Өлгөр цагааны бие урт, хажуугаасаа хавчигардуу. Нуруу ногоовтор-саарал, биеийн хажуу ба хэвлий мөнгөлөг цагаан, хайрсны захаар бараан эмжээртэй. Ам дээд, сахалгүй. Сүвийн сэлүүр урт, эхний 10 орчим цацраг тод улаан ягаан, хэвлий, сүүлний сэлүүрийн доод хэсэг улбар өнгөтэй. Нурууны сэлүүрт маш хатуу гуурстай. Цагаан Амар загастай харьцуулахад хэвлий болон сүвийн сэлүүр хүртэл үргэлжилсэн хянгатай, хянган хэсэг хайрсгүй.
Биеийн урт 35 см хүрнэ. 4 насандаа бэлгэ боловсорч үржилд орно. 6 сарын эхээс голын эхэн болон адаг хавиар цугларч түрсээ шахна. Бэлгийн булчирхай дотор эрхтэний хоёр талаар биш, хэвлийн хөндийн дунд нэг уутанд боловсордог. Атуу 18,600-89,400 ширхэг түрсийг нуурын эргийн зэгс, ургамалд шахна. Түрсний голч 1.0-1.3 мм, цэнхэр ногоон өнгөтэй. Өсвөр насны өлгөр цагаан нь хөвөгч амьтдаар хооллож байгаад бие гүйцсэн үедээ загасаар хооллоно. Түүний идэш тэжээлд хэлтэг, амарын сугас зонхилно.
Нуурын усанд амьдрахад зохилдсон загас юм. Дулааны улиралд зэгс, ургамалтай газрыг бараадан эрэг хавиар идээшилж, намар гүн тийш орох боловч голын адаг хавьд зонхилон өвөлжинө.