Цэцэг сум

Цэцэг сум
ᠴᠡᠴᠡᠭᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Ховд
Сумын төвЦэцэгнуур
Газар нутаг
  Нийт3,491 км2 (1,348 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 3,261
Цагийн бүсUTC+7 (UTC + 7)

ЦэцэгМонгол улсын Ховд аймгийн сум. Тус сум нь Манжийн үед Засагт хан аймгийн Дархан Бэйлийн хошуунд харъяалагдаж байсан бөгөөд Ховд аймгийн 3 Халх сумын нэг юм.

Монгол Алтайн уулархаг мужид багтана. Тус сумын нутаг дэвсгэрийн баруун захын цэг нь Морин зам, Шуудан замын уулзвар буюу Салхитын үзүүрийн далайн түвшнээс дээш 2571 метрт өргөгдсөн баруун бэл, зүүн захын цэг нь Улаан хөтөл далайн түвшнээс дээш 2877 метрт өргөгдсөн, хойт захын цэг нь Салхит уулын зүүн бага даваа далайн түвшнээс дээш 2632.6 м, өмнө захын цэг нь Хойт Хулдын гол, Өвчүүгийн Сайрын бэлчир юм. Цэцэг сумын нутаг ерөнхийдөө уулархаг, баруун, баруун хойт тал, зүүн зүүн өмнөд талаараа Монгол Алтайн салбар сүрлэг өндөр уулсаар хүрээлэгдсэн, мөн Цэцэг нуурын хотгор, баруун зүүн Уушигийн хоолой, Хуламын гол, Шаварын гол зэрэг уулс хоорондын хотгоруудтай, Цэцэг Хулам нуурууд болоод Хавцгайт, хужирт, Ангирт, Хиагт, Хуримт, Баянгол, Богос, Нүцгэн, Халиун зэрэг олон тооны гол горхиуд, булаг шандтай.

           Цэцэг сумын нутаг дэвсгэр нь хойноосоо урагш 116,8 км, баруунаас зүүн тийш 85,5 км сунаж тогтсон аж. Ховд аймгийн хөдөө аж ахуйн нийт эдэлбэр газрын 9,14 хувийг эзэлдэг байна. Цэцэг сум нь бэлчээрийн бэлчээрийн талбай сайтай, мал сүрэг дөрвөн улирлын бэлчээртэй. Сумын хамгийн нам дор газар нь Цэцэг нуур, далайн түвшнээс дээш 1686 метрт оршино. Хамгийн өндөрлөг цэг нь төрийн тахилгат Сутайхайрхан уулын “Бага Богд уул” бөгөөд далайн түвшнээс дээш 4013 метрт өргөгджээ. Нутгийн уугуул ардууд Цаст богд хэмээн сүслэн сүү цайныхаа дээжийг өргөнө. Цэцэг сумын нутаг нь байгалийн ерөнхий дүр төрхийн хувьд Монгол Алтайн гол нурууны хоёр дахь эгнээ уулсын хооронд орших Цэцэг нуурын хотгор, баруун зүүн Уушигийн хоолой, Хар хөтөлийн тал, Хуламын тал, Мянган угалзат, Сутай уул, Хажингын нурууны бэл хормой, уулын дунд хэсгийг хамарсан цөлөрхөг хээрийн ба уул хээрийн бүсийн нутаг болно. Үзэсгэлэн төгс Их, бага Мянган Угалзатын нуруу, Нүцгэн, Сутай, Гурван Хажингын нуруу, Цагаан асганы нуруу, Ембүү, Балгатай, Тахилгатын нуруу, Хөх сайр, Гурван Хулд зэрэг уул нуруудтай. Эдгээр уулс нь Монголын өндөр ба дундаж өндөрлөг уулст орох бөгөөд уулын хээр, нуга, таг болон мөнх цас, мөсний хил бүхий байгалийн бүс бүслүүрт тархан байршжээ.

Уул нурууд, тал хээр хосолсон байгалийн өвөрмөц төрхийг хадгалсан үзэсгэлэнт нутагтай. Газар зүйн байрлалын хувьд Ховд аймгийн Мөст, Дарви, Алтай, Говь-Алтайн Тонхил сумуудтай хиллэх тул хоршин үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж эдийн засгаа тэлэн хөгжүүлэх сайхан боломжтой. Сумын төв нь далайн түвшнээс дээш 1075 метрт өргөгдсөн өндөрлөгт оршино. Улсын нийслэл Улаанбаатараас 1200 км, Ховд аймгийн төвөөс 221 км зайд алслагджээ. Нутгийн хүйс гэгдэх Бөх ламын орой далайн түвшнээс дээш 2941 метрт оршино.

Гадарга, геологийн тогтоц: Тус сумын нутаг хойт талаараа Баатар хайрханы нуруу /далайн түвшнээс дээш 3909м/, зүүн хойт зүүн талаараа Сутайхайрхан /далайн түвшнээс дээш 4090 м/  Гурван хажингийн нуруу /далайн түвшнээс дээш 3212м/, зүүн өмнөд талаараа Асгатын нуруу /Далайн түвшнээс дээш 2725 м/ Цагаан-Асганы нуруу/ далайн түвшнээс дээш 2725 м/, баруун талаараа Их мянган угалзат /далайн түвшнээс дээш 3360 м/, Бага мянган угалзат /далайн түвшнээс дээш 3345м/,  Бөөрөгийн нуруу /далайн түвшнээс дээш 3756 м/ , Ар уул /далайн түвшнээс дээш 3412,2м/, Богосын уул /далайн түвшнээс дээш 3286 м/ , Ембүү уул / далайн түвшнээс дээш 3437 м/ зэрэг сүрлэг өндөр уулсаар хүрээлэгджээ. Уул нурууд нь эртний төрмөлийн түрүүчийн үеийн ихээхэн дислокацлагдсан үе давхраа бүхий уул нуруудаас бүрэлдэнэ. Гэхдээ тектоникийн үйл явцаар байнга хувьсан өөрчлөгдсөөр өнөөгийн дүр төрхөө олсон байна. Гуравдагч галавын хурдас уулсын хажуу бэлээр өргөн тархаж дээрх нэр бүхий уулсын бэл хормойн өргөн бэлүүдийг үүсгэсэн байна. Тэдгээрийн салбар уулс эртний мөсдөлийн ор мөр бүхий орчин үеийн мөсдөлийн альпийн хэв шинжит Монгол Алтайн уулт тогтолцооны нэгдэх ба хоёр дахь эгнээ уулсад багтах салбар уулс юм. Ялангуяа Цаст богд Сутайхайрхан, түүний салбар уулсууд нь ерөнхийдээ эгц хажуутай, шовх оройтой, ян сарьдаг бүхий оргилуудтай, хад асга, нуринга чулуу элбэгтэй боловч уулсын дээд оройгоороо тагт давцан хэлбэрийн тогтоцтой нь онцгой сонин. Бусад салбар уулс нь гол төлөв мөлгөрдүү, хажуу тавцан хэлбэрийн  оргилуудтай. Уулын орой, ар хажуу, ам хөндийн ёроолд олон жилийн цэвдэгт чулуулаг тархсан байна. Гол өндөрлөг уулсын захаар нийлж орших шовх оройтой, эгц хажуутай, ихээхэн хэрчигдсэн дундаж өндөрлөгүүд нь ихэнхдээ хадан уулсын тогтоцтой.

Тал хотос хоолойнууд, Цэцэг нуурын сав, зүүн баруун Уушгийн хоолой, Хулмын тал нь идэгдэл хуримтлалын гарал бүхий цав толгод, идэгдлийн суурьт тал, элсэн тарамцаг, эртний дэнж, голын адгийн буурц, хотгор гүдгэрээс бүрдэнэ. Тал голын хөндийнүүд нь мал сүргийн гол бэлчээр юм. Цэцэг нуурын  савд хадлан бэлтгэнэ. Цэцэг сумын зүүн булан, хойт хэсгээр Венд Кембрийн, баруун талаарх нутгийн ихэнх хувийг шинэ төрмөлийн гадарга зонхилдог. Сумын ихэнх нутгаар нарийн товлогдсон боржинлог гүний чулуулаг, дөрөвдөгчийн хурдастай.

Нутгийн баруун болон зүүн хэсгийн уулсын бэл хормойгоор бэл хормойн хурдас өргөн тархжээ. Девоны системийн ангилагдаагүй чулуулаг нутгийн өмнөд хэсэгт бий. Тэрчлэн эртний төрмөлийн диорит, гранодиорит болон гранисиенит чулуулаг нутгийн дунд хэсгээр тархжээ. Тектоникийн мужлалын хувьд Монгол Алтайн, Умардын атираат мужид хамаарагдах хэсэгт нь галт уулын суурилаг найрлгатай чулуулаг, шинэ төрмөлийн эх газрын ба далайн гаралтай зузаалаг хучаас бүхий бэл хормойн хурдас түгээмэл тархсан байхаас гадна голын хөндий ба нуурын хурдас алаг цоог байдалтай тархсан байна.

Ашигт малтмал: Ховд аймгийн Дарви, Цэцэг сумдын нутгийг дамнасан Хөшөөт, Хөндлөнгийн нүүрсний орд газартай. Хөшөөтийн нүүрсний орд газар нь сумын төвөөс 25 км-т Цаст богд Сутай хайрхан уулын баруун хойт хэсэгт оршдог. Газарзүйн байрлалаар ХӨ48048/ 40//ЗУ93019/20// солбилцолд оршино. Нүүрснээс гадна тус сумын нутагт алт, мөнгө, зэс, оюу, өнгөт чулуу, утаат болор, гялтагнуур, төрөл бүрийн шороон будаг, давс, мөсөн хужиртай. Цэцэг нууранд нэн ховорт тооцогдох  хавч хорхойтой. Тус сум нь ашиглагдаж байгаа нүүрс, алт, барилгын материал, давс, хужир шүү зэрэг байгалийн баялаг дээрээ тулгуурлан уул уурхайн болон хими технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, энэ нь Цэцэг сумын цаашдын эрчимтэй хөгжилд үндэс болох бүрэн боломжтой.

Цэцэг сумын нутаг дэвсгэрт гурван ч газарт алтны нөөц байдаг. Алтны нинжа нарын анхааралд орчих бий гэж нутгийн уугуул иргэд ихэд болгоомжилдог байна. Нэг удаа хол ойрын олон арван нинжа нар царцаан сүрэг нүүдэллэх адил хүрч ирж сандаргасан удаатай гэнэ. +1774 градуст хайлуулж гаргаж авдаг цагаан алт байх ч магадлалтай ажээ. Мөн мөнгөний орд тус сумын нутагт байдаг байна. Цэцэг сумын нутгийн хоёр ч газарт зэсийн нөөц бий гэнэ. Вольфром буюу гянт болдтой. Сүүлийн жилүүдэд хувиараа гянт болд олборлогчид олширч хүрээлэн буй байгаль орчныг эвдэж сүйтгэж байгаа нь аймаг, сумын удирдлагын сэтгэлийг эмзэглүүлэх болжээ. Тэрчлэн төмрийн хүдэр, натри, кали, кальцийн зохих нөөцтэй аж. Давс, хужир, шүү, зэс, шохойн олборлолт явуулах бүрэн боломжтой. Оюу эрднийн нөөцтэй, эрт дээр үеэс нутгийн иргэд “Оюу толгой” зэрэг газраас оюу чулуу түүж хөөрөгний нуух, ээмэгний шигтгээ хийж иржээ.

Элс, хайрга, дайрга чулуу, хүрмэн чулуу, боржин, шөрмөсөн чулуу, бал чулуутай бөгөөд ваар үйлдвэрлэхэд хэрэглэдэг шавар бас байдаг байна. Цэцэг суманд тоосгоны үйлдвэрлэл хөгжүүлэх өргөн боломжтой аж.

Цаг уур, уур амьсгал: Эх газрын эрс тэс уур амьсгалтай, жил, сар, хоногийн темпратурын хэлбэлзэл ихтэй. Хүйтэн урт өвөлтэй, нутгийн хонхор хотгор хэсэгтээ халуун хуурай, өндөр уулархаг нутагтаа сэрүүвтэр зунтай. Өвлийн цагт Цэцэг сумын нутаг дэвсгэрт эсрэг циклон тогтдог, хавар намрын улиралд салхи ихтэй. Ихэвчлэн баруун хойт зүгээс салхилна. Агаарын темпратур уулархаг хэсэг, хотос хоолой, нуурын сав хэсэгтээ харилцан адилгүй ялгавартай боловч жидийн дундаж темпратурын ялгаа 0-1 градусаар хэлбэлзэнэ. 7 дугаар сарын дундаж нь +21+25 хэм, заримдаа хотос хонхортоо +33+35 хэм хүртэл халдаг. Өвлийн улиралд 1 дүгээр сарын дундаж темпратур -22,5-27 хэм хүйтэн. Заримдаа хотос хонхор бүхий хотгор газартаа -35-40 хэм хүртэл хүйтэрдэг. Жилд Цэцэг сумын нутаг дэвсгэрт 100-120 мм тундас унах бөгөөд уулархаг газартаа 150-200 мм тундас унадаг. Хөрсний гадарга дээр илүүтэй ихээр халж бас хөрдөг байна. Хүйтрэл, үе үеийн үргэлжлэх хугацаа дунджаар 85-115 хоног. Эрс тэс уур амьсгалтай Цэцэг суманд нартай өдрийн тоо жилд ойролцоогоор 339 өдөр, салхитай хоног 275 байна гэж бүртгэгдэжээ. Эдүгээгээс арваад жилийн өмнөх судалгаагаар арван жилийн дунджаар хамгийн хүйтэн нь -32,4 хэм, хамгийн халуун нь +39,9 хэм байсан байна.

Гол, горхи, нуур, цөөрөм, худаг ус: Ховд аймгийн Цэцэг сум нь гадаргын усан хангамжийн хувьд төдийлөн сайн биш. Гэвч Сутай хайрхан, Хажингийн нуруу, Мянган Угалзат, Цагаан асганы нуруу, Асгатын нуруу, Богосын уул, Ембүү уулаас Хавцгайт, Ангирт, Ембүү, Шивэртэй, Хужирт, Цагаан бэлчир, Хөх бэлчир, Баянгол, Хиагт, Хуримт, Богос, Хүрэн бэлчир, Хөшөөт, Нүцгэний гол эх авч урсдаг байна. Жижиг хэмжээний булаг шандуудтай. Гүний усны хангамж сайтай. Цэцэг нуурын сав, Уушгийн баруун, зүүн хоолойг хамарсан ундны усны томоохон хайгуулын ажлын үр дүнд энэ нь батлагджээ. Тал булагийн, Их бэлчирийн, Шахаатын, Өндөр мөргийн зэрэг 20 шахам худагтай. Жижиг голуудын сав газарт, тэрчлэн дээрх худгуудын усыг ашиглан төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн ургамал тариалах эхлэл тавигдсан байна.

Цэцэг сумын төвөөс зүүн хойш 5 км-т 14 хавтгай дөрвөлжин км талбайтай давс, шүү бүхий Цэцэг нуур, нутгийн өмнөд хэсэгт Хулман нуур оршино. Эдгээр нууруудыг түшиглэж давс, хужир, шүү олборлох, хими технологийн жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх боломжтой. Одоогийн байдлаар ард иргэд гар аргаар ахуйн хэрэгцээндээ давс, хужир, шүүг авч ашиглаж байна.

Цэцэг нуур бол хэмжээгээрээ Ховд аймагтаа Хар ус, Хар нуур, Дөргөн нуурын дараа орно. Урт нь 20 км өргөн нь 13 км гэж ном зохиолд тэмдэглэжээ. Гадагш урсгалгүй учир давстай. Цэцэг нуурыг тэтгэдэг бүх гол горхи газар доогуур шургаж ордог нь сонирхолтой. Хотон, гангар хун, тогоруу, ангир, цэн тогоруу, бор галуу, халбаган хошуут, зуун хурга зэрэг шувууд Цэцэг нууранд хуран чуулах дуртай тул дуу шүлэгт мөнхөрчээ.

Цэцэг, Тонхил сумын хилийн зааг дээр Хулам нуур оршино. Урт нь 9,5 км, өргөн нь 6,2 км аж. Баянгол, Могойн гол хийгээд эргэн тойрны уул нуруудын усаар тэжээгдэнэ. 1959 оны хавар Ховд, Говь-Алтай аймгийн засаг дарга нар Хулам нууртай холбоотой асуудлаар яриа хэлцэл хийж уг нуурын тал дундаас урагш хэсэг нь Тонхил, хойд тал нь Цэцэг сумын газар нутагт хамрагдана гэсэн шийдэл гаргаж Засгийн газарт өргөн мэдүүлж шийдвэрлүүлж байсан тухай  Ч.Баатар гуайн өөрийн бичсэн “Түүхийн хураангуй”/УБ.2004/ номондоо баримт түшиж өгүүлсэн байдаг.  

Цэцэг сумын нутгаар Ангиртын гол, Бооржийн гол, Хойд урд Богосын гол, Баян гол, Могойн гол, Хиагтын гол, Маани чулууны гол, Хавцгайн гол зэрэг уулын тунгалаг уст голууд урсан цэлэлзэнэ. Элэг, цөс, ходоодны өвчнийг анагаах увидастай Бугын рашаан, дотор өвчинд сайн Гурван хулдын рашаан, зүрх судасны Хөндлөнгийн рашаан, Ходоод элэг, цөс, дотор өвчний Өргөн ширгийн рашаан, Цагаан хадны рашаантай. Цэцэг нуурын шаврыг арьсны өвчин, ууц нуруу, үе мөчний өвчин, даралт ихэсэхэд хэрэглэдэг аж. Халуурах хийгээд эмэгтэйчүүдийн өвчинд зохидолтой Зүүн бурааны олби оготонотой харз, хүний биеийн эд эс, үе мөчний өвчинд тустай Халуун булагийн рашаан гэж байдаг аж.  

Хөрсөн бүрхэвч, ургамалын аймаг: Ургамлын аймгийн мужлалаар Цэцэг сумын нутаг дэвсгэр Их нууруудын хотгорын цөлөрхөг хээрийн бүсийн тойрогт багтана. Гэвч өндөр уулархаг хэсэгтээ Алтай-Соёны ургамлын аймагт багтах ургамлуудтай. Нийт нутгаараа олон овог төрөл, зүйлийн ургамалтай. Зөвхөн Мянган угалзатын байгалийн цогцолборт газарт л гэхэд 61 овгийн 241 төрлийн 690 зүйлийн ургамал байдгаас 98 зүйл нь мод, сөөг, 592 зүйл нь өвслөг ургамалтайг мэргэжлийн судлаачид тогтоосон байна. Цэцэг сумын нутаг нь ховор болоод эмийн ургамлаар баялаг. Ийм ховордсон ба эмийн ургамалд алтайн сонгино, ягаан мүгэз, вансэмбэрүү, хөмүүл, тошлой, мөөг, хар хад, зээргэнэ, эмгээлж, ягаан башига, сибирь гандигар, барагшуун,  хонин арц багтана. Олон улсын “Улаан ном”-д орсон вансэмбэрүү, Монголын “Улаан ном”-д орсон хонин арц, тэмээн харгана зэрэг ургамалуудтай.  Өндөр уулын бэл хормой, хотос хотгоруудаар сөөгөнцөр-сайрын хялганат, таана-сайрын хялганат, баглуур-таана-сайрын хялганат, цөлийн хээр, ботууль-дааган сүүл, невскийн ерхөгт, дэгнүүлт үетэн хээр /дэрвээн хазаар өвс, крыловын хялгана, саман хиаг/ зэрэг  хуурай хээрийн ба цөлөрхөг хээрийн ургамалууд байдаг бол өндөрлөг өөдөө өгсөх тутам уулын хээрийн дэгнүүл үетэнт /Festuca Lenensis, Poa attenuate, Koeleria cristata/, Өндөр уулын хээрийн алаг өвс-дэгнүүлт үетэн, өндөр уулын улалжит нугажуу хээр /Carex pediformis, Festuca Lenensis, Poa attenuate, Koeleria cristata/-ийн хэв шинжүүд бүхий ургамал голлох шинжтэй болж ирнэ. Өндөр уулын хээрт олонхи тохиолдолд Stipa krylovii, Festuga  Lenensis зонхилно. Хонин арц их ургадаг байна.

Цэцэг сум ой модгүй. Гэхдээ зарим газарт багаахан ой мод, түүнийг орлох бутархаг ургамлуудтай. Тус сумын Улиастайн эхэнд улиас ургана. Арлын ам, Сүмийн бураанд бураа, үхэр харгана, ямаан харгана, нохойн шээг, тэхийн шээгтэй. Бас эмгэлж, яргай, тошлог, хулангийн ундаа ургана. Хиагтын арц, Цэцэгийн голын хармагаараа алдаршжээ. Өндөр асгат уулуудад уулын зэрлэг сонгино, банздоо ургана. Мянган Угалзатын нуруунд вансэмбэрүүтэй. Сүүлийн үед вансэмбэрүүг түүж, огтолж сүйтгэх нь ихэсчээ. Бас егүүшин, ортууз, төрөл бүрийн мөөг элбэгтэй. Тарваган шийр, эрээ гонбо, манчин, сайрын хялгана, хазаар өвс, цагаан өвс, бударгана, дэрс, хулс, зээргэнэ, хөмөл, ерхөг, агь таанаар баялаг.

Ан амьтан: Цэцэг сумын нутагт ирвэс, алтайн аргаль, нохой зээх, хярс зэрэг дэлхийд ховордсон амьтад, мөн буга, янгир, хойлог зэрэг Монголд ховор ан амьтад бий. Үнэг, чоно, хадны суусар, асганы огодой, мануул, ахууна, хахилаг, ёл, шонхор, бүргэдтэй. Алтайн аргаль хэмээх зэрлэг хонины гол цөм нутаг нь Мянган Угалзат, түүний салбар уулс юм. Цагаан асганы нуруу, Хөх бэлчир, түүний бэсрэг уулс, Улаанууд, Харнууд, Яргайтууд, Улаан тором, Бага цагаан царам, Бөөрөг, Өлзийт, Дайргат, Нүцгэн, Агуйт, Бунхантад Алтайн аргалийн сүрэг бэлчдэг байна. Цэцэг сумын нутаг ан амьтны хувьд Иран Туран, Алтайн соён, Сибирийн тайга, Төв азийн цөл, хээртэй холбогдох тул тэндхийн ан амьтны төрөл зүйл харилцан нэвтэрч тархсан байна. Өндөр уулсын бүслүүрийн экосистемийн онцлогийг илэрхийлэх түгээмэл тархалттай гол амьтдаас цоохор ирвэс, янгир ямаа, алтайн аргаль хэмээх зэрлэг хонь, Тагийн огдой, Алтайн тарвага, алтайн хойлог, цармын бүргэд зэрэг хөхтөн, мэрэгчид, шувуу Цэцэг сумын нутагт өргөн тархжээ. Нутгийн ихэнх хэсгийг уулын хээр эзлэх бөгөөд тэнд монгол тарвага, урт сүүлт зурам, монгол огодой , бор туулай, саарал чоно, үнэг, хярс зэрэг амьтад, бүргэд, сар, шонхор зэрэг шувууд элбэг тохиолдох бөгөөд хуурай хээр уулсын хоорондох өргөн хөндийнүүдийг хамрана.

Цэцэг сумын нутаг дахь аргалийн биеийн урт нь 140-150 см, сэрвээний өндөр нь 120-125 см, жин нь 180-200 кг хүрдэг байна. Угалзын эвэр нь 125 см урттай, 2,5 кг жинтэй байсан тохиолдол гарч байжээ. Эрийг нь угалз, эмийг нь аргаль гэж нэрлэх бөгөөд төлийг нь хурга гэнэ.  Алс холын анчид жилийн жилд энд ирж тусгай зөвшөөрлийн дагуу ан гөрөө хийдэг байна. Эндхийн ховордсон, хязгаарлагдмал тархацтай ан амьтанд буга, зэгэсний гахай, ирвэс, хадны суусар, шилүүс, янгир зэргийг нэрлэж болно. Ангир, хун, тогоруу, хөх бух, ууль зэрэг шувуудаар элбэг. Харин алтан гургалдайг ховордож буй ангилалд, ахууна, гангар хун, ёл, тас зэрэг шувууг нэн ховордсон шувуудад багтаадаг байна.

Байгаль, түүхийн дурсгалт газар: Цэцэг сумын нутагт Цогцолборт газар, байгаль, түүхийн дурсгалт үзэсгэлэнт газрууд олон бий. Монголын түүх соёлын түүхэнд холбогдох эртны булш, хиргисүүрүүд, хүн чулуу, хөшөө, буган хөшөө элбэг тааралдана. Халиуны хөтөл, Цагаан эргийн хүн чулуу, Хөшөөтийн  буган хөшөө зэрэг түүх соёлын ховор дурсгалуудтай. Тохой, Хиагт, Ембүү, Буга боодог, Сэнжит хад зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай. Буга боодогийн рашаан усанд хол ойроос хүмүүс олноор ирж, эмчилгээний зориулалтаар ашигладаг байна.

ХОВД АЙМГИЙН ЦЭЦЭГ СУМ /Лавлагаа, судалгаа, сурталчилгааны цоморлиг/, Лэгсрэн овогт Т.Баасансүрэн