Рашаант сум
ᠷᠠᠰᠢᠶ᠋ᠠᠨᠲᠤᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | ![]() |
Аймаг | ![]() |
Сумын төв | Улааншивээт |
Газар нутаг | |
• Нийт | 1,012 км2 (391 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▲ 3,204 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Рашаант сум нь Булган аймгийн хамгийн урд үзүүрийн сум юм. 1984 онд байгуулагдсан, 4 багтай. Сумын төв Улааншивээт нь аймгийн төвөөс 190 км, нийслэл Улаанбаатараас 258 км зайд оршино. Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн бэлгэдэл болгон 1982 онд Сансар САА-г байгуулж, түүнийг түшиглэн сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн төрсөн газар “Рашаант”-аар нэрлэсэн сум байгуулах тухай БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлиг 1984 оны 9 сарын 12-ны өдөр гарч байсан түүхтэй. Хүмүүст "Сансар" сангийн аж ахуйн нэрээрээ илүүтэй танил болсон.
Тус сум нь Хөгнө хан, Хар чулуут, Улаан шивээт, Аргал хайрхан зэрэг 4 багийн 950 өрхийн 3168 хүн амтай.
Үндэсний хөгжлийн газраас гаргадаг "Сумдын өрсөлдөх чадварын индексээр" Монгол Улсын 330 сумаас 16 дугаар байрт шалгарч байсан. БНМАУ-ын үед байгуулагдсан хамгийн отгон сум юм.
Сумын төсвийн нийт орлого нь 213.8 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1116.9 сая төгрөг, сумын өөрийн орлого 104.8 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1117.3 сая төгрөг байна. Нийт зардлын 63 хувь нь цалин, 8.6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 6.6 хувийг урсгал шилжүүлэг, 21.8 хувийг нь бусад зардал эзэлж байна.
Сумын хэмжээнд нийт 33 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж, 6.7 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аймагт 109.0 сая, орон нутагт 104.8 сая, нийт 213.8 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.
Сумын хэмжээгээр нийт 159,960 мянган мал тоологдсоноос тэмээ 265, адуу 11,583, үхэр 7,039, хонь 83,146, ямаа 57,927 толгой байна. Аймгийн хэмжээнд тэмээний тоо толгойгоороо нэгд ордог.
Жилд 13 га талбайд төмс хүнсний ногоо тариалж, дунджаар 70 тонн төмс хүнсний ногоо хураан авч байна.
Хөгнө хан (1969 м), Салхит овоо (1571 м), Рашаант (1971), Өлзийт (1684), Их аргал (1683) уулс тус сумын нутагт оршино. Дөрвөн аймгийн таван сумтай хил залган оршино.
Тахилт нуур, Хунт нуур, Хөдөө нуур зэрэг үзэсгэлэнт нууруудад хун, тоодог, тогоруу, хар галуу, ангир зэрэг усны шувууд зусдаг.
Сумын баруун хэсэгт Жаргалант, Тарнын хөндий, зүүн талаар Бадын хөндий, хойгуур Аргалын хөндий байна. Тарнын гол, Савангийн гол нутгийн хил болж урсдаг. Сумын нутагт Хөгнө тарна байгалийн цогцолборт газрын хэсэг байх бөгөөд үзэсгэлэнт Хөгнө хан уул, Элсэн тасархай, түүнийг дагасан аялал жуулчлалын отог газар олон байна. Тус сумын нутгийн баруун хэсгийг дайран гарах Их Монгол элс, домогт Элсэн тасархай сумын хойд хэсэгт зээглэн орших үзэсгэлэнт Хөгнө хан уул, 17-р зууны үеийн сүм хийдийн туурь, Түрэгийн үеийн хүн чулуу, Хадагт хошуу зэрэг түүх соёлын дурсгалт газрууд нь гадаад дотоодын аялагч жуулчдын анхаарлыг зүй ёсоор татдаг юм. Их элсийг хөвөөлөн тогтсон Тахилт нуур, Адуун нуур, Захын нуурын зэгсэн шугуй, Тарна, Саван, Бад, Шилүүстэй голууд, тэнд шумбан наадах түмэн хэлийн шувуудыг харан баясаж домогт элсэн тасархай болон Их Хөгнө Хан уулсын байц сүрлэг боржин аяны дөрөө мултлан саатаж, цэцэгсийн үнэрт хөдөөгийн агаараар амьсгалж буга, шилүүс, зэрлэг гахай, бор гөрөөс, үнэг, чоно зэрэг ан амьтдын “амьд музей” үзэж говь, байгаль эхийн уран тансгийг мэдрэх болно.
Чоно Аргал, янгир, буга, шилүүс, чоно, үнэг, хярс, тарвага, туулай зэрэг амьтадтай.
Хөгнө хан уул хус, улиас, хуш бүхий ой модтой, хайлаас, бургас, торлог, монос зэрэг модлог ургамлууд элбэг тохиолдох бөгөөд буйлс, шар харгана, алтан харгана, шар бургас, боролзгоно, дэрс зэрэг бутлаг ургамлын тархацтай. Эрт үеэс монголчуудын дунд Тарнын яргай гэж алдаршсан яргай, чаргай, яшилаас эхлэн бургас, монос, хайлаас, улиас, хус, хуш, хар мод хүртэл ургаж гандигар, нохойн хошуу, арц, юмдүүжин зэрэг эмийн зүйлийн ургамал, алаг цэцэгс найган, самар мойл жимс нь тус нутгийн үзэсгэлэнг улам нэмдэг юм.
Эх газрын хуурай уур амьсгалтай, нэгдүгээр сарын дундаж температур −19°С, долоодугаар сарынх +18°С байдаг. Жилийн хур тунадасны дундаж хэмжээ 250—300 мм.
Төмрийн хүдэр, шохойн чулуу, барилгын материалын нөөцтэй.
2010 оны Монгол Улсын хүн амын тооллогоор Рашаант суманд Монгол Улсын харьяат 3168 иргэн оршин сууж байсан.[1] Түүнээс 1-р "Хөгнө хан" багт 1285, 2-р "Хар чулуут" багт 1011, 3-р "Улаан шивээт" багт 532 "Аргалхайрхан" багт 340 гэж хуваагдан бүртгүүлжээ.[2]
Олон улсын шагнал
2021 он - Европын холбооны Хүний эрхийн шагнал - Б.Пүрэвсүрэн /Хуульч, өмгөөлөгч/
Улаанбаатараас Арвайхээр, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Увс, Ховд, Завхан, Баян-Өлгий хүрэх баруун бүсийн төв засмал зам сумын нутгаар дайрдаг.