Манжийн Найман хошуу (манж хэл: ᠵᠠᡴᡡᠨ ᡤᡡᠰᠠ; галиг: jakun gusa) хэмээх нь Чин гүрний манж, монгол, хятад угсаатнаас бүрдсэн найман туг бүхий цэрэг-иргэний шинжтэй зохион байгуулалтыг хэлнэ. Манжийн анхны хаан Нурхачи баатар 1615 онд өөрийн захиргааны шар, цагаан, улаан, хөх өнгөт дөрвөн хошуу цэргийн хүчээ найм болгож хуваахдаа дөрвөн өнгөт туг бүрийг хөвөөтэй болгоод, хошуу тус бүрийг нь ван ноёдоор удирдуулж эхэлснээр манжийн найман хошууы түүх эхэлсэн. Тэдгээр найман хошуу тус бүрдээ туг хиураар ялгарч, дээд доод зэрэгд хуваагдаж байснаас тус хошуу нь дээд зэргийн хошуу болж байв. Дээд зэрэглэлийн хошуунд Хөвөөт шар, Шулуун шар, Шулуун цагаан гэх гурван хошуу багтаж, Манжийн эзэн хаанд шууд захирагдаж байлаа. Нурхач, Дээд эрдэмт хоёр хааны үед эзэн хаанд зөвхөн хоёр шар хошуу захирагдаж байснаа, Эеэр засагч хааны үеэс эхлээд Доргоны захиргаанд байсан шулуун цагаан хошууг хааны мэдэлд шилжүүлж, эзэн хаадын аюулгүй байдлыг баталгаажуулжээ. Эдгээр гурван хошууны цэрэг жанжид нь манжийн эзэн хаан, түүний орд өргөө, эзэмшилийг хамгаалж байлаа. Манжууд 1636 онд Өвөр Монголыг эзэлсний дараа Монгол найман хошуу (сүүлд Цахар найман хошууг нэмж байгуулсан) байгуулж, 1644 оноос Хятадыг байлдан дагуулж эхэлснээр Хятад найман хошуу байгуулжээ. Манж, монгол, хятад найман хошууг нийтэд нь хорин дөрвөн хошуу хэмээж байв. Анх Нурхач хааны үед 5 сум нийлж нэг залан (1500 гаруй цэрэг) болно. 5 залан нийлж 1 хошуу цэрэг (7500 гаруй цэрэг) болж байсан ч, Чин гүрний дунд үеэс эхлэн 15 сум нэгдэж 1 залан (4500 цэрэг) болно. 4 залан нийлж 1 хошуу (18000 цэрэг) болж байв.
Дайчин гүрнийг оршин тогтнох хугацаанд дараах найман тугтай хошуу байсан.
Хошууны нэр | Хошууны туг хиур | Манжаар | Нэгж | Хошууны эзэн | Харъяат ван ноёд |
---|---|---|---|---|---|
Шулуун шар хошуу | ᡴᡠᠪᡠᡥᡝ ᠰᡠᠸᠠᠶᠠᠨ ᡤᡡᠰᠠ kubuhe suwayan gūsa | 86 сум, 2 хондого сум, 30,000 цэрэг | Манжийн хаан | ||
Хөвөөт шар хошуу | ᡤᡠᠯᡠ ᠰᡠᠸᠠᠶᠠᠨ ᡤᡡᠰᠠ gulu suwayan gūsa | 92 сум, 2 хондого сум, 32000 цэрэг | |||
Шулуун цагаан хошуу | ᡤᡠᠯᡠ ᡧᠠᠩᡤᡳᠶᠠᠨ ᡤᡡᠰᠠ gulu šanggiyan gūsa | 86 сум, 30,000 гаруй цэрэг | |||
Шулуун улаан хошуу | ᡤᡠᠯᡠ ᡶᡠᠯᡤᡳᠶᠠᠨ ᡤᡡᠰᠠ gulu fulgiyan gūsa | 86 сум, 26000 цэрэг | Хошой Ли чин ван | Шүньчэн жүн ван | |
Хөвөөт улаан хошуу | ᡴᡠᠪᡠᡥᡝ ᡶᡠᠯᡤᡳᠶᠠᠨ ᡤᡡᠰᠠ kubuhe fulgiyan gūsa | 86 сум, 28000 цэрэг | Хошой Кэцинь жүн ван | Жуан чин ван | |
Хөвөөт цагаан хошуу | ᡴᡠᠪᡠᡥᡝ ᡧᠠᠩᡤᡳᠶᠠᠨ ᡤᡡᠰᠠ kubuhe šanggiyan gūsa | 84 сум, 26000 цэрэг | Хошой Сү чин ван | Чүнь чин ван | |
Шулуун хөх хошуу | ᡤᡠᠯᡠ ᠯᠠᠮᡠᠨ ᡤᡡᠰᠠ gulu lamun gūsa | 83 сум, 11 хондого сум, 27000 цэрэг | Хошой Юй чин ван | Руй чин ван И чин ван | |
Хөвөөт хөх хошуу | ᡴᡠᠪᡠᡥᡝ ᠯᠠᠮᡠᠨ ᡤᡡᠰᠠ kubuhe lamun gūsa | 87 сум, 1 хондого сум, 28000 цэрэг | Хошой Жөн чин ван | Гун чин ван Цинь чин ван |