Шурхач (манж хэл: ᡧᡠᡵᡤᠠᠴᡳ, галиг: xurgaqi; хятадаар: 舒爾哈齊; 1564 – 1611 оны 9 сарын 25) бол Хожуу Алтан улсыг үндэслэгч Нурхач хааны төрсөн дүү, Айсингиоро овгийн хүн. Мин Улсын ноёрхолын үед Жянжоугийн Зүрчид аймгийн дуду, бэйл цолтой байсан. Тэрбээр ах Нурхачийн удирдлагаар цэрэг цуглуулах, ойр хавийн хот тосгодыг эзлэн, зүрчид овгуудыг нэгтгэх үйлсэд хүчин зүтгэж байв. Ула аймгийн бэйл Бужаньтайгийн эсрэг амжилттай байлдаж ялсан тул Дархан батуру (Дархан баатар) цолоор шагнуулсан. Гэвч 1607 онд Нурхач хаан Хойфа аймгийг байлдан дагуулж, тус аймгийн бэйл Байндарийг гэр бүлээр нь алсан явдалд Шурхач бэйл дургүйцэн ахтайгаа маргалдсанаас эхтэй ах дүү хоёрын зөрчил ужгирсаар 1611 оны 9 сарын 25 нд Нурхачийн зарлигаар Шурхачийг цаазлан, шарилыг нь Ляоян хотын Дунжинлинд бунхалжээ. Эеэр засагчийн 10-р он буюу 1653 онд Шурхач бэйлд Хошой Амбалингу Чин ван (манж хэл:ᡥᠣᡧᠣᡳ ᠨᡤᠠᠮᠪᠠᠯᡳᠩᡤᡡ
ᠴᡳᠨ ᠸᠠᠩ; галиг: hošoi ambalinggū cin wang) -гийн хэргэм нэхэн хүртээж, үр удамд нь үе улиран залгамжлах эрх олгов. Хошой Амбалингу Чин ван хэмээхийг хятадаар Хошой Жуан Чин ван (和碩莊親王; héshuò zhuāng qīnwáng) хэмээдэг.
Чин улсын түүхэнд Шурхач бэйл нь 9 хатан, 2 татвар эмтэй байсан гэж тэмдэглэжээ.
- Тунгия овогт хатан: Тунгия Элуонигийн охин. Ууган хөвгүүн Артунгаг төрүүлсэн.
- Хаданара овогт хатан: Хаданара овгийн Тэргүчэн бэйлийн охин. 1-р гэг Эшитайг төрүүлсэн.
- Фуча овогт хатан: Агэбаянгийн охин. 2-р гэг, 2-р агь Амин, 3-р гэг нарыг төрүүлсэн.
- Гувалгия овогт хатан: Сурхэгийн охин. 3-р агь Засагт, 4-р гэг Сундай, 6-р гэг, 4-р агь Түлүнь, 7-р гэг, 5-р агь Зайсангу, 8-р гэг, 9-р гэг, 10-р гэг, 7-р агь Номудай нарыг төрүүлсэн.
- Уланара овгийн Хунай хатан: Бухан бэйлийн охин, Бужаньтай бэйлийн эгч. 6-р агь Жиргаланыг төрүүлсэн.
- Нара овгийн хатан: Нара овгийн Түмэнгийн охин. Хүүхэд төрүүлээгүй.
- Гувалгия овгийн хатан: Сурхэгийн охин. 8-р агь Фиянгуг төрүүлсэн.
- Хойфа нара овгийн хатан: Хойфа нара овгийн бэйл Байндарийн охин.
- Сирингиоро овгийн хатан: Сирингиоро овгийн Силингэгийн охин. Манжийн Хөвөөт хөх хошууны хүн. Хүүхэд төрүүлээгүй.
- Донго овогт татвар эм: Фугүкүрдагийн охин. 5-р гэгийг төрүүлсэн.
- Аянгиоро овогт татвар эм: Жахайгусайгийн охин. 11-р гэг, 12-р гэг, 9-р агь Наодайг төрүүлсэн.
Шурхач бэйл нь нийт 9 агь, 12 гэгтэй.
- Артунга (1580-1609), 1609 онд Нурхачийн зарлигаар цаазлуулсан.
- Амин бэйл (1586-1640), Нурхач, Хунтайжи нарын үеийн дөрвөн бэйлийн нэг. 1640 онд Дээд эрдэмт хааны зарлигаар цаазлуулсан.
- Засагт (1589-1609), 1609 онд Нурхачийн зарлигаар цаазлуулсан.
- Түлүнь: Кэхуй бэйл цолтой.
- Зайсангу: Хэхуй бэйл цолтой.
- Жиргалан (1600-1655): Хошой Жэн Чин ван цолтой. Төмөр малгайт вангийн нэг.
- Номудай (1601-1613): бага насандаа өөд болсон.
- Фиянгу (1605-1643): Хошой Жяньжин Чин ван цолтой.
- Наодай
Охид
- 1-р гэг Эшитай: Ула бэйл Бужаньтайгийн хатан болсон.
- 2-р гэг Э-эньжэ: Ула бэйл Бужаньтайгийн хатан болсон.
- 3-р гэг: Тунгия овгийн Намуянтай гэрлэсэн.
- 4-р гэг Сүньдай: Монголын Өвөр халхын Баяд отгийн Энгэдэр тайжийн хатан болсон. Түүнээс төрсөн Сурха тайж Дээд эрдэмтийн 5-р гэг Ату-тай сүй тавьж байгаад, дайнд өөд болсон.
- 5-р гэг: Донго овгийн Гүмүбэтэй гэрлэсэн.
- 6-р гэг: Нара овгийн Молохунтай гэрлэсэн.
- 7-р гэг: Ваньян овгийн Чуохэлотой гэрлэсэн.
- 8-р гэг: Нара овгийн Баданатай гэрлэсэн.
- 9-р гэг: Багадаа өөд болсон.
- 10-р гэг: Боржигин овгийн Баянтай гэрлэсэн.
- 11-р гэг: Лала овгийн Күдэнатай гэрлэсэн.
- 12-р гэг: Нара овгийн Мугунатай гэрлэсэн.