналт чадварлаг монгол хүмүүсийн гарт байна. Хятадын нөлөөлөл дахин сэргэх нь бодит бус зүйл гэж харж байна. Харин дайны дараа магадгүй, Өвөр Монголтой нэгдэх тухай ухуулга гарч болох юм” хэмээн бичсэн байна.
БНМАУ НҮБ-д 1961 онд элссэнээс хойш АНУ-ын Ерөнхийлөгч Кеннеди, Жонсон, Никсон болон Картерын эрх барьж байх үед Монгол улсын Элч төлөөлөгчидтэй албан бус ярилцлагаар дамжуулан Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх талаар хэд хэдэн удаа хэлэлцсэн боловч БНМАУ нь ЗХУ-ын хараат байдалд байсан болон үзэл суртлын саад тотгороос шалтгаалан бүтээгүй юм.
Сүүлд 1990 оны хавар Монгол Улсын анхны Ерөнхий сайд Д.Бямбасүрэн АНУ-д анх удаа айлчилж, мөн оны 8-р сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер Монгол Улсад албан ёсоор айлчилжээ.
2022 оны 1-р сард хоёр орны хооронд Дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Ж.Байден нар захидал солилцож, мэндчилгээ дэвшүүлсэн байна. Үүнд:
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээндээ “Гучин таван жил гэдэг хугацаа богино мэт боловч хоёр талын хүч чармайлтын дүнд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйт ёс, ил тод, нээлттэй байдал зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан идэвхтэй өргөжин хөгжиж, эдүгээ Стратегийн түншлэлийн түвшинд хүрээд байгааг тэмдэглэхэд нэн таатай байна… АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш бөгөөд эдүгээ Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн хоёр улсын энэхүү ойр дотно түншлэлийг цаашид улам бүр бататган бэхжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахдаа баяртай байна” гэж тэмдэглэсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден мэндчилгээндээ “АНУ нь Монгол Улсын Стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш байдгаараа бахархдаг, АНУ нь Монгол Улсын ардчилсан тогтолцоогоо бэхжүүлэх, эрх зүйт ёсыг баримтлах болон эдийн засгаа төрөлжүүлэхэд чиглэгдсэн хүч чармайлтыг тууштай дэмжихээ илэрхийлье… Бид ирээдүйгээ төсөөлөхдөө Монгол Улсыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дэлхий дахинаа эрүүл мэндийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг өргөнөөр ашиглах, эдийн засгийн тогтвортой бөгөөд тэгш өсөлтийг хангахад нэн чухал түнш орон гэж үзэж байна” хэмээжээ.
# | Нэр | Үе |
---|---|---|
1 | Гэндэнгийн Нямдоо | 1989.05.11-1991.10.01 |
2 | Лувсандоржийн Даваагив | 1991.11.25-1995.09.27 |
3 | Жалбуугийн Чойнхор | 1995.12.15-2003.02.07 |
4 | Равдангийн Болд | 2003.02.26-2008.04.02 |
5 | Хасбазарын Бэхбат | 2008.04.09-2013.01.08 |
6 | Булгаагийн Алтангэрэл | 2013.01.14-2018.03.23 |
7 | Ёндонгийн Отгонбаяр | 2018.03.28-2021.01. |
8 | Өлзийдэлгэрийн Батбаяр | 2021- |
# | Нэр | Уугуул нэр | Үе |
---|---|---|---|
1 | Ричард Уилямс | Richard Llewellyn Williams | 1988-1991 он |
2 | Жозэф Лэйк | Joseph Edward Lake | 1991-1993 он |
3 | Дональд Жонсон | Donald C. Johnson | 1993-1996 он |
4 | Левилен Хежбэт (Түр хамаарагч) | Llewellyn Hedgbeth | 1996-1997 он |
5 | Альфонс Ф. Ла Порта | Alphonse F. La Porta | 1997-2000 он |
6 | Жон Дингер | John R. Dinger | 2000-2003 он |
7 | Памэла Слуц | Pamela J. H. Slutz | 2003-2006 он |
8 | Марк Минтон | Mark C. Minton | 2006-2009 |
9 | Жонотан Эделтон | Jonathan Addleton | 2009-2012 он |
10 | Пайпер Кемпбел | Piper Anne Wind Campbell | 2012-2015 он |
11 | Женифер Галт | Jennifer Zimdahl Galt | 2015-2017 он |
12 | Майкл Клечески | Michael S. Klecheski | 2019-2022 он |
13 | Ричард Ли Буанган | Richard Lee Buangan | 2022 оноос |