Цэрэн-Очирын Дамбадорж (1899 онд Хүрээнд төрсөн- 1934 онд ЗХУ-ын Москва хотод нас барсан). “Ардын эрх”, “Үнэн” сонин, “Монгол ардын нам” сэтгүүлийн анхны эрхлэгч, сэтгүүлч, зохиолч, Шинжлэх ухааны хүрээлэнгийн жинхэнэ гишүүн, төр нийгмийн зүтгэлтэн.
Ц.Дамбадорж нь Улаанбаатар хотод төрсөн. Хүрээний манж сургуульд сурч байгаад автономит засгийн үед Гадаад яамны дэргэд байгуулсан орос, монгол хэл бичгийн сургуульд орж, дараа нь Орост очиж 12 настайдаа Богд хаант засгийн үед 1910-аад оны эхээр Оросын Троцкосавскт сурч цахилгаан мэдээний бичээчийн мэргэжил эзэмшжээ.
1921 онд Алтанбулаг хотноо очиж Ардын хувьсгалт нам ба ардын журамт цэрэгт нийлж, улмаар Намын Төв Хорооны гишүүн, нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байжээ. Энэ үед Ардын түр засгийн газраас Баруун хойт хязгаарыг тохижуулах төлөөний түшмэлээр томилогдож, цагааны цэрэгтэй байлдан хүндээр шархдаж явжээ. Улаанбаатарт эргэж ирээд Намын Төв Хорооны дэд, тэргүүн даргын албыг хашиж, Улсын бага хурлын гишүүн, тэргүүлэгчээр сонгогдож байжээ.
1925 онд МАХН-ын дарга Ц.Дамбадорж, Судар бичгийн хүрэээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Жамсранноров, Цэргийн явдлын яамны сайд Хатанбаатар Магсаржав, Гэгээрлийн яамны сайд Эрдэнэбатхаан тэргүүтэй хариуцлагатай алба хашиж байсан хүмүүс монгол хүүхдүүд өрнөдөд боловсрол эзэмшихээр явуулах ажлыг зохион байгуулжээ. Ийнхүү Гэгээрлийн яамны сайд Эрдэнэбатхаан, Банзарын Ишдорж нар 1926 оны 5 дугаар сарын 25-26-нд анхны 35 хүүхдүүдийн хамт хөдөлж Берлин хүргэж өгсөн байна.
1928 оны сүүлээс ЗХУ дахь Монголын элчин төлөөлөгчийн газарт худалдааны төлөөлөгч, 1929-1932 онд Москвагийн Улс ардын аж ахуйн дээд сургуулийг төгсч янз бүрийн ажил эрхэлж байв. Ц.Дамбадорж нам, засгийн төв хэвлэл “Ардын эрх”, “Үнэн” сонин, “Монгол ардын нам” сэтгүүлийн анхны эрхлэгчээр ажиллаж, Монголын хувьсгалт хэвлэлийг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан ардын ардчилсан шинэ Монгол улсын авьяас билэгтэй анхны сэтгүүлчдийн нэг байсан.
1934 оны 6 дугаар сард Москвад нас барсан.
“Толбо нуур” түүхэн баримтат тууж, “Майн нэгний өдөр” зэрэг хэд хэдэн ном бичсэн зохиолч юм.
Ф.Энгельсийн “Өрх гэр, өмчит хөрөнгө хийгээд засаг төрийн үүсгэл” зэрэг улс төр, утга зохиолын олон бүтээлийг орчуулсан шилдэг орчуулагч байв.
Ц.Дамбадорж сэтгүүлчээр ажиллаж байсан хугацаандаа нийгэм, улс төрийн сэдвээр 100 гаруй өгүүлэл, найруулал, нийтлэл хэвлүүлж, Монгол ардын хувьсгалын анхны илүүдийн баатарлаг үйл явдлыг үнэн мөнөөр нь тусгаж, хойч үеийнхэнд үлэмж арвин бүтээл үлдээсэн байна.