Эдвард Николае Люттвак (англи. Edward Nicolae Luttwak, 1942 оны 11-р сарын 4-нд Румыны хаант улсын Арад хотод төрсөн) — Америкийн түүхч, эдийн засагч, олон улсын харилцаа болон цэргийн стратегийн мэргэжилтэн. Эртний болон орчин үеийн түүх, гадаад бодлогын талаар олон арван ном бичсэн хүн.
АНУ-ын Төрийн Департамент болон Батлан хамгаалах яамны улс төрийн зөвлөх. Вашингтон дахь Стратегийн болон олон улс судлалын Төвийн ахлах зөвлөх. АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейганы зөвлөх байсан.
1968 онд хэвлэгдсэн "Төрийн эргэлт: Практик гарын авлага ном" (англи. Coup d'État: A Practical Handbook)-ын зохиогч гэдгээрээ алдартай хүн.
Эдвард Люттвак Румын улсын Арад хотод еврей гэр бүлд төрж, 11 нас хүртлээ Италийн Сицили, Израилд амьдарч байгаад дараа нь Их Британид суралцжээ. Тэрээр Лондоны эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуульд аналитик эдийн засгийн чиглэлээр суралцаж 1964 онд төгссөн. 1964—1966 онуудад Английн Бат хотын Их сургуульд багшилжээ. Лондон, Парис болон Иерусалимд ажиллаж байгаад 1972 онд АНУ руу нүүж, Жонс Хопкинс Их сургуульд аспирантурт сурч 1975 онд докторын зэрэг хамгаалжээ.
Докторын зэрэг хамгаалаад Жонс Хопкинс их сургууль болон Жоржтауны их сургуульд зочин профессороор багшилжээ. Тэрээр карьерынхаа ихэнх хугацаанд АНУ-ын Батлан хамгаалах яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, АНУ-ын Төрийн департамент, АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин, АНУ-ын арми, АНУ-ын Агаарын цэргийн хүчин, түүнчлэн НАТО-гийн гишүүн хэд хэдэн улсад зөвлөхөөр ажилласан байна.
Тэрээр еврей, франц, испани болон итали хэлтэй. Э.Люттвак Нийгмийн шинжлэх ухаанд "түргэвчилсэн капитализм" (англи. turbo capitalism), "гео эдийн засаг" (англи. geoeconomics) гэх нэр томьёог эргэлтэд оруулсан юм.
Люттвак эхнэртэйгээ АНУ-ын Мэрилэнд мужид амьдардаг бөгөөд хүү, охин хоёроос гадна гурван ач, зээтэй.