Тэрс үзэлтэн (латин. dissidens "эсэргүүцэгч", англи. dissenter, орос. диссидент) -нийтээр албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн үзэл бодлоос зөрүүтэй өөр үзэл бодолтой бөгөөд түүнийгээ хамгаалдаг хүнийг хэлнэ. Ихэнхдээ тогтсон суртал, сургаалиас хувийн итгэл үнэмшил нь давамгайлж зөрчилддөг нь албан ёсны эрх баригчдын зүгээс тухайн тэрс үзэлтнийг хавчих, айлгах, хэлмэгдүүлэх бөгөөд амь насыг нь хөнөөхөд хүргэдэг байна.
16-17-р зууны Англид "тэрс үзэлтэн" буюу «диссентерууд» (англи. dissenters) " гэсэн нэр томъёог Английн албан ёсны сүмийг эсэргүүцдэг протестант бүлгүүдийн гишүүд болох пуританчууд, квакеруудыг нэрлэдэг байсан. Тэднийг мөн конформистууд гэж нэрлэдэг байв.
1960-аад оноос тэрс үзэлтнүүдийг ЗХУ болон Зүүн Европын орнуудад Зөвлөлт тогтолцоо, марксист-ленинист үзэл суртлын эсрэг хүч хэрэглэх аргаар тэмцэхийг оролдоогүй, харин ЗХУ-ын хууль тогтоомж, албан ёсоор тунхагласан үнэт зүйл зэргийн эсрэг уриалан дуудаж байсан сөрөг хүчний хөдөлгөөний төлөөлөл гэж нэрлэгдэж эхэлсэн. Энэ нэр томъёог эхлээд барууны орнуудад хэрэглэж байгаад дараа нь социалист гэх орнуудад дотооддоо хэрэглэж эхэлсэн байна.
Үүнээс хойш тэрс үзэлтнүүдийг ихэвчлэн авторитар ба тоталитар дэглэмийг эсэргүүцдэг хүмүүсийг нэрлэхдээ ихэвчлэн ашигладаг байсан ч энэ үгийг илүү өргөн хүрээнд, жишээлбэл, бүлгийнхээ давамгайлсан сэтгэхүйг эсэргүүцдэг хүмүүсийг хэлдэг болжээ. Тэрс үзэлтэн (хувьсгалчаас ялгаатай) тэмцлийн хүчирхийллийн аргыг ашигладаггүй, хүчирхийлэлийг уриалан дууддаггүй хүмүүс юм.