Өлзийт сум
ᠥᠯᠵᠡᠶᠢᠲᠦᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Дундговь |
Газар нутаг | |
• Нийт | 15,421 км2 (5,954 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 2,274 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Өлзийт нь Дундговь аймгийн сум юм.
Богд хаант Монгол улс байгуулагдсанаас хойш Түшээт хан аймгийн Говь Түшээ гүний хошууны тайж мэргэ ахуйн албат болон, Богд Живзундамбын шинэ шавь, Дөч баг хэмээн нэрлэгдэж асан гурван хэсгээс хожмын Өлзийт сумын нутаг дэвсгэр,албат харъяатууд бүрдсэн түүхтэй ажээ.Тэр үед нутгийн мал хөрөнгийн ихэнх нь нутгийн цөөн тооны баячууд хийгээд Дөч, Далай, Ноён, Билүүн, Эрдэнэ баян зэрэг томоохон сүм хийдүүдийн мэдэлд төвлөрч байсны гадна нутгийн эрэгтэйчүүдийн дийлэнх олонх нь сүм хийдүүдэд шавилан суудаг байснаас жирийн малчин ардуудын амьдрал ихээхэн ядуу дорой байсан тухай ахмад настан Х.Пунцагдаш, П.Батаа нар дурсан ярьсан байдаг.
1921 оны Ардын хувьсгалаас хойш орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчлөн хуучны хошуу ноёдыг халж засаг захиргааны нэгжийг шинээр зохион байгуулж эхэлснээр 1924 онд хуучин Мэргэ ахай, Богдын шинэ шавь, Дөч багийн албатуудыг нэгтгэн нэгэн сум болгож, сумын төвийг Хөнжлийн уулын өвөрт орших Өвөр дэрсэн усан дээр ганц гэртэйгээр байгуулан, харьяат ардуудыг хуралдуулан, сумаа нутгийн олны тахин шүтдэг Өлзийт овоогоор нэрлэн, сумын зангиар олонд нэр хүнд бүхий, харц гаралтай Сүрэнхорыг сонгосноор Монгол улсын түүхэнд “Богд хан уул (Одоогийн Төв аймаг)-ын аймгийн Дэлгэрхангай уулын хошууны Өлзийт сум” хэмээх нэгэн хамт олон бүрэлдэн тогтсон байна. Тухайн үед сумын айл өрхийг 4 тавин болгон хувааж байсан тухай мэдээнээс үзвэл 200 орчим өрхтэй байсан бололтой. Тэр үед сумын ардууд өмнөд хязгаарыг Улаанбаатартай холбосон Гүн заараг, Сайн Гүн, Хөх сухайт зэрэг 3 том суурь өртөөний албыг давхар хашиж байсан учир өртөөний алба болон малынхаа нутаг бэлчээрийг зохицуулах хэмээн ихэд зүдэрдэг байжээ. Түүнээс болж сум ганц гэрээ тэмээнд ачаад малдчдынхаа нутаг бэлчээрийг даган нүүдэг байсан тухай ахмадууд хуучилдаг байв.
1927 онд хийгдсэн засаг захиргааны шинэчлэлтээр Өлзийт сумыг Богд хан уул (Одоогийн Төв аймаг)-ын аймгийн Шанхай уулын хошуунд харьяалуулах болоод удаагүй байтал1931 онд Өмнөговь хэмээх шинэ аймаг байгуулагдсан учир орон нутгийн засаг захиргааны нэгжийн хуваарилалтаар Шанхай уулын хошуу нь Өмнөговь аймгийн харьяанд очсон тул Өлзийт сум ч хамт очжээ. Энэ үед Монголын баруун болон өмнө талын аймгуудад, тухайн үеийн төр засгийн хэт зүүний бодлогод дургүйцсэн лам хувраг, сүсэгтэн олны бослого хөдөлгөөн өрнөсөн байна.Тэр хөдөлгөөн Өлзийт сумыг ч тойрсонгүй.1932 оны хавар тус сумын нутагт лам Ширбазар, Лувсан, Дэлэгсамба тайж, Сэрээ нараар удирдуулсан хувьсгалт засаг төрийн эсрэг хөдөлгөөн өрнөж, шашин бурханаа хамгаалах гэдэг нэрийн дор айлуудыг хил давуулан нүүлгэж эхэлсэн ажээ. Тийнхүү ард олныг гадаадад нүүлгэх хэмээсэн эсэргүү хүчний явуулга,түүнийг таслан зогсоохоор явуулсан засаг төрийн үйл ажиллагаа хоёрын хооронд нутгийн ард олон амь нас,эд хөрөнгөөрөө хохирон сүйдсэн баримт цөөнгүй байдаг. Дээрх хөдөлгөөнийг таслан зогсоох үйлсэд хүчин зүтгэж явсан Өлзийт сумын дарга Б.Мөнх, мөн сумын уугуул, Цогт сумын МХЗЭ-ийн үүрийн дарга Т.Бор нар эсэргүү этгээдүүдийн гарт харамсалтайгаар амь насаа алдсан байна.
1933 онд хийгдсэн засаг захиргааны дахин хуваарилалтаар Цогт-Овоо, Хулд сумдаас тус бүр нэг багийг Өлзийт суманд таслан өгснөөр сум 6 баг, 458 өрх, 1400 хүн, 47,1 мянган толгой малтай болж Гүн Үнэгэд хэмээх газар төвлөрөөд арваад жил болж байтал 1942 онд Дундговь аймаг байгуулагдаж Өмнөговь аймгийн зарим сумыг шинээр байгуулагдсан Дундговь аймагт шилжүүлэх болжээ. Тэдгээр сумын нэг болох Өлзийт сумын 3-р багийг Манлай суманд 6-р багийг Цогтцэций суманд таслан өгч,үлдсэн 60-аад мянган малтай 5 баг бүхий сумыг Дундговь аймгийн харьяанд шилжүүлсэн байна. Тийнхүү сумын удирдлага хойд талдаа гарч, сумын өмнө талын нутаг дэвсгэр Өмнөговь аймгийн харьяанд үлдсэн учир 1942 онд сумын төвийг дахин нүүлгэж өнөөгийн З-р багийн төв байгаа Тагтын усан дээр төвлөрүүлсэн бөгөөд сум тэнд 14 жил суурьшин,албан контор,улаан булан,бага сургууль,сургуулийн гал зуух, хоршооны агуулах зэрэг хэд хэдэн байшин барилгыг барьж нилээд тохижиж байсан боловч орон нутагт удаа дараа тохиож байсан ган, зудын гамшгийн улмаас малчид аймаг сум дамжин нүүдэллэж мал сүргээ ган зудын гамшгаас хамгаалж байжээ.
Түүний улмаас сум малчдаа даган нүүхээс өөр арга үгүй болдог байснаас сумын төв нь өөрийн сумын Хөтөл ус, Дэрт, Баянцагаан зэрэг газруудад нүүн төвлөрч байснаас гадна Сайнцагаан, Дэрэн, Говь-Угтаал, Баянжаргалан сумд болон Дорноговь аймгийн Айлбаян, Өмнөговь аймгийн Ханбогд зэрэг сумдын нутагт нүүн очиж түр хугацаагаар төвлөрч байсан удаатай ажээ.Тийнхүү олон удаа нүүж байснаас болж,1960-аад оны дунд үеийг хүртэл нэг газар тогтвортой суурьшин төвлөрч чадаагүй байна. 1950-иад оны үед сумын дарга, аймгийн соёлын хэлтсийн даргаас сумын клуб барих төсөв хөрөнгө хүссэнд, цаад даргань “Танайх шиг тэмээний нуруун дээр явдаг сум байшингаар яах юм бэ? Түүний оронд хэдэн майхан хийлгэсэн нь дээр биш үү?” хэмээн ёжилсон тухай онигоо хүртэл гарсан байдаг. Тийнхүү Өлзийт сум нь Дундговь аймгийн ууган сумдын нэг атал сумын төвийн тохижилтоороо хамгийн отгон нь болсон түүхтэй болно.
1924-1961 оны хооронд сумын даргаар Сүрэнхор, Х.Дашдаваа, Эрэндоо, Б.Мөнх,Э. Жигжиджав, Ж.Цэнд, С.Далхаа, Л.Мажаажамба, Б.Цэрэн, Ц.Мижид, Дорж, Паламдорж, Х.Пунцагдаш, П.Батаа, Н.Лувсандорж, Л.Дамдинжав, Х.Лувсанбалданнарын хүмүүс ажиллаж байсан бөгөөд тэдгээр дарга нар тухайн үеийн нам төрийн бодлого шийдвэрийг ард олонд тайлбарлан таниулах, хувьсгалын эсэргүү хөдөлгөөнийг дарах, улс орныг батлан хамгаалах ажлыг орон нутагт зохион байгуулах, улсын төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэх, хөдөөд соёлын хувьсгал хийх, хувийн аж ахуйтныг хоршоолох гэх мэт цаг үеийн олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө мориноосоо буулгүй зүтгэж явсан тухай ахмадууд хуучилдаг юм.
Өлзийт сум дангаар оршин тогтнож байх хугацаанд, сумын хамт олны дундаас,баатарлаг үйлстэн Түвдэнгийн Бор, Цогзолын Сайнбаяр, Улсын сайн малчин Эмгэний Түмэндэлгэр, Даваагийн Ёндон, Равдангийн Лувсанрагва, Энхийн Жигжиджав, ард түмэндээ хүндлэгдсэн удирдагч Халтарын Пунцагдаш, Пүрэвийн Батаа нарын зэрэг тэргүүний хүмүүс тодорон гарснаас гадна хожмын, Монгол улсын ардын жүжигчин Нямын Дагийранз, соёлын гавъяат зутгэлтэн,төрийн шагналт зохиолч Долгорын Нямаа, гавьяат жүжигчин Гогойн Дамбийжанцан, Цэндийн Сандаг, Лхамсүрэнгийн Чимэддорж, Батчулууны Сарантуяа, хүний гавъяат эмч Пэлжидийн Банзрагч, гавьяат нэгдэлчин Х.Баянжаргал, гавьяат малчин Х.Отгон, Сангийн Яамны дэд сайд Чүлхрэмийн Цэнд, эрдэмтэн доктор Д.Хүүхэнбаатар, Д.Отгонбаатар, М.Чимэддорж, Л.Оюунтуяа, С.Чанцалмаа, улсын Монгол улсын аварга малчин Т.Чимэд, С.Дашдорж нарын зэрэг олон арван нэр алдартай хүмүүс төрсөн байна. /Сумын алдартануудын тухай дэлгэрэнгүй жагсаалт энд байгаа/
Монгол орон Манжийн дарлалд байсан үе болох 1728 онд Манжийн хааны зарлигаар Сэцэн хан аймгийн Мэргэ ван, Түшээт хан аймгийн Говь түшээ гүн,Дайчин бээс, Эетэй бээл зэрэг хошуудын нутаг дэвсгэр,албат харьяатуудаастаслан авч Ховд, Улиас тайн чиглэлийн өртөө замын дагуу өмнөд хилээс одоогийн Өвөрхангай аймгийн Баянгол сумын нутаг Хадат хүртэл суурьшуулан, Өвөр монголын Харчин хошуунаас нүүлгэн авчирсан цөөн тооны харчин айлуудын удирдлаган дор Манжийн цэргийн буухиа өртөөний албыг гүйцэтгүүлэх болжээ.Харчин өртөөгөөр Их Хүрээ,болон Ховд, Улиастайд суухманж сайдболон манж цэргийн түшмэлүүдэд хүргэх гол төлөв цэрэг стратегийн ач холбогдолтой маш нууц бичиг захидлууд дамждаг байсан учраасөртөөний алба маш хатуу дэг журамтай байжээ.Жишээ нь буухиа шууданг ямар нэгэн байдлаар саатуулсан хүнийг дөч хүртэл ташуурдах буюу мориор торгох,шууданг алдаж үрэгдүүлсэн хүнийг цаазлан хороох ял оноодог байжээ.
Тийнхүү олон арван жил,үе удмаараа хатуу дэг журамд нухлагдсаны нөлөөгөөр Харчин өртөөнийзамын дагуух нутгийн ард олон,аливаа ажилд хариуцлагатай,ажил хэрэгчээр ханддаг,малч ажилсаг уламжлалтай байдаг онцлогтой тухай нутгийн хөгшчүүл ярьдаг байв. Манжийн үед өртөөг ахалж байсан харчин айлууд нь өртөөнд дайчлагдан очсон халх өртөөчид болон цагдаа өрхүүдээс цөөн байсан учир цагийн уртад нутгийн халхуудад уусан алга болсон ч “Харчид” хэмээх нэр нь хэвээр үлджээ. Харчид хэмээхнэр томъёоны талаар сурвалжлахад, тэд нь нэгэн цагт Чингэс хааны өвөг Бодончирын харъяанд,Бурхан Халдун уулыг эзэгнэн сууж асан монголын 3 том овгийн нэг болох Урианхан нарын үр удам бөгөөд хожим XVIзуунд Гэсрэнзийн хөвүүн Саму Бумагийн харъяанд очсон халхын 7 хошууны нэгний албатууд болох тухай Монгол улсын түүхийн сурвалж бичигт дурьдсан байдаг ажээ.1911 онд Монгол улс манжийн дарлалаас салж Богд хаант улс байгуулсны дарааХарчин өртөөний дагуух бүх нутаг дэвсгэр,албат харъяатуудыг Богдын шавьд харъяалуулан,нутаг дэвсгэрийн байдлаар нь хуваан гүн,бээл,бэйсийн хэргэм зэрэгтэй хүмүүсээр захируулах болжээ.Энэ хуваалтаар өмнөөс умар зүгт Бор овоогоос Булаг хүртэл,дорноос өрнө зүгт Тасын Долоодоос ШандСүүж хүртлэх нутаг дэвсгэр, албат харъяатуудыг гүн Сандаг гэгчээр захируулсан ажээ.
1921 онд Ардын засаг тогтсоноос хойш хийгдсэн засаг захиргааны шинэчилсэн зохион байгуулалтаар Сандаг гүнд харьяалагдаж байсан нутаг дэвсгэр, албат харьяатуудыг нэгэн сум болгож, сумын албат харьяатуудын анхдугаар хурлаар сумаа нутгийн тахилгат овооны нэрээр Баясгалант хэмээн нэрийдэж, сумын даргаараа Пунцагдоржийг сонгосноор Богд хан уулын аймгийн Хоёр Өлзийт уулын хошууны Баясгалант хэмээх нэгэн сум бий болжээ. Тухайн үеийн “Хоёр Өлзийт” уулын хошуу гэдэг нь Мандах, Манлай, Баясгалант гэсэн 3 сумтай бэсрэг хошуу байсан бөгөөд хошууны төв нь одоогийн Дорноговь аймгийн Мандах суман дээр төвлөрч байжээ. Баясгалант сумнь анх Бор-Овоогийн хийд дээр төвлөрч байгаад 1927 онд хийгдсэн засаг захиргааны дахин шинэчлэлтээр Богд хан уулын аймгийн Дэлгэрхангай уулын хошууны харьяанд шилжиж,сумын төвийг Загийн усан дээрнүүлгэн төвлөрүүлжээ.Тэндээ хэдэн жил болж байтал 1931 онд Өмнөговь аймаг байгуулагдаж Баясгалант сумыг Өмнөговь аймгийн Шанхай уулын хошууны харьяанд шилжүүлсэн учир сумын төвийг Хөтөлийн усны зүүн овооны энгэрт байх “Байшинт”-д төвлөрүүлж байгаад 1934 онд тэндээсээ нүүж Хөтөлийн хийд дээр буугаад, тэр үед сумын дарга байсан цоохор хэмээх Жамбалдоржийн санаачлагаар сумын нэрийг Буянт-Овоо болгон өөрчилсөн байдаг.
Тэр үеийн тоо баримтаас харахад Буянт-Овоо сум 4 баг, 341 өрх, 1100 хүн, 36,4 мянган малтай байжээ. Сум хөтөл дээр 20 гаруй жил төвлөрөхдөө хийдийн хуучин байшин барилга дээр нэмж сумын контор, клуб зэргийг барьсаар нилээд тохижоод байтал 1955 оны өвөл сумын клубт гарсан аюулт түүмэрт олон хүний амь нас эрстсэн учир сумын малчид хөдөлмөрчид сумын төвийг өөр газар шилжүүлэх хүсэлтийг удаа дараа тавих болсон байна. Сумын удирдлагаар олныхоо хүсэлтийг харгалзан 1957 онд сумын төвийг нүүлгэн Энх, Зайрмагтай зэрэмжийн газар түр хугацаагаар буудаллаж байгаад 1959 онд Хэсрээд төвлөрсөн байна.Тэр үеийн Буянт-Овоо сумын ард түмний дундаас нам,төрийн нэрт зүтгэлтэн Б.Жамбалдорж, Г.Бидэръяа, Б.Сумъяа, Д.Зундуй, Улсын сайн малчин Ю.Халтар ,С.Халтар, Ч.Гочоосүрэн, Б.Думсүрэн, Ц.Цэрэндорж нарын зэрэг тэргүүний хүмүүс олноор тодорсноос гадна хожмын, Монгол улсын хөдөлмөрийн баатар Д.Цэнд, Л.Дашням, Монгол улсын ардын жүжигчин А.Нэргүй, гавьяат жүжигчин ,Ж.Дүнжмаа, Л.Буянхишиг, А.Дашпэлжээ, эрдэмтэн доктор Ж.Цэвэгмид, С.Батмөнх, Г.Хүүхэнхүү, ардарт дуучин Д.Бальдир нарын зэрэголон арван алдар цуутай хүмүүс мэндэлсэн байна. 1924-1961 оны хооронд Буянт-Овоо сумын даргаар Пунцагдорж,Паламдорж, Б.Жамбалдорж, Дорж, Гончигдагва, Дамбий ням, Д.Орго, П.Батаа, С.Лүйжин, Б.Сандагдорж нарын зэрэг хүмүүс ажиллаж байсан байна. 1961 онд Монгол улсын Засгийн газраас Буянт-Овоо сумыг татан буулгах шийдвэр гаргаснаар Өлзийт сумтай нэгдсэн байна.
Монгол улсын Засгийн газраас 1950-иад онд гаргасан,сумдын газар нутаг, айл өрх,мал сүргийн тоог тэгшитгэх зорилгоор зарим жижиг сумдыг нэгтгэх тухай шийдвэрийн дагуу Дундговь аймгийн Цогтчандман,Цагаан–Овоо,Шохойт зэрэгарваад сумыг татан буулгаж өөр сумтай нэгтгэсний нэгэнд Буянт-Овоо суморж 1961 онд татан буугдаж Өлзийт сумтай нэгдэх үйл явц эхэлсэн байна.Тийнхүү хоёр сум,нэгдэл нийлснээрӨлзийт сум хойд талаараа Сайнцагаан сумтай 14 км, зүүн хойд талаараа Гурвансайхан сумтай 110 км, зүүн талаараа Өндөршил сумтай 48 км, зүүн өмнө талаараа Дорноговь аймгийн Мандах сумтай 38 км, өмнө талаараа Өмнөговь аймгийн Манлай сумтай 134 км, баруун өмнө талаараа Өмнөговь аймгийн Цогтцэций сумтай 41 км, Цогт-Овоо сумтай 61 км, баруун талаараа Хулд сумтай 103 км, баруун хойд талаараа Луус сумтай 24 км газраар тус тус хиллэх болж,аймгийнхаа нийт нутаг дэвсгэрийн тавны нэг буюу нэг сая таван зуун мянган га талбайг эзэлсэн асар уудам нутаг дэвсгэртэй,230 өрх,1246 хүн ам,82,9 мянган толгой малтай том сумнэгдэл болж нутгийн уугуул, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Будын Сумьяагийн шүлэглэн хэлснээр:
Өлзийт Буянт хоёр нийлээд
Өлзий учрал нь бүрдсэн
Буянт Өлзийт хоёр нийлээд
Буян хишиг нь нэмэгдсэн... түүхтэй билээ.
Ардын засаг Монгол орныг гадаадын түрэмгийлэн эзлэгчдээс чөлөөлж, дотоодын мөлжигч ангийн дарангуйллыг устгасан хэдий ч хөдөөгийн малчдын амьдрал төдийлөн сайжирч чадахгүй байжээ.Тэр үеийн хувийн аж ахуйтан малчид баян хоосон ялгаагүй, будаг шунх гэх юмгүй утаа тортог болсон бор гэр, хуучин цагийн ис тортог болсон бор авдар,модон ор төдийхэн тавилгатай гэрт гол төлөв бор гурил, шар будаа,цагаан идээ мэтээр амьжиргаагаа залгуулж байсан гэхэд нэг их хилсдэхгүй билээ. Тухайн үеийн малчдын амьдрал тийнхүү тааруу байсны гол шалтгаан ньнэгдүгээрт тухайн үед мал болон малын ноос,түүхий эд хэтэрхий хямд үнэтэй байсан,хоёрдугаарт хувийн аж ахуйтан малчдад мал махаа борлуулах зах зээл гэж бараг байгаагүй, гуравдугаарт тухайн үеийн төр засгаас хувийн аж ахуйтны малын тоо толгойн байдлаар нь зэрэглэл тогтоон малын толгой тутамд албан татвар оноож байсан зэрэгтэй холбоотой байв.
Малчдыг тийнхүү албан татварын хүнд дарамтанд оруулах болсон гол шалтгаан нь тухайн үед үйлдвэр, уурхай олигтой хөгжөөгүй байснаас улсын төсвийн орлогын гол эх үүсвэр нь монгол орны мал аж ахуй болж байсантай холбоотой байжээ. Энэ байдлаас гарах цорын ганц арга зам нь хувийн мал аж ахуйтнуудыг нэн даруй хоршоолох явдал байсан ч урьд нь хамтрал коммунд орж мал хөрөнгөнөөсөө салж хаширсан малчид нэгдэлд орохоос болгоомжилж байсан нь уг ажлыг удаашруулж байв. Тухайн үеийн төр засгаас ХАА-г хоршоолох ажлыг түргэтгэх зорилгоор нэгдэлд хамрагдсан малчдыг албан татвараас чөлөөлөх бодлогыг явуулж эхэлснээр, албан татварын хүнд дарамтанд олон жил зүдэрсэн хувийн мал аж ахуйтнууд нэгдэл рүү хошуурах болж,хэдхэн жилийн дотор цөөн хүнтэй, цөөхөн малтай жижиг нэгдлүүд бараг жалгын нэг байгуулагдаж эхэлжээ.
1956 оны 1-р сарын 31-нд Өлзийт сумын дарга байсан Пүрэвийн Батаагийн санаачлагаар 3-р багийн ард Г.Ойров, Т.Чимэд, Б.Бат-Ёндон, Цэенпэл, Х.Ренчинмядаг нарын 23 өрх, 2800 толгой малаа нийгэмчлэн анхны нэгдлийг байгуулж, нэгдлийн гишүүдийнхээ анхдугаар хурлаар нэгдлийн даргаар Лоройн Готов, орлогч даргаар Пүрэвийн Батаа, ня-бо-гоор Дэмбэрэлийн Маам нарыг сонгож, нэгдлээ “Ялалт” хэмээн нэрлэсэн байна. Түүний дараа 1956 оны 11-р сарын 13-нд, 2-р багийн малчин намын гишүүн Н.Гүнсэндарь, Г.Банзрагч, Б.Батлут, С.Наранцогт, малчин ард Гүржав, Батнасан, Ланган, Ш.Дэмбэрэл нарын 26 өрх, 3800 толгой малаа нийгэмчлэн, гишүүдийн хурлаараа нэгдлийн даргаар Найдангийн Гүнсэндарь, орлогч даргаар Цэнджавын Даринчулуун, нябогоор Сумьяагийн Наранцогт нарыг сонгон нэгдлээ “2-р таван жил” хэмээн нэрлэсэн байна. Түүний дараа 1958 оны 9-р сард,1,4-р багийн хувийн аж ахуйтан Н.Жийжаа, Х.Маам, Батсүх, Натар, Арвижих нарын 20-иод өрх 5000 шахам малаа нийгэмчлэн “37 жил” нэгдлийг байгуулан даргаараа Насангийн Өвөгийг сонгосноор Өлзийт сум 3 жижиг нэгдэлтэй болжээ.
Буянт-Овоо суманд 1956 оны 6-р сард, 4-р багийн малчин ард Т.Дашдондог, Д.Цэрэн, Н.Наваанжамц, Наваанчой, Д.Лхачингомбо, С.Дэмбэрэл, Л.Минжүүр, Б.Банзрагч, Л.Бат-Очир нарын 38 өрх, 3900 толгой малаа нийгэмчлэн “Дайчин нөхөрлөл” нэртэй нэгдэл байгуулж анхны даргаараа Тулгын Дашдондогийг сонгосон байна. Дараа нь 1957 оны 4-р сард тус сумын 12 өрх 2000 орчим мал бүхий “Хөгжлийн зам” нэгдлийг байгуулж, даргаараа Гочоогийн Готовдорж, ня-бо-гоор Дондгойн Борхүү нарыг сонгожээ. 1958 оны 10-р сард 1-р багийн 30 гаруй малчид нийлэн “Шинэ өрнөлт” нэгдлийг байгуулж даргаараа Будын Тогтох,орлогч даргаар Занын Бадарчин, аж ахуйгаар нь Бадрахын Сүрэнхор нарыг сонгосноор Буянт-Овоо суманд 3 жижиг нэгдэл байгуулагдсан байна.
Ийнхүү 1950-аад оны эцэс гэхэд Өлзийт, Буянт-Овоо сумдын бүх өрх үндсэндээ нэгдэлд бүрэн хамрагдсан байна. Тухайн үеийн олон жижиг нэгдлүүд нь ашиг орлого муутай, аж ахуй зохион байгуулалтын хувьд бэхжих чадваргүй байсан учир 1960-аад оны эхээр жижиг нэгдлүүдийг нэгтгэх тухай дээд газрын шийдвэр гарчээ. Тийнхүү Өлзийт,Буянт-Овоо сумдын жижиг нэгдлүүд нэгдэн, Өлзийт суманд “2-р таван жил”, Буянт-Овоо суманд “Дайчин нөхөрлөл” хэмээх нэртэй хоёр том нэгдэл болсонбайна. Нэгдлүүд Тийнхүү томорсноор тэдгээрийн аж ахуй зохион байгуулалт сайжирч,ашиг орлого нь нэмэгдэх эх үүсвэр нээгджээ.Энэ үеэс сумдын нэгдлийн даргын үүргийг сумын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны даргад хавсруулан гүйцэтгүүлэх болж сум,нэгдэл хоёр нэг удирдлагатай болсноор тэдгээрийн ажлын уялдаа холбоо сайжирсан байна.Тэр үеэс сумдыг “Сум нэгдэл” хэмээн нэрийдэх болжээ.
Өлзийт сумын нутаг дэвсгэр ерөнхийдөө говийн карбонатлаг хүрэн болонцөлйн хужир мараалаг бор хөрс зонхилсон хөрстэй, ухаа гүвээ, тал хөндий хосолсон нутагтай бөгөөд сумын өмнөд хэсэгт Хөнжил, Заваг, Дэл, Тайлаг, Их бага Хуц, Шар уул, зүүн талаараа Уул Хатарганатай, Хайрхан, Тодрууд, Шилүүтэй зэрэг далайн түвшнээс дээш 1-1,4 мянган метр өргөгдсөн говийн хадархаг бэсрэг уулс болон Хөөвөр, Морин толгой, Хонгиот Шорон хайлаастай, Ихэр, Мүүлэн зэрэг шаварлаг цав сархиа элбэгтэй болно. Сумын нутгийн өмнөд хэсэгт Монголын 33 их говийн нэг болох (60 гаруй км үргэлжилсэн) Загийн усны говь, Дундговь аймгийн 8 том бассейн (Усан сан буюу их хэмжээний нуур ус тогтдог газар гэсэн үг)-ы нэг 400 м\кв талбай эзэлсэн Аяга шанагын хоолой зэрэг улс аймагтаа алдартай газрууд цөөнгүйгээс гадна Хөөвөр, Номгон, Өөш, Загийн ус, Хулж Модон овоо, Муруй цагаан сүүж зэрэг газруудад нийтдээ 40 мянган орчим га нутаг дэвсгэрийг эзэлсэн загийн ойтой юм.
Сумын нутагт эрт галавын далайн эрэг болох ер бусын сонин тогтоцтой Цагаан суврага хайрхан, Дэн, Монтой, Модны усны хайлаас, Өөш манхан, Хэвтээгийн хайлааст хөв, Хонгор хайрханы Алаг зандан, Хавтгай уулын Барагшуунт ам, Хэвтээ босоогийн агуй зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд элбэгтэйгээс гадна Солгой Даамай, Хайрхан, Номт, Баян булаг, Хармагтай, Билгэх, Булаг хармагтай, Хөнжлийн Далай зэрэг хүн малын ундаа болсон горхи булаг элбэгтэй юм. Мөн сумын нутаг Тоодог, Хайрхан зэрэг газруудад байх чулуужсан ойн үлдэгдэл, Муруй цагаан сүүжийн орчимд байх эртний далайн амьтны чулуужсан яс, Номгоны говийн хойт хэсэгт байх дун чулуут зэрэг сонирхолтой үзмэр цөөнгүй бий. 1970-аад онд тус сумын нутгаар аялан жуулчилж явсан, Унгар улсын зохиолч М.Габор “Монголын говийн хаана ч очсон гоё сайхан байгалийг үзэх болно. Холын аян замд ядарч алжаасан хүн тэр гайхамшигт сонин байгалийг хараад л хамаг биеийн ядаргаа арилчих юм.” хэмээн бичсэн нь зүгээр нэг хоосон магтаал биш юм. Сумын нутаг дэвсгэр говийн бүсийн дулаавтар уур амьсгалтай бөгөөд дулааны улиралд дунджаар 20-25 градус дулаан,сэрүүний улиралд дунджаар -15-20 градус хүйтэн байдаг. Жилд дунджаар 94,9 мм орчим хур тунадас хур тунадас ордог болно.
Тус сумын нутагт Дуут, Сайн Билүүн зэрэг газруудад хүн, гэр, морь тэрэг, буга, янгир зэрэг амьтадын дүрс бүхий эртний сүг зургийн галерей, Дэлийн баруун билүүний орчмын 32 хүн чулуу буюу эртний түргийн үеийн буган хөшөө, хирэгсүүрүүд, Дэлийн зүүн билүүний хаданд, манай эриний 630-аад оны үед бичигдсэн эртний түрэг бичээс, 660-аад оны үед бичигдсэн хятад ханз бичээс зэрэг сонирхолтой үзмэрүүдээс гадна Ардын журамт цэрэгт бут цохиулан зугтсан гамин цэргийн дээрэм тонуулаас нутгийн олныг хамгаалах зорилгоор ардын засгийн газраас суулгасан 50 цэргийн суурьшиж байсан газар болох “Зүүн шавагтай”-ийн худаг, хатан баатар Магсаржавын, гамин цэрэгтэй тулалдаж явсан газар болох “Зах сүүж”-ийн худаг, Ойрдын Галдан бошготын тулаан хийж байсан гэгдэх Хайрхан,Талын хар овоо,одоогийн 1-р багийн нутаг Талын усны дэргэд байх, Манж чин улсын үеийн Харчин өртөөнүүдийг нэгтгэн захирч байсан манж журган (Яам гэсэн манж үг)-ны Сайр усны заргач түшмэлийн сууж байсан байшин, хэрмийн үлдэгдэл, 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн гэрч болон үлдсэн Хөнжлийн Далай, Хар ноён, Булаг билүүн, Эрдэнэ баян, Цагаан хад, Гучин, Тал, Хөтөл, Бор-Овоо зэрэг сүм хийдүүдийн туурь зэрэг монгол улсын түүх соёлтой салшгүй холбоотой газар нутаг элбэг байдаг болно.
Сумын нутаг Дэлийн хэц болон Даянгар орчимд алтны,Шар уул,Аяга шанагын орчимд зэсийн, Муруй цагаан сүүжийн шохойн чулууны, Элгэний ураны, Тоодог, Төхөм орчмын газрын тосны, Хөөвөр, Морин толгойн шүрмэсэн чулууны, Ембүү довон, цант, Шарангад,Солгой, Хашаат орчмын хайлуур жоншны, Талын орчмын өнгийн шороон будагны зэрэг нөөцтэй бөгөөд 1990-ээд оноос Дэл, Даянгар орчмын алтны, Ембүү довон, Цант орчмын хайлуур жоншны ордуудыг бичил уурхайн хэлбэрээр ашиглаж байна.
Түшээт хан аймгийн говь түшээ гүний хошуу нь 1924 онд явагдсан засаг захиргааны зохион байгуулалтаар аймаг хошуудын нэрийг сольж Богдхан аймгийн Дэлгэрхангай уулын хошууны Өлзийт сумыг “Өвөр Дэрсэнэ ус”-нд Сүрэнхор занги хэмээх даргатайгаар байгуулснаас хойш Гүн үнэгэд, Тагт зэрэг газруудад төвлөрч одоогийн Рашаант хэмээх уул устай газрыг түшиглэж төвлөрөн хөгжиж байна. Говийнхны хэлдгээр “тэмээний нуруун дээр явсан” тус сумын түүх ингэж эхэлсэн бүлгээ.
1956 оноос эхлэн нутгийн ардууд “Ялалт” , “Хоёрдугаар таван жил”,”Дайчин нөхөрлөл, “Хөгжлийн зам”, “Шинэ өрнөлт”, “Гучин долоон жил” нэгдлүүдийг бий болгожээ. 1961 онд өлзийт, Буянт-овоо сум, тэдгээрийн 6 нэгдлийг нэгтгэж, өлзийт сум, “Хоёрдугаар таван жил” нэгдэл хэмээн нэрлэсэн түүхтэй.
Өлзийт сум нь хойд талаараа өөрийн аймгийн Хулд, Луус, Сайнцагаан, зүүн талаараа Гурвансайхан, Өндөршил, Дорноговь аймгийн Мандах сумд, урд талаараа Өмнөговь аймгийн Манлай, Цогт цэций, Цогт-овоо сумдтай хиллэн оршдог. Сумын төв Рашаант нь Улаанбаатар хотоос 365 км, аймгийнхаа төвөөс 100 км-т байрладаг. Сум нь зүүнээсээ баруун хил хүртлээ 220 км, хойноосоо урд хил хүртлээ 160 км сунаж тогтсон 1542.1 мянган га нутаг дэвсгэртэй. Энэ нь Дундговь аймгийн нийт нутгийн 1-5-тэй тэнцэх өргөн уудам нутаг юм. Сум засаг захиргааны нэгж болох 8 багтай байснаа 2004 онд 6 баг болгон зохион байгуулж 1.2-р багууд Хэсрээд, 3-р баг Тагтад, 4.5.6-р багууд Дэртэд буюу сумын төвд төвлөрч байна.
1973 оны 3-р сард өлзийт сум 2 түмэн тэмээтэй болж монгол улсын түүхэнд анх удаа “Тэмээчдийн баяр”-ыг хийж, энэ үеэр МАХН-ын Төв хорооны УТТ-ын гишүүн, Намын төв хорооны нарийн бичгийн дарга Н.Жагварал, ХААЯ-ны сайд М.Даш нар ирж оролцож байлаа.1999-2000 онд тохиосон ган зудны уршгаар тус сумын нийт мал сүргийн тоо толгой огцом буурсан билээ. Нөгөөтэйгүүр тэмээн сүргийн тоо толгой буурсаар байгаа аньс сэтгэл эмзэглүүлсэн нэг асуудал юм. Тэмээг өсгөх зорилгоор орон нутгаас бодлого боловсруулж, үйл ажиллагааг чиглүүлж эхлээд байна.
Сумын ИТХ-ын шинэ Үндсэн хуулийн дагуу эмхлэн зохион байгуулагдаж, өдгөө 20 төлөөлөгч, орон тооны бус 7 тэргүүлэгч, ИТХТ-ийн дарга 1, ИТХ-ийн нарийн бичгийн дарга 1 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг. Засаг даргын Тамгын газар 12 хүний бүрэлдэхүүнтэй байгаагийн дотор удирдах ажилтан 3, гүйцэтгэх 5, үйлчлэх 4 ажилтантайгаар тус тус үйл ажиллагаа явуулж байна. Мөн нийгмийн даатгалын, татварын болон төсөл хөтөлбөрийн салбарууд ажиллаж байна.
Алслагдсан багуудын төвд богино долгионы радио холбоо, соёлын тохижуулсан төвүүд, худалдааны цэг, өвс тэжээлийн агуулах, фондтойгоос гадна Буянтад хүний бага эмчийн салбар, шатахуун түгээх станц тогтмол ажиллаж байна. Хүүхдийн цэцэрлэг нь анх 1963 онд 2 орон тоотойгоор үүсгэн байгуулагдсан бол 1970 онд 5 ажилтантай, 25 хүүхэдтэй, 1974 онд 7 орон тоотой, 50 хүүхэдтэй гэх зэргээр өргөжсөн айна.
Одоогийн үйл ажиллагаа явуулж буй барилгыг 1990 онд ашиглалтад оруулжээ. өнөөдрийн байдлаар 90 хүүхдийн хүчин чадалтай, 12 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. 2006 онд 108 хүүхдийг цэцэрлэгт хамруулсан бөгөөд багийн төвүүдэд “гэр цэцэрлэг”-ийг ажиллуулснаар сургуулийн өмнөх насны хүүхдийн цэцэрлэгт хамрагдалт өс өсөж байна. Тус сум 1939 онд Далайн хийдийн суурин дээр байхдаа өнөөгийн соёлын төвийн эх үүсвэрийн анх тавьжээ. 1945 онд улаан гэрийг “Улаан булан” болгон өргөжүүлж орон тооны эрхлэгч томилон ажиллуулсан байна. Өнөөгийн соёлын төвийн барилга 1974 онд ашиглалтад орсон, 1977 онд клубийн дэргэд “Соронзон” ардын театрыг байгуулжээ. өнөөдөр соёлын төв 5 орон тоотойгоор иргэдэд үйлчилж байна.
Өлзийт сумын хүн эмнэлэг анх 1937 оны 5 сард байгуулагдсан түүхтэй. 1966 онд их эмчийн салбар болж одоо тус сумын эмнэлэг 12 ортойгоор, Буянтад 2 ортой бага эмчийн салбар тус тус ажиллаж, бүгд 19 ажилтантай байна. 6 багийн 4 баг нь бие даасан багийн ага э бага эмчтэй. 1.2 баг дундын эмчтэй бөгөөд бусад багууд сумын төвийн хүн эмнэлэгт харьяалагддаг болно.
Сумын мал эмнэлэг нь 1937 онд анх Гүн үнэгтэйд 5 ханат гэрийг барьж, санитар Балдандорж гэдэг хүн ажиллаж байв. 1959 онд их эмчийн салбар болсон. Тус мал эмнэлэг 1999 онд хувьчлагдаж өдгөө “ Алтгана-өлзийт”, “Ембүүт булаг” гэсэн 2 мал эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. Энд дурдахад тус суманд ХААН болон монгол шуудан банкны салбаруудын үйлчилгээ тогтмолжиж, Хас банкны явуулын үйлчилгээг нэвтрүүлээд байна. Үүний зэрэгцээ МЦХ, шуудангийн үйлчилгээ “Эв мандал”, “Бийваа”, “Өнт-өлзийт” зэрэг хувийн хэвшлийн олон ААН, ХХК-ууд, ТББ-ууд, ХЗХ, малчдын сайн дурын бүлэг нөхөрлөлүүд үйл ажиллагаа явуулдаг.
1924-1927 онд сумын даргаар ажиллаж байсан Сүрэнхор зангиас хойш сум нэгдлийн дарга, Засаг дарга, ИТХТ-ийн дарга зэрэгт 40 орчим хүн ажиллаж байсан бололтой. Тэднээс дурдвал: сумын нэгдлийн даргаар У.Эрэндоо, Мөнхөө, Х.Пунцагдаш, П.Батаа, Цүлтэм, Жигмэдцэрэн, Жигжиджав, Далх, Мажаажамба, Паламдорж, Лувсанбалдан, Н.Намшир, С.Халзанхүү, Н.Сампилноров, Д.Сумьяасүрэн нар, ИТХТ-ийн даргаар Б.Нарантуяа, Н.Цэвэгмэд, Д.Баярсайхан нарын хүмүүс ажиллаж байжээ.
1963 онд ус цаг уурын харуул анх ажилд орсон. Р.Авирмэд, Долгорсүрэн, Ч.Балжмаа, Батбуян нар ажиллаж байсан. Нутгаас төрөн гарсан алдартнууд: Дэл хөнжлийн уул, Дэн шургуулын говь, Хайрхан товрууд, Хажуу гурван хэс нутагтай Өлзийт сумаас ажил үйлс, авьяас чадлаараа тодрогсод олон. Монгол улсын 18 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд, Дундговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ж.Наранцацралт, Монгол улсын баатар Түвдэнгийн Бор, Хөдөлмөрийн баатар тэмээчин Д.Цэнд, оёдолчин Д.Дашням, Төрийн шагналт зохиолч Д.Нямаа, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Б.Сумьяа, монгол улсын гавьяат хуульч Д.Зундуй, Монгол улсын аварга малчин Б.Адилбиш, Т.Чимэд, Ц.Гүндсамба, С.Дашдорж, Монгол улсын гавьяат малчин Х.Отгон, Х.Баянжаргал, Монгол улсын гавьяат жүжигчин Л.Буянхишиг, Г.Дамбийжанцан, А.Нэргүй, Сандаг, А.Пэлжээ, Н.Дагийранз, Б.Сарантуяа, Ж.Дүнжмаа, Ц.Чулуунцэцэг, Монгол улсын гавьяат багш Ц.Чойжамц, түүхийн ухааны доктор профессор Д. Хүүхэнбаатар нарын алдартан гавьяатнууд олноор төрөн гарсан билээ. Мөн таван жилийн гавшгайчид 274 бий бөгөөд нийтдээ монгол улсын төрийн дээд шагнал, одон медалиар шагнагдсан хүн 350 гаруй байна.
Тус сумын нутагт хөхтний аймгаас хулан, аргаль угалз, янгир, хар сүүлт болон цагаан зээр, чоно, шилүүс, үнэг, хярс, мануул, дорго, өмхий хүрнэ, мэрэгчдийн аймгаас туулай, бозлог, загийн шар, шар чичүүл, алаг даага, үхэр оготно, хөх болон цагаан оготно, жигүүртний аймгаас тас, бүргэд, элээ, сар, хэрээ, шар шувуу, шонхор, тогоруу, ногторуу, хулан жороо, өвөөлж, алтан хараацай, бор шувуу, шавьжны аймгаас төрөл бүрийн цох хорхой, царцаа, голио, хилэнцэт хорхой, төрөл бүрийн аалз, эрвээхэй, хэвлээр явагчдын аймгаас хортой хоргүй могой, хонин болон могойн гүрвүүл зэрэг амьтан элбэгтэй юм. Ургам лын хувьд сумын өмнө талын нутгаар хайлаас, яшил, сухай, заг зэрэг модлог ургамал цөөн тоотой ургах бөгөөд нутгийн төв хэсгээр алтан болон улаан харгана, хотир, бүйлс, чацаргана, товцог, дэрс зэрэг бутлаг ургамал элбэг дайралдахаас гадна багалуур, бударгана, хуйраг, шар болон бор шаваг, агь, гашуун, хазаар, ерхөг, хялгана зэрэг малын гол тэжээлийн ургамал тархмал ургадаг. Мөн шар мод,цулхир,гоёо,хармаг,хүмүүл,таана,тэмээн хөх зэрэг хүнсний төрлийн ургамал,загсгал,зээрийн ундаа, цулбуур цахилдаг, чихэр өвс,юм дүүжин, халгай, шарилж зэрэг эмийн ургамалууд элбэг ургадаг болно.
Намхан гүвээ толгод, хээр тал хосолсон нутгийн хойд талаар бут, харгана, таана, хялгана, хязаар өвс голлон ургадаг элсэрхэг хөрстэй хоолой хөндий, тойром, цав сархиаг, хадан уул элбэгтэй өмнөд талаар хайлаас мод, заг, улаан бор бударгана, багалуур, сондуул, шар мод, хотир, загсгал, шаваг мэт ургамал хүнсний болон эмийн анартай гоёо, цулхир, зээрийн ундаа, чихэр өвс, хармаг, тэмээн хөх, хүмүүс зэрэг олон төрлийн ургамал ургана. Говийн энэ шаргал хөрсөнд идээшсэн аргаль, янгир, угалз хар сүүлт, зээр, үнэг, хярс, чоно ан амьтад нутаглана. Мөн тас, бүргэд, харцыг, ногтруу, ууль, шар шувуу зэрэг хээр талын жигүүртэн шувууд нэн олон. Мөн чулуужсан мод, эртний амьтны яс зэрэг олдворууд элбэгтэй нутаг.
Өлзийт сумын нутаг нь Цагаан суварга, Өөш манхны элс, хэвтээ босоо, Алаг зандангийн агуйнууд, Өсөх Номгоны говь, Дэлийн хөнжлийн уул, Морин толгойн цав, Монтойн хайлааст ам зэрэг байгалийн үзэсгэлэн газрууд олонтой билээ. Үзэсгэлэнт Цагаан суврагыг түшиглэн жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна. Мөн байгалийн баялаг ихтэй. Тухайлбал. Буянтаас эхлээд Төхмийн хоолой, Мөнхрөх, Аяга шанагын хоолой, Цагаан суварга хүртэлх талбайд уран, зэс, нүүрсний, Төхөм хавьд нефтийн, Дэл хөгжлийн хэцэд алт, Хөтөл уснаас Цант, Цагаан ус хүртэлх газарт хайлуур жоншны, Замын сүүжийн ард шохойн чулууны орд, улаан, ногоон шар, хүрэн гэх мэт зос хаа сайгүй тааралдана. Энэхүү баялгийг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд бүрэн боломжтой юм.
1. Дүнжмаагийн Цэнд (1920-1997) -2 удаа АИХ-ын депутат.
2. Лувсанжамцын Дашням- 1984 онд АИХ-ын депутат.
3. Бат-Очирын Жамбалдорж (1908-1998)-1951 оноос 4 удаа АИХ-ын депутат.
4. Будын Сумъяа- АИХ-ын депутат.
5. Мишигийн Дагвадорж (1914-1991)-1963 онд АИХ-ын депутат.
6. Бат-Очирын Батмөнх-1990 онд АИХ-ын депутат
1. Жанлавын Наранцацралт (1957-2007) -2000, 2004 онд УИХ-ын гишүүн.
2. Батсүхийн Наранхүү- 2012, 2016 оны УИХ-ын гишүүн
3. Батсүхийн Саранчимэг 2013 оны УИХ-ын гишүүн
1. Жанлавын Наранцацралт (1957-2007) -Монгол улсын Ерөнхий сайд
2. Будын Сумъяа - Соёлын Яамны сайд
3. Бат-Очирын Жамбалдорж (1908-1998)- ДЯЯ-ны сайд, Шүүх Яамны сайд
4. Даржаагийн Зундуй (1930-2001)- Хууль зүйн яамны 1-р орлогч сайд
5. Чүлхрэмийн Цэнд-Сангийн яамны дэд сайд
6. Бандихүүгийн Ургамалцэцэг- Боловсрол, шинжлэх ухааны яамны дэд сайд
1. Түвдэнгийн Бор (1913-1932) Улсын баатар-1961 онд авсан
Хөдөлмөрийн баатар
1. Дүнжмаагийн Цэнд (1920-1997) тэмээчин - 1965 онд авсан БНМАУ-ын хөдөлмөрийн баатар болсон.
2. Лувсанжамцын Дашням оёдолчин - 1985 онд авсан БНМАУ-ын хөдөлмөрийн баатар болсон.
1. Аилбишийн Нэргүй уртын дуучин - 1993 онд Ардын жүжигчин цол хүртсэн.
2. Нямын Дагийранз (1930-2014) жүжигчин, ерөөлч магтаалч -2013 онд Ардын жүжигчин цол хүртсэн.
3. Адилбишийн Дашпэлжээ дуурийн дуучин- 2014 онд Ардын жүжигчин цол хүртсэн.
1. Гогойн Дамбийжанцан (1919-1984) Гавьяат жүжигчин, хөгжимчин -1970 онд
2. Цэндийн Сандаг (1928-1976) Гавьяат жүжигчин, циркийн амьтан сургагч -1974 онд
3. Лувсандоржийн Буянхишиг Гавьяат жүжигчин, найруулагч -1979 онд
4. Лхамсүрэнгийн Чимэддорж Гавьяат жүжигчин, хүүхэлдэйн жүжигчин - 1989 онд
5. Хоомонгийн Баянжаргал Гавьяат малчин-1991 онд
6. Адилбишийн Нэргүй Гавьяат жүжигчин, дуучин -1993 онд
7. Адилбишийн Дашпэлжээ Гавьяат жүжигчин, дуучин -1993 онд
8. Нямын Дагийранз (1930-2014) Гавьяат жүжигчин-1997 онд
9. Батчулууны Сарантуяа Гавьяат жүжигчин, дуучин -2000 онд
10. Будын Сумъяа Соёлын гавьяат зүтгэлтэн, судлаач -2000 онд
11. Жамъянгийн Дүнжмаа Гавьяат жүжигчин, дуучин -2001 онд
12. Даржаагийн Зундуй Гавьяат хуульч-2001 онд
13. Хандсүрэнгийн Отгон Гавьяат малчин-2002 онд
14. Цэндоогийн Чойжамц (1942-2013) Гавьяат багш -2005 онд
15. Цэрэнгийн Чулуунцэцэг Гавьяат жүжигчин, дуучин -2008 онд
16. Долгорын Нямаа Соёлын гавьяат зүтгэлтэн -2009 онд
17. Пэлжидийн Банзрагч (1924-2014) Хүний гавьяат эмч -2009 онд
18. Дамдинжавын Сэржмядаг Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан- 2017 онд
19. Дашдаваагийн Жуужаа- Гавьяат багш -2018 онд
20. Нанзадын Энхпагма -Гавьяат багш - 2018 онд
21. Гончигдоржийн Хүүхэнхүү - ШУ-ны гавьяат ажилтан 2019 онд
22. Сандагдоржийн Пүрэвсүрэн - Үйлчилгээний гавьяат ажилтан - 2019 онд
23. Мишигийн Чимиддорж - Гавьяат багш -2020 онд
24. Жамьянхоролын Цэвэгмид - Гавьяат багш - 2021 онд
25. Сэрээтэрийн Чанцалмаа - Гавьяат эдийн засагч - 2021 онд
26. Чимидоржийн Түвшин - Урлагийн гавьяат зүтгэлтэн - 2021 онд
27. Дашдаваагийн Отгонбаатар - Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан - 2021 онд
28. Сандагийн Эрдэнэ - Гавьяат эмч- 2021 онд
29. Тавхайн Сугар (1953-2023)- Гавьяат тээвэрчин - 2022 онд
30. Сугирын Алтанхуяг - Гавьяат уурхайчин - 2023 онд.
31. Бат-очирын Батмөнх - Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан - 2023 онд.
32. Ланганы Хүүхэнмөнх - Малын гавьяат эмч - 2023 онд
33.Дамбадаржаагийн Лхагважав -Гавьяат жүжүигчин -2023 онд
1. Дашдаваагийн Хүүхэнбаатар (1937-2013) -Түүхийн ухааны доктор /Ph.D/
2. Будын Сумьяа- Түүхийн ухааны коктор /Ph.D/
3. Гончигдоржийн Хүүхэнхүү- Физикийн ухааны доктор /Ph.D/
4. Жамьянхоролын Цэвэгмид -Техникийн ухааны доктор /Ph.D/
5. Жанлавын Наранцацралт- Газар зүйн ухааны доктор /Ph.D/
6. Содномын Батмөнх - Философийн ухааны доктор /Ph.D/
7. Сэрээгийн Чанцалмаа - Эдийн засгийн ухааны доктор /Ph.D/
8. Ланганы Отгонтуяа - Эдийн засгийн ухааны доктор /Ph.D/
9. Дашдаваагийн Отгонбаатар- Эрүүл мэндийн ухааны доктор /Ph.D/
10. Мишигийн Чимэддорж- Сурган хүмүүжүүлэх ухааны доктор /Ph.D/
11. Даржаагийн Зундуй- Хууль зүйн ухааны доктор /Ph.D/
12. Жуужаагийн Эрдэнэбулган- Хууль зүйн ухааны доктор /Ph.D/
13. Бадамын Басбиш- Техникийн ухааны доктор /Ph.D/
14. Батсүхийн Одончимэг- Байгалийн ухааны доктор /Ph.D/
15. Цэрэнгийн Чулуунцэцэг- Урлаг судлалын ухааны доктор /Ph.D/
Өлзийт сумаас 1951-2016 онд АИХ-ын депутат болон УИХ-ын гишүүн зэрэг төрийн түшээд 11 хүн 17 удаа сонгогдсон бол МУ-ын Ерөнхий сайд, сайд, дэд нар зургаан хүн ажиллаж байв.
Улсын болон Хөдөлмөрийн баатар цолыг гурван хүн, Төрийн шагналтан цолын нэг хүн, Ардын жүжигчин цолыг гурван хүн, Гавьяат цолыг /2021 оны 12-р сарын байдлаар/ 26 хүн авчээ. Үүнээс:
Гавьяат жүжигчин-10
Соёлын гавьяат зүтгэлтэн-3
Гавьяат багш-5
Гавьяат малчин-2
Хүний гавьяат эмч -1
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан-2
Үйлчилгээний гавьяат ажилтан-1
ШУ-ны гавьяат ажилтан-1
Гавьяат хуульч-1
Гавьяат эдийн засагч-1
тус тус байна. Гавьяат цолтон 26 хүний гураваас /Ц.Сандаг, Л.Чимиддорж, Ч.Түвшин/ бусад хүмүүс нь Өлзийт сумын болон Буянт-Овоо багийн сургуульд суралцаж байсан. МУ-ын Гавьяат жүжигчин, СГЗ нарын гурваас /Ц.Сандаг, Л.Чимиддорж, Ч.Түвшин/ бусад нь Өлзийт сумын Соёлын төв /сумын клуб"/- ийн тайзан дээр урлагийн төрөл бүрийн тоглолтонд оролцож байсан хүмүүс байдаг юм.
Мөн Дундговийн Цагаандэлгэр сумын харьяат Гавьяат эдийн засагч Нямдолгорын Сампилноров Өлзийт суманд сум-нэгдлийн даргаар ажиллаж байхдаа анхны байнгын ажиллагаатай УБХ-ын гишүүн болж байсан, Дэлгэрхангай сумын харьяат Сугирын Халзанхүү Өлзийтийн сум-нэгдлийн даргаар ажиллаж байхдаа АИХ-ын депутат болж байжээ.