Шяожинчөн хатан (манж:ᡥᡳᠶᠣᠣᡧᡠᠩᡤᠠ
ᠴᡳᠪᠰᡝᠨ
ᡧᠠᠩᡤᠠᠨ
ᡥᡡᠸᠠᠩᡥᡝᠣ; галиг:hiyoošungga cibsen šanggan hūwangheo; хятад:孝靜成皇后, пиньинь:Xiào jìng chéng huánghòu) (1812 оны 6 сарын 19 – 1855 оны 8 сарын 21) Манжийн шулуун шар хошууны хорчины боржигин овогтон, Манж Чин улсын Төр гэрэлт хааны хатан. Жинхэнэ нэр нь түүхэнд тэмдэглэгдэж үлдээгүй. Тэрбээр амьд байхдаа эзэн хааны их хатан биш, хуан гүйфэй хэмээх хэргэмтэй татвар эм байсан. Төр гэрэлт хаан нас барж, Түгээмэл элбэгт хааны зарлигаар Канци хуангүйфэй гэх өргөмжилжээ. Бүрэн засагч хаан зарлиг гаргаж, Шяожинчөн хуанхоу (Хуанхоу гэдэг нь Хааны их хатан гэсэн утгатай хятад үг) цолоор нэхэн өргөмжилсөн.
Шяожинчөн хэмээх нь хүний эцэг эхээс өгсөн нэр биш, нас барсны дараа хааны зарлигаар өгсөн хүндэтгэлийн шинжтэй нэр юм. Түүний жинхэнэ нэр түүхэнд бичигдэж үлдээгүй. 1812 оны 6 сарын 19 нд манжийн шулуун хөх хошууны харъяат нутагт төрсөн. Хорчин хошуунаас гаралтай манжийн шулуун хөх хошууны харъяат шүүх яамны түшмэл, тэргүүн зэргийн гүн боржигин овгийн Хуалянгагийн охин. Хатны ээж Айсингиоро овгийн ахайтан болбоос Сү чин ван Юншигийн охин. Юнши чин ван бол Дээд эрдэмт хааны ууган хүү Хүүгэ чин вангийн удам юм. Тус хатантан нэг ах, нэг эгчтэй.
1825 онд Хориотой хотод орж Төр гэрэлт хаанд сонгогдож Жин гүйрэн (靜貴人) буюу 6-р зэргийн татвар эм болсон. 1826 оны 11 сарын 22 нд хааны хоёрдугаар агь Иганыг төрүүлсэн ч, 1827 оны 3 сарын 5 нд өвчнөөр эндсэн. Жин гүйрэн 1826 оны 12 сарын 29 нд хэргэм дээшлэж Жин пинь (靜嬪) (пинь гэдэг нь хаанд үйлчлэх 5-р зэргийн татвар хэргэм) болоод удалгүй 1827 оны 5 сарын 15 нд Жин фэй (靜妃) (фэй гэдэг нь хаанд үйлчлэх 4-р зэргийн татвар эмийн хэргэм) болж хэргэм зэрэг нэмэгдсэн. 1829 оны 12 сарын 2 нд хааны гуравдугаар агь Ижи-г төрүүлсэн. 1830 оны 1 сарын 22 нд Ижи агь өөд болсон. 1831 оны 1 сарын 20 нд хааны 6-р гэг Шоуэнь гүнжийг төрүүлсэн. 1833 оны 1 сарын 11 нд хааны 6-р агь Ишинийг төрүүлсэн. 1834 онд хэргэм ахиж Жин гүйфэй (靜貴妃) (гүйфэй нь хаанд үйлчлэх 3-р зэргийн татвар эм хэргэм) болов. 1840 онд Төр гэрэлт хааны 2 дахь их хатан Шяоцюаньчөн өөд болсны дараа тэрээр хааны ордны хамгийн өндөр хэргэм зэрэгтэй эмэгтэй болжээ. 1841 оны 1 сарын 9 нд хэргэм ахиж Хуан гүйфэй (皇貴妃) болов. (Хуан гүйфэй бол хаанд үйлчлэх 2-р зэргийн татвар эм. Их хатны доор байдаг 2-р зэргийн хэргэм.) Тэрбээр Төр гэрэлт хааны амьд ахуйд хэзээ ч, хуанхоу хэмээх их хатан болоогүй.
1850 онд Төр гэрэлт хаан өөд болсны дараа, 4-р агь Ижу, хаан сууринд сууж, Түгээмэл элбэгт хэмээх оны цол хэрэглэх болж, Боржигин овогт хатныг Канцы хуангүй тайфэй (康慈皇貴太妃) хэмээх хэргэмтэй бэлэвсэн хатан эх болов. 1852 онд хааны зарлигаар Канцы хуангүй тайфэй бэлэвсэн татвар ахайтаныг Канцы хуантайхоу буюу хааны бэлэвсэн хатан эх гэх хүндэт цолоор өргөмжлсөн нь Чин гүрний оршин тогтносон 200 гаруй жилийн түүхэнд байгаагүй явдал болжээ. 1855 онд Канцы хуангүй тайфэй өөд болсны дараа Түгээмэл элбэгт хааны зарлигаар тус хатныг Шяожин хуанхоу (孝靜皇后) хэмээв. Хатнаас төрсөн 6-р агь гун чин ван Ишинь өөрийн ээжид Төр гэрэлт хааны их хатдын талийгаач 3 хатад болох Шяомучөн, Шяошэнчөн, Шяоцюаньчөн нарын тахилын нэрэнд орсон Чөн (成) ханзийг олгохыг олон удаа гуйсан ч, Түгээмэл элбэгт хаан татгалзав. 1861 онд Түгээмэл элбэгт хаан өөд болсны дараа балчир Бүрэн засагч, хаан сэнтийд суусны дараа гун чин ван Ишинь (1833-1898) төр баригч ханхүү цолтойгоор хааны нэрийн өмнөөс төр барьж байсан. Иймээс тухайн үеийн эрх мэдлээ ашиглаж өөрийн эхэд Чөн (成) ханз олгохыг Цыши хатан эх, Цыань хатан эх нарт тулгаж, балчир хааны өмнөөс зарлиг гаргуулж Шяожин Канцы Ижао Дуаньхуй Жуанрэнь Хэшэнь Битянь Фушэн Чөн Хуанхоу (孝靜康慈懿昭端惠莊仁和慎弼天撫聖成皇后) хэмээх тахилын нэрийг олгожээ.
Чин гүрний хааны ордны хатад татвар эмсийг хянахын тулд хятадын уламжлалт тогтолцоог ашиглахдаа зэрэг зиндааг ялгаж заасан байдаг. Хааны их хатныг хуанхоу хэмээж, татвар эмсийг дотор нь хуан гүйфэй, гүйфэй, фэй, пинь, гүйрэн, чанзай, да-ин, шивэгчин гэх 8 дэсэд хуваадаг. Хаан өөд болоход хуанхоуд хуантайхоу буюу хааны бэлэвсэн хатан эх гэсэн утгатай цол өгдөг болдог бол татвар эмс тайхоу цол хэрэглэхгүй зөвхөн талийгаач хааны татвар эм гэсэн нэр цолтой үлддэг. Бас хятадын ёсонд хаадыг өөд болсны дараа өгдөг тахилын нэрний сүүлд орсон ханзийг чухалчлан үзэж хүндэтгэн нэрийддэг. Иймээс их хатан өөд болоход тэрхүү ханзыг хатны тахилын нэрний сүүлд бичдэг. Татвар эмийн хөвгүүн өөрийн ээжид их хатны эдлэх ёстой зүйлийг олгохыг гуйх нь тухайн үеийн хууль цаазад харш зүйл байсан.