Хишигтэн (худам монгол: ᠬᠡᠰᠢᠭᠲᠡᠨ) цэрэг нь Монголын Эзэнт Гүрний их хаан болон түүний гэр бүлийн амь нас, орд өргөөг хамгаалж, өдөр тутмын үйлийг засагч торгон цэрэг байв. 15-17-р зуунд Монголын хааны өмч аймаг Цахарын шууд харьяанд Хишигтэн отог нэртэйгээр багтаж байсныг Даян хаан дунд хүү Очирболдод хувьлан өгснөөр түүний үр хүүхэд үе улиран залгамжлан захирсаар Чин улсад дагаар орохдоо Зуу-Удын чуулганд багтаж байсан.
Хишигтний үндсэн үүрэг нь хаан болон хатан, хан хөвүүд, бэхи авхай гүнж нарыг өдрийн болон шөнийн цагаар хамгаалж, тэдний идээ ундааг хариуцагчид юм. Тэднийг дотор нь гурав хуваадаг ба хэвтүүл хэмээх шөнийн харуул, хорчин хэмээх өдрийн манаа, турхаг хэмээх харваач цэрэг. Тэд энгийн цэргүүдээс ялгаатай ба тэдэнтэй хамт аян дайнд явдаггүй. Харин эзэн хаан дайнд мордсон нөхцөлд хааныг хамгаалж явна, хаан дайнд мордоогүй үед эх нутагтаа үүргээ гүйцэтгэж байсан. Хишигтний турхагийн ахлагчийг Чэрби, хорчны ахлагчийг Хорчи, хэвтүүлийн ахлагчийг Хэшиг гэхээс гадна, хааны орд өргөөд гүйцэтгэх алба үүргээс хамаарч илдэч, үүдэч, шонхорч, шүхэрч, буурч, бичээч, тэргэчин, нутагчин, улаач зэрэг албан тушаалыг гүйцэтгэж байсан.
Өрсөлдөгч Монгол овог аймгуудын удирдагчдын амь насанд халдах нь энгийн үзэгдэл байсан. Учир нь Монголын овог аймгууд байнгын урвалт зөрчилдөөн дунд байсан учир ихэс язгууртныг хамгаалж байсан нь маргаангүй. Монголын гэр нимгэн ханатай учраас шөнө дунд маш их эрсдэлтэй байдаг. Тиймээс илд болон жадаар ханыг хялбар нэвтлэн дотор байгаа хүнийг хөнөөх боломжтой байсан тул хаад ноёд хувийн хамгаалагч нартай байсан. Хэрэйдийн Тоорил хан, Хори Ширэмүн ноёноор захируулсан мянган турхаг хэмээх хамгаалагчтай байсан.[баримт хэрэгтэй]
Анхандаа Тэмүүжин ханы үед 70 турхаг, 80 хэвтүүл, Архай Хасарын захирсан мянган баатраас бүрдэж, далан турхагийг Өгэлэн чэрби ахлаж, Худус халчинтай зөвлөж байсан. 1206 онд Тэмүүжин хан Их Монгол Улсыг байгуулж, Чингис хаан цолд өргөмжлөгдсөний дараа шадар хамгаалагч цэргийг өргөтгөн байгуулахдаа аравт, зуут, мянгат, түмтийн ноёдын хөвүүд дүү нар болон бусад цэргийн дундаас бие сайтай шилдгийг сонгож, хишигтэн цэргийг байгуулсан.
Чингис хаан зарлиг буулгасан нь:
"Урьд би, наян хэвтүүл манаачтай, далан шадар хишигтэнтэй байв. Одоо мөнх тэнгэрийн өршөөлөөр, тэнгэр газрын ивээлээр хүч аугаа нэмэгдэж, гүр их улсыг хамтатгаж, ганц жолоондоо оруулсан тул одоо надад мянган шадар хишигтнийг ялгаж өг. Хэвтүүл, хорчин торгуудын хамт бүгд түмэн хүн болгож өгтүгэй! ... Миний хишигтнийг томилоход түмт, мянгат, зуутын ноёдын хөвүүд, сул хүний хөвүүдийн дотроос миний дэргэд тэнцэх билэг эрдэмтэй, бие сайтайг нь ялгаж оруултугай. Миний шадар цэрэгт орохдоо мянганы ноёдын хөвүүд, арван нөхөр, нэг дүүгээ дагуулж иртүгэй. Зууны ноёдын хөвүүд таван нөхөр, нэг дүүгээ дагуулж иртүгэй. Арваны ноёдын хөвүүд бас сул хүний хөвүүд, гурван нөхөр нэг дүүгээ дагуулж иртүгэй. Ингэхдээ тэд уг газраасаа уналга морио бэлтгэж иртүгэй. Миний шадар цэрэгт ирэх мянганы ноёдын хөвүүд арван нөхөд, хэрэглэх юмаа харьяат мянганы дотроос татаж авагтун. Эцгийн өгсөн хувь хишиг буюу өөрийн олсон зөөсөн морь, юм хэдий байвч, өмч хувиас ангид бидний заасан хэмжээгээр авч бэлтгэж иртүгэй. Зууны ноёдын хөвүүд, таван нөхөдтэй, арваны ноёд бас сул хүний хөвүүд, гурван нөхөдтэй, мөн өмч хувиас ангид мөн тэр ёсоор хэрэглэх морь, юмаа бэлтгэж иртүгэй!" гэж зарлиг болов. "Мянгат, зуут, аравтын ноёд олон хүн, бидний энэ зарлигийг сонсоод зөрчиж давбал чангалан шийтгэнэ. Бидний шадар цэрэгт орвол зохих хүн бултарч бидний дэргэд явахдаа бэрхшээвэл өөр хүнийг оруулаад түүнийг шийтгэж, эчнээ хол газар цөлье"[1]
Энэ ёсоор хишигтэн цэргийг байгуулж, 80 хэвтүүлийг 1000 хэвтүүл, 70 турхагийг 8000 турхаг болгож, 1000 хорчин болгож нэг түмэн болгон ахлагч ноёдыг томилов.
Чингис хааны үеийн хишигтэн | |||
---|---|---|---|
Хэвтүүл | Хорчи | Турхаг | |
Ахлагчид | |||
1 | Их Нэүрин ноён | Есүнтэй | Өгэлэн чэрби |
2 | Бүгидэй | Буха | |
3 | Хорхудаг | Алчидай | |
4 | Лаблаха | Додай чэрби | |
5 | Доголху чэрби | ||
6 | Чанай[2] | ||
7 | Ахудай | ||
8 | Архай Хасар | ||
Өгэдэй хааны үеийн хишигтэн | |||
Хэвтүүл | Хорчи | Турхаг | |
Ахлагчид | |||
1 | Хадаан ноён | Есүнтэй | Элжигдэй |
2 | Булхадар | Бүгидэй | Алчидай |
3 | Амал | Хорхудаг | Хонхордай |
4 | Чанар | Лаблаха | Тэмүдэр |
5 | Хадай | Чормаган | Жэхү |
6 | Хорихачар | Ширхан[3] | |
7 | Хараудар | Доголху чэрби | |
8 | Ялбаг | Мангудай |
Мянган хэвтүүл Их Нэүрин ноён захирч, мянган хорчиныг "дөрвөн ээлж болгон Зэлмийн хөвүүн Есүнтэй захирч, Түгэгийн хөвүүн Бүгидэй нөгөө ээлжийн хорчныг захирч, Хорхудаг гуравдугаар ээлжийн хорчныг захирч, Лаблаха дөрөвдүгээр ээлжийн хорчныг захирч"[1] бүх хорчныг Есөнтэгэ ахлах болов.
Найман мянган турхагийг хуваарилахдаа:
Хорчин: "Хорчин нар унд идээг түгээхдээ даргалсан хэвтүүлийн зөвшөөрөлгүйгээр тараан өгч үл болно. Идээг түгээхдээ урьдаар хэвтүүлээс эхлэн түгээтүгэй" гэв. "Орд гэрт орох гарах юмыг хэвтүүл эрхлэн мэдтүгэй. Гэрийн ойр үүдэнд хэвтүүлийн хаалгачин байтугай. Хэвтүүлийн хоёр хүн дотогш орж, их сөнг түшиж байтугай. Хэвтүүлээс нутаг эрэн үзэж орд гэрийг буулгатугай" гэв. Бидний шувуу авлахад хэвтүүл бидэнтэй хамт шувуу авлан явтугай. Гэр тэрэгний дэргэд заримыг цагийн байдлаар үлдээтүгэй"[4] гэв.
Хэвтүүл: Хэвтүүл, шөнө ордны орчим байж үүдийг харгалзаж, орохыг завдах хүний мөрийг мөлт цохиж, толгойг тоншин цавчиж хаятугай. Шөнө яаралтай мэдээ хүргэж хүн ирвэл урьдаар хэвтүүлд мэдэгдээд гэрийн ард хэвтүүлийн хамт байж, хэлэх үгээ гаднаас хэлэгтүн. Хэвтүүлийн суурь дээр хэн ч сууж үл болно. Хэвтүүлийн зөвшөөрөлгүйгээр хэн ч орж үл болно. Хэвтүүлийн дэргэдүүр хэн ч явж үл болно. "Ордны чэрбийн охид, гэрийн хүмүүс, тэмээчин үхэрчин нарыг хэвтүүл эрхлэн мэдэж, ордны гэр тэргийг бас мэдтүгэй. Туг, хэнгэрэг, дөрөө, жадыг хэвтүүл даргалтугай. Аяга савыг мөн хэвтүүл эрхэлтүгэй. Бидний унд идээг хэвтүүл даргалтугай. Тахилгын мах идээг хэвтүүл даргалж болготугай. Унд идээ хор хомс болбол даргалсан хэвтүүлээс шаардъя... Орд гэрт орох гарах юмыг хэвтүүл эрхлэн мэдтүгэй. Гэрийн ойр үүдэнд хэвтүүлийн хаалгачин байтугай. Хэвтүүлийн хоёр хүн дотогш орж, их сөнг түшиж байтугай. Хэвтүүлээс нутаг эрэн үзэж орд гэрийг буулгатугай... Бидний шувуу авлахад хэвтүүл бидэнтэй хамт шувуу авлан явтугай. Гэр тэрэгний дэргэд заримыг цагийн байдлаар үлдээтүгэй"[4]
Турхаг – тэд өдрийн хамгаалагчид бөгөөд тэд эзнийгээ дайнд ч өдөр тутмынх нь ажилд ч дагаж ойрхон явдаг.
Өдрийн цагт хорчин, турхаг тус бүрийн үүргээ гүйцэтгээд, наран шингэхэд хэвтүүлд үүргээ тушааж өгөөд хааны орд өргөөнөөс гарч хонож, өглөө хаан шөл идсэний дараа хааны орд өргөөнд орж, ажил үүргээ гүйцэтгэнэ. Шөнийн цагаар хэвтүүлийн дэргэдүүр явсан хүнийг хэвтүүл барьж хоноод өглөө байцаадаг байсан. Шөнийн цагаар хааны ордод мэдээ ирвэл урьдаар хэвтүүлд мэдэгдэж, хэвтүүлийн ахлагчтай уулзаж мэдүүлдэг байв. Хэвтүүлийн суурь дээр хэн ч сууж үл болно. Хэвтүүлийн зөвшөөрөлгүйгээр хэн ч орж үл болно. Хэвтүүлийн дэргэдүүр хэн ч явж үл болно. Хэвтүүлийн завсраар явж үл болно. Хэвтүүлийн тоог асууж үл болно. Хэвтүүлийн дэргэдүүр явсан хүнийг барьтугай. Хэвтүүлийн тоог асуусан хүний тэр өдрийн унасан эмээлтэй, хазаартай морийг, өмссөн бүрэн хувцсыг хэвтүүл автугай гэж зарлиг болов. Элжигэдэй итгэлтэй хүн боловч хэвтүүлийн дэргэдүүр үдэш явж баригдсан биш үү?[1]
Ээлжээ эхний удаа тасалбал 3 бэрээ занчиж, дахин тасалбал 7 удаа, гурав дахь удаа тасалбал 37 бэрээ занчаад, алс хол газар цөлнө.
Эзэнт улс маш хурдан өргөжихөд Чингис хааны угсаа залгамжлагч нар Зүрчид, Тангуд, Хятад, Кипчак, Гүрж, Армен, Алан, Солонгос, Итали, Оросын цэргүүдийг албанд татсан. Хааныг хамгаалагч хишигтэн цэргүүд нь монгол нутгийн хүмүүс байсан. Хааны угсаа залгамжлагч нар тэдгээрийг өвлөж аваагүй. Түүний оронд үхсэн хаадын хишигтэн цэргүүд нь гэр бүл болон гэрийн ажилд тусалдаг байсан.
Хубилай хааны үед 1264 оны 2 сард дараах зарлигийг буулгажээ:
"... Олон түшмэдийн хөвгүүд, дүү нарыг бараалхуулан ирүүлж турхаг цэрэг болгогтун. Түүний хууль нь түмт турхаг нэг, морь арав, үхэр анжис хоёр, тариа тарих хүн дөрөв, мянгатын одоо захирах цэрэг таван зуу эс бөгөөс таван зуугаас дээш нь турхаг нэг, морь зургаа, үхэр, анжис нэг, тариа тарих хүн хоёр... түмт, мянгатын хөвгүүд, дүү нарыг турхаг болгосон болбоос түүний эм, хөвгүүдийг авч ирнэ. Дагалдах хүнд тогтоосон тоог баримтлахгүй... Түмт, мянгатын ноёдын зарим нь төрсөн хөвгүүнгүй, зарим нь төрсөн хөвгүүнтэй боловч нас балчир болбоос дүү ба ач нараар орлуулж, төрсөн хөвгүүн арван таван нас хүрэхийг хүлээж мэдүүлбээс болно..."[5]
Хубилай хаан урьдын дүрэм журмыг хэвээр хэрэглэхдээ суурин иргэншилд тааруулж, шинэ зүйлс нэмэгдсэн. Тэдгээр нь монгол, өнгөт нүдтэн, зүрчин, гуулин, хятад, тангуд, асуд, кипчак, харлуг зэрэг угсаатнаас бүрдсэн таван хамгаалагч цэрэг, тусгай чиг үүрэгтэй 17 харуул, 10 хишигтэн цэргийн захиргааг байгуулжээ.
Энэ цэргийн нэгжийг 1264-1279 оны хооронд байгуулахдаа 1264 онд Баруун хамгаалагч цэрэг (右衞), 1271 онд Зүүн, Дунд хамгаалагч цэрэг (左衞、中衞), 1279 онд Хойд, Өмнөд хамгаалагч цэргийг (後衞, 前衞) байгуулсан.[5] Эдгээр таван харуулын цэрэг дараах үүрэг гүйцэтгэж байсан.