Өгийнуур сум
ᠥᠭᠦᠢᠨᠠᠭᠤᠷᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Архангай |
Сумын төв | Зэгстэй |
Газар нутаг | |
• Нийт | 1,686.5 км2 (651.2 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▲ 3,129 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Вэб сайт | http://ugiinuur.ar.gov.mn/ |
Өгийнуур сум нь Архангай аймгийн зүүн зүгт орших сум юм. 1618 км2 газар нутагтай, далайн төвшнөөс дээш 1327-1665 метр өндөрт өргөгдсөн, хуурай дулаан уур амьсгалтай, тал хээрийн бүсэд багтдаг. Сумын төв нь аймгийн төв Цэцэрлэг хотоос 100 км, Улаанбаатар хотоос 360 км зайд оршино. Тамирын гол ба Орхон голын уулзвар орчимд байрлах тус сум нь Өгий нуурын нэрээр нэрлэгджээ.
Түүх, археологийн баттай баримтаас үзэхэд Өгийнуур сумын нутагт хүрэл, төмөр зэвсгийн үеэс эхлэн монгол нутаг дахь эртний улсуудын үеэр дамжин Их Монгол Улс, Юань улс, Дөчин дөрвөн хоёрын Монгол, Манж чин улсын ноёрхлын үеэс өнөөг хүртэл хүмүүс тасралтгүй нутаглан сууж өөрсдийн түүх соёлын дурсгалаа үлдээжээ.
XI-XII зууны үед Цагаан хэрэмнээс Байгал нуур, Хянганы нуруунаас Алтайн нурууны чанадад хүртэлх уудам нутагт монгол угсааны олон аймаг, аймгийн холбоо оршиж байв[1]. Тэдгээр аймгуудын нэг нь Найман бөгөөд тус аймгийн нутгийн бүрэлдэхүүнд өнөөгийн Өгийнуур сумын нутаг багтаж байжээ.
1206 онд Их Монгол улс байгуулагдсанаар засаг захиргааны зохион байгуулалтыг хийж улсаа баруун, зүүн, төвийн түмдэд хуваан захируулсан бөгөөд, Наяа ноён Их Монгол улсын төвийн түмнийг захирах болжээ[2]. Одоогийн Өгийнуур сумын нутаг нь Их Монгол улсын төвийн түмний нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүнд багтаж байжээ. Чингис хаан амьд ахуй цагтаа өөрийн хөвүүддээ газар нутгаа хуваан өгсөн бөгөөд Өгийнуур сумын нутаг Чингисийн отгон хүү Тулуйн эзэмшилд багтаж байжээ.
Монголын эзэнт гүрэн 1260-аад оны үеэс хэд хэдэн томоохон улсад хуваагдсан бөгөөд Монгол, Түвд, Хятадыг багтаасан Юань улс байгуулагджээ. Улмаар Хархорум төвтэй уугуул монгол орон Юань улсын давааны арын муж болон хувирчээ[3]. Энэ үед Өгийнуур сумын нутаг давааны арын мужийн бүрэлдэхүүн хэсэгт багтаж байжээ.
Монголын феодалын бутралын үе болох XIV зууны II хагасаас XVII зууны үед монгол орон зүүн баруун хэмээх хоёр хэсэг болж зүүн монгол нь дотроо зургаан том эзэмшилд дам хуваагджээ. Батмөнх даян хааны отгон хөвгүүн Гэрсэнз халх түмний хойд хэсгийг өвлөн авч Хангайн уулаар төвлөн байгаад XVI зууны дундуур долоон хөвгүүндээ хуваан захируулснаас Ар халх долоон хэсэг болон хуваагдаж үүнээс Арын долоон отог буюу Халхын долоон хошуу үүсжээ. Өгийнуур сумын нутаг эдгээр зургаан түмний нэг болох Халх түмний нэгэн хэсэг Гэрсэнзийн дөтгөөр хөвгүүн Онохуйны эзэмшил нутагт багтаж явжээ[4]. Түүний дараа Онохуйн ахмад хөвгүүн Автайн эзэмшилд багтах болсон байна (Мөн тэнд. Тал 184).
Манжийн ноёрхлын үед (1691-1911) Өгийнуур сумын нутгийн хойд хэсэг (Одоогийн Өлзийт сумын нутгийн хамтаар) “хавсран захирагдсан Өөлдийн хойт хошуу” хэмээн нэрлэгдэж байжээ. Мөн баруун өмнөд хэсгийн өнөөгийн нутаг манжийн ноёрхлын үед “хавсран захирагдсан Өөлдийн өмнөд хошуу”–ны нутагт багтаж байжээ. Харин өмнөд хэсгийн газар нутаг нь халхын Очирайбат Түшээт сайн ханы хошууны бүрэлдэхүүнд багтаж байсан байна[5].
Богд хаант Монгол Улсын үед (1911-1921) Өгийнуур сумын нутгийн хойд хэсэг 1922 онд Сайн ноён хан аймгийн Бишрэлт бэйсийн хошуу гэж, харин баруун өмнөд нутаг нь Сайн ноён хан аймгийн Сүжигт бэйсийн хошуу, өмнөд хэсгийн нутаг нь Халхын Очирбат Түшээт сайн ханы хошууны хойд захад хамаарагдаж байжээ[6].
Ардын засгийн жилүүдэд (1923-1931) Өгийнуур сумын нутгийн хойд хэсэг Цэцэрлэг Мандал уулын аймгийн Баянбайшир уулын хошуу гэж нэрлэгдэн бүрэлдэхүүнд, баруун өмнөд хэсгийн нутаг нь Цэцэрлэг мандал уулын аймгийн Хотонт уулын хошуу, Эрдэнэ булган уулын хошуунд нутгийн бүрэлдэхүүнд тус тус багтаж явжээ[7].
1952 онд Хотонт сумын 2, 4, 5-р баг, Батцэнгэл сумын 1, 12-р баг, Өлзийт сумын 5, 6, 7-р багуудыг оруулж Өгийнуур байгуулжээ. Харин Өгийнуур сумын “Туяа” нэгдэл нь 1955 онд байгуулагдсан байна. 1960 онд сум нэгдлийн нэгдмэл удирдлагатай болж, 1965 онд 161.9 мянган га нутаг, 1002 гишүүн, нийгмийн өмчийн 47.0 мянган мал, 1.7 сая төгрөгийн мөнгөн орлого, 3.5 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй болжээ[8].
Өгийнуур сум хойд талаараа Бага Дүүхээ, Орхон Тамирын бэлчрээс урагшаа Хотонт уулын ар, Дойтын Цагаан нуур баруун хязгаар нь Тэмээн хүзүүний хөтөл, зүүн хязгаар нь Өгийн цагаан хөтөл, Хөөвөр хүртэлх 1.7 мян.ам км нутагтай. Д.т.д 1300-1480 м өргөгдсөн хуурай дулаан уур амьсгалтай тал хээрийн бүсэд багтдаг, аймгийн бусад сумдаас хамгийн нам дор газарт оршдог. Аймгийн төвөөс 100 км, Улаанбаатар хотоос 368 км зайтай оршдог.
/Өгий нуурын газарзүйн солбицол. ЗУ 1020341, ХӨ 470 401 Хүйс цэг-Орхон ХӨ 470431 ЗУ 1020391/
Өгийнуур сум хойд талаараа Өлзийт, зүүн талаараа Хашаат, урд талаараа Хотонт, баруун талаараа Төвшрүүлэх, баруун хойд талаараа Батцэнгэл сумтай тус тус хил залгадаг. Нутгийн ихэнх хэсгийг Орхон, Тамир, Хөгшин Орхоны тал хөндий эзэлдэг. Тамир, Орхон, Хөгшин Орхон тэдгээрийн цутгал голууд урсдаг.
Монгол орны газрын гадарга янз бүрийн хэлбэр дүрстэй өндөр, нам уул, ухаа гүвээ, цав толгод, өргөн уудам тал хөндий хослон оршдог бөгөөд нутгийн хойд хагаст Цэрдийн галавын сүүлч, Дөрөвдөгч галавт өргөгдсөн атриат уулын тектоник-элэгдлийн хотгор гүдгэр, дунд Неоген, Дөрөвдөгч галавын хөмбөн, хөмбөн-цулдам шинэхэн өргөгдөл зонхилсон эртний атриат суурин дээр тогтворжсон уул тал онцгой ялгардаг. Өгий нуур сум нь Төв Азийн геоморфологийн их муж-Хангайн муж-Хануй голын дэд мужид багтах бөгөөд Өлзийт болон Хотонт сумтай хиллэж буй хэсгээр хөндийн ёроолын татмын, Төвшрүүлэх болон Хашаат сумын зарим газар хэрчигдэл ихтэй дундаж өндөр уулс үргэлжилнэ. Дундаж өндөр уулс нь манай орны Хангай, Хэнтийн нурууны өндөрлөгүүдийн захаар хамгийн их тархсан байна. Сумын төв орчим хөндий ёроолын татмын мөн тэгшрэлийн гадарга хосолсон тал хээрийн бүсэд багтдаг нь харагдаж байна. Хашаат сумын орчим тод илэрсэн эргийн далан, нуур орчим тэгшрэлийн гадарга, харин баруун өмнө талаар голын хурдаст пролювийн болон тэгшрэлийн гадарга бүхий тал газар зонхилно. Дэлхийн чулуун мандлын өнгөн хэсэгт орших газрын гадаргатай нүх сүвээр холбогдсон хөндий орон зайг агуй гэнэ.
Монгол орны ихэнх нутаг 30 хүртэл налуутай байна түүнээс Архангай Өгий нуур сум нь баруун хойд зүүн хэсгээр 60-120 Өгий нуур болон нутгийн ихэнх хэсгийг 30, баруун өмнө болон урд хэсгээр 60 –ын налуутай байна. Алтайн уулс тогтолцоотой харьцуулахад 80 –иар бага байна. Энэхүү бүс нутагт мал маллах болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой юм.
Архангай аймгийн Өгий нуур сумын ихэнх нутаг нь гадаргын хэрчигдлийн хувьд 500-1000 м, баруун хэсэг болон төвийн орчмоор 1000-2000 м, харин зүүн хэсгийн багахан газар 4000-6000 м, нуурын орчим 500-1000 м Батцэнгэл сумын орчим 500 м доош шигүүтэй байна
Монгол орон геологийн тогтоц бүрэлдэн тогтсон түүх нь олон үе шат бүхий урт удаан хөгжлийн эцсийн үр дүнд бий болсон орчин үеийн үргэлжилсэн ба алагласан блок бүрхүүлт атриат нэн ээдрээтэй бүтцийг бүрдүүлжээ. Өгий нуур сум нь рифейн өмнөх үеийн хувирмал чулуулгийн бүрдэл, бүтцүүд бүрэлдэн тогтсон үе шат. Энэ үед ул суурийн амфиболит гнейс, гантиг, кварцит зэрэг талст чулуулаг үүссэн хамгийн эртний (дээд архей-доод протерозойн). Геологийн бүтцээр дөрөвдөгч галавт хамаарах элс хайрга, шаварлаг, бал чулуу тогтоцтой.
Өгийнуур сум баруун хэсгээр Чулуун нүүрсний систем-доод нэгтгэлгээ боржин, Өлзийт сумтай хиллэж буй хэсгээр дунд дээд нэгтгэлгээ, Хашаат сумтай хиллэж буй хэсгээр Неогений дөрөвдөгчийн галав хүрмэн чулуу, Хотонт сумтай хиллэж буй хэсгээр доод дунд нэгтгэлгээ баруун өмнө-дээд рифей нутгийн ихэнх хэсгээр дунд дээд нэгтгэлгээ геологийн хэв шинж тархсан нь харагдаж байна. Геологийн хэв шинжийн хувьд Өгийнуур сум нь баруун-Завсрын үе, хойд хэсгээр граувакк флишолд ба бөсөл тив гаралт чулуулгийг оролцуулаад нуурын орчим-Улаан ба алаг өнгөт тив гаралт чулуулгийн саарал өнгөт элс сайргархаг ба элс хайргархаг чулуулаг, зүүн-тунамал чулуулгийн хэв шинжид хуваагдаж байна
Архангай аймгийн Өгийнуур сумын зүүн хойд хэсгээр нуурын орчим хайрга элс, Дунд эрт төрмөлийн-Скарны, Металл-төмөр, металл биш-Химийн түүхий эд барилгын материал зэрэг ашигт малтмал тархсан байна. МУ-н эдийн засгийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрт Орхоны хөндийн газрын ашигт малтмалын нөөцийг хайх, нүүрс каолины батлагдсан ордуудыг ашиглах, Өгийнуур сум, Гурванбулаг сумын заагт орших Их бага тогтоо галт уулын хонхор дахь 80 сая тонн бүхий нүүрсний уурхайг хамтран ашиглах, Өгийнуур, Төвшрүүлэх сумын нутгийн заагт орших төмрийн хүдрийн орд газар байгааг судалгаагаар тогтоосон байна.
Дунд ба шинэ төрмөлийн эриний голлох хотгорууд-Цахиурлаг-Карбонатлаг хурдсын, варисцид геосинклиналын нэгдэл, а-төвийн тектоникийн мужлалд хамрагдана. Өгийнуур сумын ихэнх хэсгийг дээд эрт төрмөлийн Орхон Тамирын бэлчрээс урагшаа дээд эрт төрмөлийн молассын нэгдэл, Хашаат сумтай хиллэж буй хэсгээр-хүрмэн чулуу, варисциуд геосинклинал, нуур орчим болон өмнө-доод дунд төрмөлийн молассын нэгдлийн эрин мөн дээд эрт төрмөлийн, Төвшрүүлэх сумтай хиллэж буй-дээд рифей кембрийн, рифей нэгдэлд хамаарагдана.
Архангай аймгийн Өгийнуур сум Дөрөвдөгчийн ангилагдаагүй хурдас мөн орчин үеийн хурдас тархсан. Хашаат сумтай хиллэж буй хэсгээр-Дээд дөрөвдөгч орчин үеийн /голын/, дөрөвдөгчийн ангилагдаагүй хурдас, эльювийн десерцийн, делювийн дөрөвдөгч ангилагдаагүй хурдас, өмнө хэсгээр-Нуур голын дээд дөрөвдөгч, дээд дөрөвдөгч орчин үеийн хурдас, баруун хэсгээр-Элювийн дөрөвдөгч ангилагдаагүй хурдас, зарим хэсэгтээ коллювийн хурдас бүхий дөрөвдөгчийн өмнөх үеийн чулуулаг, дээд дөрөвдөгчийн хурдас тархсан байна.
Архангай аймгийн Өгий нуур сум газар чичирхийллийн муж 8-9 балл ба газар хөдлөлтийн голомт үүсэж болох бүс /Рихтерийн шатлалын магнитуд/ Талбайлаг 6.6-7.0 Шугаман 6.6-7.0 хүчтэй газар хөдлөлтийн бүсэд багтдаг. Могодын газар хөдлөлтөөр ойр сумын төвийн 50 орчим байшингаас 6 байшин нь бүр мөсөн нурж 14 байшин нь цаашид ашиглах боломжгүй эвдэрч үндсэн хэсэгт нь их засвар хийх шаардлагатай болсон ба Булган аймгийн Булган сум, Могод, Хишиг-Өндөр, Сайхан Орхон сумд Архангайн Цэцэрлэг хот, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Төвшрүүлэх зэрэг суурин газрын барилга байшинд их бага хэмжээний гэмтэл учирсан байна.
Галт уулын чулуулгийг петрохимийн шинжээ төрөлжүүлсэн нь Толет хүрмэн чулуу-андезит хүрмэн чулуу тархсан нутаг Өгий нуурын бүсэд хамрагдана. Архангайн Өгийнуур сум нь шинэ төрмөлийн эриний галт уулын муж дахь гүний голлох хагарал буюу галт уулын голомтын бүс /неккц, шток/ галт уулын бүтцийн үлдэгдэлд хамрагдана.
Цэвдгийн мужлалт алаг цоог ба ховор алаг цоог тархсан бөгөөд нутгийн баруун, хойд хэсгээр улирлын цэвдэг чулуулаг-Хөндий хотгорын жилийн дундаж температур 00-+200C улирлын хөлдөлтийн гүн 3.0-4.5 м 2.5-5.0 зүүн хэсгээр-жилийн дундаж температур +30-+1000C улирлын хөлдөлтийн гүн 2.0-4.0, 2.0-4.5м байна.
Монгол орны газрын гадарга нэгэн жигд биш янз бүрийн хэлбэр дүрс байрлал бүхий өндөр уулс тэгш тал газар өргөн хөндий том нуур гол мөрөн, өвс ургамалтай ба ургамалгүй нүцгэн гадарга алаглан оршдог нь тус орны байгаль уур амьсгалын байдлыг нэн олон янз болгоно.
Аливаа орны уур амьсгалыг бүрдүүлж буй анхдагч үндэс нь нарны илч бөгөөд нарны цацрагийн ирж байгаа туяатай энерги хийн мандлын дулааны солилцоо агаарын урсгалуудын шилжилт зэрэг уур амьсгалыг бүрдүүлэгч бусад хүчин зүйлст шууд нөлөөлнө. Нар гийгүүллийн үргэлжлэх хугацаа тухайн орон нутгийн өргөрөг, тэнгэрийн хаяаны хаагдал, үүлшил зэргээс шалтгаална. Монгол орны жилийн 230-260 хоног цэлмэг байдгаас нарны гийгүүллийн хугацаа урт байх бөгөөд жилд 2600-3300 цаг нар гийгүүлнэ. Газрын гадарга орчны агаарын температур хоногийн туршид хөрсний гадаргын температурын өөрчлөлттэй уялдан дагалдаж байна.
Уур амьсгалын мужлал:
Д.т.д 1800 метрээс дээш өндөр өргөгдсөн чийглэг-хүйтэн,
Д.т.д 1300-1800 метр өргөгдсөн чийглэгдүү-сэрүүн,
Д.т.д 700-1300 метр өргөгдсөн хуурайдуу-сэрүүвтэр уур амьсгалтай гэсэн мужлалаар авч үзвэл Өгийнуур сум нь чийглэгдүү сэрүүн уур амьсгалтай мужид хамрагдаж байна. Монгол орон эх газрын гүнд, д.т.д ихээхэн өргөгдсөн, хотгор гүдгэрийн эрс ялгаатай байдал нь агаарын температурын горимд ихээхэн нөлөө үзүүлдэг.
Газрын гадаргад жилийн туршид ирэх нарны цацрагийн хэмжээ өөр өөр байх учраас температур өвөл бага, зун нь их байдаг. Манай оронд өвлийн улиралд агаарын температур дундаж хэмжээгээр -150C-350C хүртэл үнэмлэхүй хэмжээгээр -300C-550C хүртэл хэлбэлздэг зүй тогтолтой байдгийн дээр уулсын хоорондоо хотгор хөндийд уулнаасаа хүйтэн байдаг буюу хүйтний эрч газар нутгийн д.т.д өндөр ихсэх тутам буурч байдаг онцлогтой байна.
Архангай аймгийн Өгийнуур сум нь бусад сумдуудаас хамгийн нам дор орших бөгөөд 5 дугаар сараас 10 дугаар сар хүртэл урин дулааны улирал үргэлжилж зуны VII сард хамгийн ихдээ 17,50C хүртэл дулаарч хур бороо орж өвс ургамал жигдэрнэ. Харин өвөлдөө хамгийн хүйтэн буюу I сард -18,90C хүйтэрч байгаа нь бусад сартай харьцуулахад хүйтэн байдаг.
Өгийнуур сумын харьцангуй чийгшлийн хэмжээг I, IV, VII,X саруудыг харьцуулахад VII сард 50% байгаа нь бусад сараас 10%-15%-иар бага чийгшилтэй байна.
Өгийнуур сумын хойд хэсгээр нарны нийлбэр цацрагийн жилийн дундаж 1200-1300 квт.цаг/м2. Харин нутгийн өмнөд хэсгээр 1300-1400 квт.цаг/м2 байна.
Нэг жилд нар гийгүүлэх хугацаа нь 2600-3300 цагаар байдаг. Харин Өгийнуур сумын нар гийгүүлэх дундаж хугацаа 2700-2800 /цагаар/ үүнээс харахад нар маш сайн гийгүүлдэг бөгөөд нарны эрчим хүчийг ашиглахад тохиромжтой нутаг юм. Монгол орны жилийн 230-260 хоног цэлмэг байдгаас Өгийнуур суманд цэлмэг өдрийн тоо 80 байна. Архангай аймгийн Өгийнуур сумын агаарын дундаж температур 0-20С, монгол орны дундаж температуртай харьцуулахад 7 дахин бага байна. Их хүйтэн өдрийн тоо 20-30, их халуун өдрийн тоо 10, хүйтрэлтгүй үеийн үргэлжлэх хугацаа /өдөр/ 90-110, цасан шуургатай өдрийн тоо 5-аас доош байгаа нь үндэсний атласаас харагдаж байна.
Өгийнуур сумын хувьд өдрийн урт зун хамгийн их буюу 9.5, өвөл хамгийн бага буюу 6 цаг байгаа нь зуны улирлаас 3.5 цаг их үргэлжилдэг. Хавар, зун цэлмэг өдрийн тоо бага, харин өвөл, намар цэлмэг өдрийн тоо их байгаа нь ажиглагддаг бөгөөд зун бүрхэг өдрийн тоо 8 цаг байгаа нь хур бороо их ордогтой холбоотой, өвөл цэлмэг өдрийн тоо 10 байгаа нь үүл бага байдагтай холбоотой.
Үүлшил нь агаарын орчил урсгалын хүчин зүйлсийн жилийн явц, хотгор гүдгэрийн байдлаас ихээхэн шалтгаална. Өгийнуур сумын хувьд XII сард үүлшил 3 балл, харин VI сард үүлшил 7 балл байгаа нь XII сараас 4 баллаар их байна.
Хур тунадасбол тусорны нутаг дэвсгэрийн уур амьсгалын нөхцөлийг илэрхийлэх чухал хүчин зүйлсийн нэг юм. Монгол орны нутаг дэвсгэрийн хур тунадасны газарзүйн хуваарилалт нь дараах хүчин зүйлсээс шалтгаална. Үүнд:
-Агаарын орчил урсгалын онцлог
-Газар нутгийн хотгор гүдгэр
-Далайн төвшнөөс дээших өндөр -Уул нурууд тэдгээрийн хажуугийн байршил чиглэл зэргээс шалтгаална. Өгийнуур сумын хувьд тогтвортой цасан бүрхүүлтэй өдрийн тоо-110, цасан бүрхүүлийн дундаж зузаан 7 см байна. Тогтвортой цасан бүрхүүлтэй өдрийн тоо, цасны дундаж зузаан их байх нь хавар зуд болж мал хорогдох эрсдэлийг буй болгоно. Нийлбэр хур тунадасны хэмжээ 235 мм. Үүнээс хамгийн их VII сард 67.2 мм, хамгийн бага нь I сард 1.2 мм унадаг нь VII сараас 66 мм бага байдаг.
Архангай аймгийн Өгийнуур сумын хур тунадасны дундаж хэмжээ баруун хойд хэсгээр 300-400 мм, зүүн өмнөд хэсгээр 250-300 мм говийн болон зүүн бүсийн нутгуудтай харьцуулахад харьцангуй хур тунадас ихтэй байгаа нь газар тариалан эрхлэхэд таатай нөхцөл бүрдүүлнэ.
Хүйтэн улирлын хур тунадасны дундаж хэмжээ 10-20мм, дулаан улирлын хур тунадасны дундаж хэмжээ 200-300мм, харин агаарын харьцангуй чийгийн дундаж хэмжээ I сард 60%-70%, IV сард 30%-иас доош, VII сард 40%-50%, X сард 40%-иас доош байдаг.
Агаарын жилийн дундаж даралт 848 гПа байна. Гантай зуны давтагдал 30-35%, цасан шуургатай өдрийн тоо жилд 5-с доош, шороон шуургатай өдрийн тоо жилд 10- 20 байдаг. Баруун хойд хэсгээр хахир өвөл чийгийн хангамж 1.1-2.5, дулаан хангамж 1500-2000, харин зүүн өмнө хэсгээр хахир өвөл, чийгийн хангамж 2.6-4.0, дулаан хангамж 2000-2500. Салхины хурд IV сард хамгийн их буюу 3.1 м/сек, харин VIII сард хамгийн бага 1.4 м/сек байгаа нь IV сараас 1,7 м/сек-ээр бага байна. Салхи ихтэй байх нь салхины эрчим хүч ашиглахад тохиромжтой.
Гол мөрний усны горим:
-Хаврын шар усны ба дулааны улирлын хур борооны үертэй гол
-Хавар зуны шар усны үертэй гол ба Дулааны улирлын хур борооны үертэй гол
Өгийнуур сумын нутагт орших гол, нуур умард мөсөн далайн ай савд багтдаг. Энэхүү ай савд Дэлгэр мөрөн, Сэлэнгэ мөрөн, Орхон, Хануй, Тамир, Идэр гэх мэт гол мөрөн орно. Нэгж талбайд ногдох голын нийлбэр урт сумын хойд хэсгээр 0.10-0.15 км/км2, харин өмнөд хэсгээр 0.05-0.10 км/км2. Ус зүйн сүлжээний нягтшил их байгаа нь хур тунадас их ордогтой холбоотой.
Гол мөрний нийлбэр урсац хойд болон зүүн хэсгээр 25-50 мм, харин өмнөд баруун хэсгээр 50-100 мм. Гадаргын урсац 25-50 мм, газрын доорх урсац 25-50 мм, газар нутгийн чийгшил 200-250 мм, ууршилт 250 мм дээш, усны гадаргаас уурших ууршилт 400-600 мм. Харин гол мөрний усны горим: хаврын шар ус, зуны хур борооны усаар үерлэдэг гол, газар доорх ус 20%, цасны ус 25%, хур борооны ус 55%, гол мөрний мөсний горим 160-180 байгаа нь харагдаж байна.
Нуур нь далайтай нийлдэггүй, далайгаас хол орших, бүхэлдээ газраар хүрээлэгдсэн их ус юм. Өгий нуур баруун талаасаа Хөгшин Орхоны усаар тэжээгдэж, баруун хойшоо Хоолойн гол гарч Орхон голд цутгадаг. Өгий нуурын морфометрийн шинж чанар талархаг газрын нуурын мужид хамаарагддаг. Үнэмлэхүй өндөр-1337 км, талбай- 25 км, урт-7.4 км, өргөн-5.3 км, эргийн шугамын урт-24.7 км юм.
Газрын гүний эрдсийг шингээсэн өвчин эмгэгийг илааршуулахад тустай байгалийн ундарга усыг рашаан гэж нэрлэнэ. Өгийнуур сум нь цахир хүчилтэй халуун рашааны мужид багтдаг бөгөөд Сарлагийн, Цац толгойн, Тамирын улаан хошууны рашаан зэрэг рашаантай. Кали, натри, магни, гидрокарбонат зонхилсон найрлагатай, нутгийн хүмүүс ходоод гэдэс дотрын өвчинд ууж сувилдаг.
Өгийнуур сум нь Бага Дүүхээ Орхон Тамирын бэлчрээс урагшаа нугын давсархаг, нунтаг карбонатлаг хүрэн хөрс, зүүн өмнө хэсгээр нунтаг карбонатлаг хүрэн, Хотонт сумтай хиллэж буй хэсгээр нугын давсархаг, сумын төв орчим нунтаг карбонатлаг хүрэн харин нуурын орчим нугын давсархаг, баруун нугын хээршсэн хөрс тархсан байна.
Цөлжилтийг зэрэглэлээр нь доройтоогүй, сул, дунд хүчтэй, нэн хүчтэй гэж ангилдаг. Өгийнуур сумын нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь сул зэрэглэлтэй, сумын төв хэсгээр доройтол илрээгүй, зүүн хойд хэсгийн багахан хэсгээр нэн хүчтэй зэрэглэлд багтаж байна.
Өгийнуур сум нь ландшафтын хувьд нутгийн төв хэсгээр хуримтлалын гаралтай умард хуурай хээрийн, Өлзийт сумтай хиллэж буй хэсгээр хуримтлалын, нуур орчим хэрчигдэлтэй элэгдэл эвдрэлийн, зүүн хойд хэсгээр тэгшрэлийн гадаргатай хуримтлалын, сумын төв орчим элэгдэл хуримтлалын, баруун өмнөд хэсгээр давсархаг ландшафт зонхилдог.
Тус сум нь Хангайн уулт өндөрлөгийн зүүн хэсгийн өндөр уул бүхий ой хээр, умард хуурай хээрийн дэд муж - ар хажуугийн ой /10-20%/, ян сарьдаг /10%-иас бага /, хээр /10%-иас бага / бүхий уулын нугын мужлалттай. Өлзийт болон Хашаат сумтай хиллэж буй хэсгээр өмнөд хуурай хээрийн, ар хажуугийн ойн, умард хуурай хээрийн, нуурын орчим бүсийн ландшафт нугын, сумын төв орчим өмнөд хуурай хээрийн, баруун умард хуурай хээрийн гэсэн бүсүүдэд багтаж байна
Өгий нуур нь олон сая жилийн өмнө хөрсний цөмрөлтийн улмаас тогтсон байгалийн үзэсгэлэнт нуур агаад манай улсын томоохон нууруудын нэг. Загас агнуурын баялагтай, түүхэн домог ч арвин. Өгийнуур нь 25 ам.км талбайтай, 7,4 км урт, 5,3 км өргөн, эргийн шугамын урт нь 24,7км, дунджаар 10м гүн, хамгийн гүн газраа 15,3м, эзэлхүүн нь 147,9 сая шоо метр, 12 дугаар сараас хадаалж баримтаглан 1-2 дугаар сард 1.0-1,3м зузаан хөлддөг. Хүхэрт устөрөгчөөр баялаг, наанга шавар тунадаг, эргийн дагуу элс хайрагтай, гүехэн хэсэгт нь усны ургамал замаг ургадаг. Орхоны хөндийн сав газрын экосистемийг судлах төслийнхний судалгаагаар 14 зүйл загас, 27 зүйл хөвөгч ургамал, 45 зүйл хөвөгч амьтантай нь тогтоогдсон бөгөөд нуурын орчим сав газраар 95 зүйл шувуу намаржин, зарим нь нүүдэллэн дайрч өнгөрдөгөөс гадна монгол бах, гүрвэл, могой, туулай, дорго, чоно, зараа, сарьсан багваахай зэрэг амьтад байгааг судлан бүртгэсэн. Түүнчлэн Орхон гол дээр 1960 онд анх баригдсан модон гүүрийг барих ажилд "Буур" хэмээх Жамъян аварга биечлэн оролцож найман алд бүдүүн гуалинг гүүрний тууш нуруун дээр тавьсан бөгөөд тус гуалангийн хажуу талд ""Буур" хэмээх Жамъян аварга өргөж тавилаа" хэмээн сийлсэн бичиг одоо хүртэл буй.
Тамирын Улаан хошуу хэмээх газар Өгийнуур сумын төвөөс хойд зүгт 24 км зайтай оршино. Уг оршуулгын газрыг 2000 онд археологч З.Батсайхан нээн илрүүлж малтлага судалгаа хийжээ. 2002, 2004 онуудад археологч Ц. Төрбат малтлага судалгаа хийж дэвсгэр зураг үйлдэн 370 булштай хүннүгийн жирийн иргэдийн томоохон оршуулгын газар хэмээн тэмдэглэсэн байна. Ареологчид тус газар жил дараалан малтлага судалгаа хийж цөгцөн ёроолт хүрэл тогоо, төрөл бүрийн ваар сав, хүрэл толь, эрдэнийн чулуун сувс зэрэг олон сонирхолтой олдвор олжээ.
Өгийнуур сумын төвөөс хойш 20 гаруй км Тамирын голын хойд хөвөөнд Хэрмэн тал хэмээх газар оршдог. Тус хэрмүүд нь баруунаас зүүн тийш цуварсан гурван хэрмээс тогтоно. Баруун талын хэрэм нь 1.5 м өндөр, 400х452 м хэмжээтэй, хойд ба баруун зүүн урд талдаа хаалгатай, хаалганы өндөр 10 м, хэрмийн дотор, төв хэсэгт 35х25 м хэмжээтэй орды турь байх ба түүний буруун урдхан талд дөрвөн хэсэг шороон овгор байна. Мөн эдгээр хэрмүүдийн ойр орчимд 4-6 км зайд Бурхан толгой, Эмээл толгой зэрэг хүннүгийн жирийн иргэдийн булш бүхий томоохон оршуулгын газрууд байх ажээ.
Өгийнуур сумын “Өгий” багийн нутагт Чилэн хэмээх эртний хотын үлдэц оршино. Уг балгасыг 2002, 2003 онуудад археологчид судалгаа хийж дэвсгэр зураг үйлджээ. Уг хотын үлдэцийг нутгийнхан одоо Чилэн, Чилэн балгас, Чилэн хангай хэмээн нэрийддэг байна. Чилэн нь Орхон гол дээрх Өгийн гүүрийн өмнө этгээдэд 2.5 км зайд, Орхон, Хөгшин Орхон хоёр голын хоорондох уудам цалгай хөндийн умард үзүүрт оршино. Чилэн нь зузаан шороо үелэн дагтаршуулж үйлдсэн залгаа хоёр хэрмээс бүрдсэн хот ажээ. Үндсэн хэрэм нь хойд зүгтээ байрласан бөгөөд нэг хэрмээс нь нөгөөд шууд орж гардаг хаалгатай. Одоогийн байдлаар, хойд талын гол хэрмийн үлдэц нь өндөр бөгөөд зузаан ажээ. Гол хэрмийн өндөр 59 м, хэрэм сууриараа 26 м өргөн, дээгүүрээ 4-6 м өргөн байна. Энэ хэрэм зүүн хойд хэсгээрээ хамгийн өндөр бөгөөд тэр нь гадна талаас 18 м өндөр юм. Уг балгасыг судлаачид 1900-аад үны эхээр анх нээн илрүүлж зохиол бүтээлдээ тэмдэглэсэн байдаг. В.В.Радлов, Д.Д.Букинич, С.В.Киселев, А.Очир нарын судлаачид тусгайлан судалсан байдаг. Тэд уг балгасыг Монгол нутагт ноёрхолоо тогтоож байсан Уйгар (МЭ VIII зуун-МЭ IX зуун), болон Кидан (МЭ IX-зуун- МЭ-XII зуун) улсын үед холбогдоно гэж үзжээ.
Уг балгас нь Архангай аймгийн Өгийнуур, Хотонт сумын зааг нутаг Дойтын Цагаан нуурын өмнөд этгээдэд нуурын гадаргаас дээш 50 метрт “Дойтын толгой” хэмээх жижиг уулан дээр оршино. Энэхүү дурсгалт газрын төвд уртаараа 60 м, өргөнөөрөө 50 м, өндрөөрөө 1,5 м суурь, түүнийг тойроод өмнө талаас нь бусад хэсэгт тус бүр 20х10 м таван жижиг барилга байна. Нийт талбай нь хойноос урагш 150 м, зүүнээс баруун тийш 250 м. Тус дурсгалт газарт анх Оросын шинжилгээний анги 19-р зууны сүүлээр хайгуул судалгаа хийж схемчилсэн дэвсгэр зураг хэвлүүлжээ. Түүний дараа монголын нэрт эрдэмтэн Х.Пэрлээ, Ширайши Нориюи нар судалсан байдаг ба эл балгас нь Персийн алдарт түүхч Ала-Дин Ата-Мелик Жувейнийн “Дэлхийг байлдан дагуулагчийн түүх” хэмээх сурвалжид тэмдэглэж үлдээсэн Өгөөдэй хааны 1237 онд босгосон хаврын орд болох “Гэгээн цагаан орд” байсан нь археологи болон сурвалжийн баримтаар нотлогдож байна.
Мөн "Дойт толгой"-г нутгийн зарим хөгшчүүл "Дой" хэмээх хатны нэрээр нэрлэгдсэн толгой хэмээн хуучилдаг.
Өгийнуур сумын Тамирын голын орчимд Чингис хааны 2-р хөвүүн Өгөөдэй хааны зуны орд болох “Шар орд” байсан тухай түүхэн сурвалж бичгүүдэд тэмдэглэгдсэн байдаг. Өгөөдэй хааныг насан өөд болоход залгамжлах хаанаар түүний ахмад хөвүүн Гүегийг хаан ширээнд залах хуралдааныг Өгөөдэй хааны их хатан Туракина удирдан 1246 онд “Шар орд”-нд хийлгэсэн гэдэг.
1845 онд Оромбо гэгээн 4 дацан, 4 дуган, 4 жастай нэгэн хүрээ бариулсан бөгөөд түүнд голдуу Түвд лам нар суудаг байжээ. Уг хийдийн турь одоо Өгийнуурын умардад Баясгалант уулын өвөрт оршдог. Нутгийн зон олон тус хүрээг "Оромбын хүрээ" хэмээн нэршсээр ирсэн.
Мөн Өгийнуур сумын нутагт "Хорчиг гүнийн хурал" хэмээх хийд байсан гэх мэдээлэл байдаг боловч чухам хаана байсан нь тодорхойгүй байна.
Хээрийн ургамалшил нь хойноосоо урагшаа нугын хээр, жинхэнэ хээр, цөлжүү хээр гэсэн дарааллаар солигдон тархжээ. Өвс ургамал нь нутгийн алаг хиаг, хялгана, жижиг дэнлүүрт, үет хялгана бургас, шугуйн алаг өвс ургах боловч говь хээрийн бүсэд ургадаг ургамал, цэцэгтэй эмийн ургамлаас говийн ганга, Өгий нуурын зүүн, зүүн өмнөд тал нутгаар цагаан түрүү, зээргэнэ, Зэгэстэйн баруун, зүүн урд талын нутгаар хүнсний зориулалтад хэрэглэх гоньд жууцай, Орхон голын сав газарт мэхээр ургана.
Харин Өлзийт сумтай хиллэж буй хэсгээр-сөөг, чулуусаг алаг өвс ба ботуульт бүлгэмдэл, Хашаат сумтай хиллэж буй болон Өгий нуурын орчим-сөөгт ба жижиг бутлаг үетэн, өмнө хэсгээр-сөөг, баруун хэсгээр-жижиг бутлаг үетэн хялганат, сөөг, чулуусаг алаг өвс ба ботуульт бүлгэмдэл тархана. Алаг өвс-хялганат бэлчээр нь уулын хээрийн хар хүрэн хөрс дагаж уулын энгэр бэл, хормой, ухаа гүвээ ам хөндийгөөр тархана.
Монгол орны нутаг дэвсгэр байгалийн газарзүйн хувьд нэн өвөрмөц онцлогтой учир бүс, бүслүүр үүсэж үүнд зохицон амьдрах амьтны аймаг нь ихээхэн баялаг бүрэлдэхүүнтэй юм. Иймд тус оронд өндөр уулын тагийн бүслүүрээс авахуулаад цөлийн бүс хүртэлх бүхэл бүс, бүслүүрийн амьтад амьдрах нөхцөл бүрджээ. Өгийнуур сумын хөхтөн амьтан үлийн цагаан оготно жилийн турш байдаг. Зүүн өмнө хэсгээр- оготно, баруун хойд хэсгээр- монгол огдой байна. Үлийн цагаан оготно их байх нь бэлчээрийг ихээр сүйтгэдэг.
Тус сумын нутагт улаан номонд орсон хар тогоруу Орхон голын сав, Тамирын адгаар зусдаг. Баруун хэсгээр ойт хээрийн шувуу-цагаан дэглий, бор галуу ангир, алаг шунгаач, сохор элээ, намгийн цагаан элээ, шилийн сар, цармын бүргэд, идлэг шонхор, хайргын хөгчүү, харин хойд, өмнө зүүн хэсгээр уулын хээрийн шувууд болох хилэн омруут ахууна, тураг гогой, ангир, алаг шунгаач, сохор элээ, намгийн цагаан элэгт, цармын бүргэд, ѐл, эдлэг шонхор, хайргын хөгчүү зэрэг шувуудтай.
Манай орны уулархаг нутгийн гол мөрөн, нуур, говийн шорвог давст нуурт 11 овог, 36 төрөлд хамаарах 75 зүйлийн загас байна. Нуур, голуудын газарзүйн байршил, хэв шинж, амьдрах орчны онцлогоос хамааран загасны зүйлийн бүрдэл харилцан адилгүй байх бөгөөд улаан нүдэн, цурхай, зэвэг, алгана, тул гутаар, бэс загас, мөнгөлөг хэлтэг, цурхай зэрэг Орхон голын савд 14 зүйл загас байдаг.
Өгийнуур сум нь Умард мөсөн далайн ай савд багтдаг тул гол, нуур нь Сибир хилэм, тул, зэвэг, цагаан загас, пельд, омоль, Сибир хадран, балиус, цурхай, улаан нүдэн, нуурын жараа, нүцгэн жараа, мөнгөлөг хэлтэг, булуу цагаан сахалт эрээлж, сибирын нусган жараахай, цулбуурт, алгана, сибирын шанаган загас зэрэг олон төрөл зүйлийн загастай.
Өгийнуур сум 2014 оны байдлаар 3073 хүн амтай байсан ба үүнээс Өгий баг 539, Орхон 618, Тоглох 695, Зэгстэй 603, Дойт 618 хүн амтай байжээ.
2007 оны байдлаар 1 км2 нутаг дэвсгэрт 1-5 хүн ногдож байсан.
Сумын иргэдийн насны байдлыг авч үзвэл 2014 оны байдлаар 0-4 нас 10%, 5-10 нас 25%, 15-59 нас-60%, 60 дээш нас-5%-ийг тус тус эзлэж байв.
Баатад, Боржигин, Өөлд, Харнууд, Хойд, Хошууд, Цахар, Цорос, Монгол, Урианхан[9].
/Архангай аймгийн өсвөрийн хөнгөн атлетикийн 100метрийн гүйлтийн төрлийн рекордыг шинэчлэн тогтоосон/ 2018 /Идэрчүүдийн хөнгөн атлетикын 100'200 метрийн гүйлтийн улсын аварга/ 2018
/Улсын шигшээ багийн тоглогч/ 2017 /Клубын аварга болон цомын аварга шалгаруулах тэмцээнүүдээс 10 гаран удаа шилдэг тоглогчоор шалгарсан/
БОАЖЯ, Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага хамтран хэрэгжүүлж буй ус намгархаг газрын экосистем хамгаалах, зохистой ашиглах голын сав газрын менежментийн загвар төслийн хүрээнд Өгий нуурын Мэдээлэл, сургалтын төв байгуулагдан ажиллаж байна.