Монголын хамгийн өндөр хүний нэг бол Пүрэвийн Гонгор юм. Ард олны дунд өндөр Гонгор хэмээн алдаршсан тэр Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутагт 1880 оны эхээр төржээ. Түүний биеийн өндөр, бяр чадлын талаар домог болсон хууч яриа хөөрөө, гадна дотно хүмүүсийн бичиж үлдээсэн тэмдэглэл, дүрс зураг цөөнгүй байдаг. Тэрбээр 4 хүүхэдтэй байжээ. Түүний 2 охины нэг нь Жаргалант суманд аж төрж байна. Нөгөө охин Г.Бүдханд сэрүүн тунгалаг байхдаа 1997 оны намар ингэж хуучилсан юм.
Аавын эцэг Пүрэвийнх олон хүүхэдтэй айл байсан гэдэг. Аав тэдний 3 дахь хүүхэд нь юм. Аав багадаа тийм ч өндөр байгаагүй, харин гарын сарвуу урттай байсан гэдэг. Аав хоол их иддэг болохоор түүнийг жаахан шоолонгүй байжээ. Тиймээс аав жинчин дагаад Их Хүрээ явчихсан гэсэн. Хүрээнд очоод нэлээд удсан юм байх. Нэг өдөр зах дээр явж байтал нэг хүн ирж, чамайг Богд хаан аваад ир гэсэн гээд дагуулаад явж гэнэ. Ордныхон аавын биенд тохирсон хувцас хийлгэж, бүрэн хувцаслаад, минжин малгай өмсгөж өгсөн гэдэг. Нэлээд удсан хойно хоёр лам дахин ирж, дагуулан айлд очин, нэгэн эмэгтэйтэй уулзуулжээ. Богд эзэн: Та хоёрын заяа төөрөг таарах учир айл гэр бол гэсэн хэмээжээ. Аавыг ингэж Богд хаан гэрлүүлсэн гэдэг. Миний ээж их уран хүн байсан. Богд эзний малгайг оёдог байсан гэж ярьсныг тэмдэглэн авч, тухайн үед Ардын эрх сонинд нийтлүүлсэн юм. Богд хаан 1905 он орчим Гонгорыг их сангийнхаа даамал, Богдын зааны маллагчаар ажиллуулж байсан гэдэг. Ардын хувьсгалын дараа 1924-1927 онд түүнийг Гаалийн хороонд байцаагчаар хэсэг хугацаанд ажиллуулсан байна.
Монгол Улсын Ерөнхий Сайд Төгс-Очирын Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчид Хаант Орос Улсад 1913 онд айлчилахад П.Гонгор бүрэлдэхүүнд нь хамгаалагчаар орж явж байжээ. 1920-иод оны үед Монголд шинжилгээний ажлаар явж байсан АНУ-ын эрдэмтэн Рой Чэпмэн Эндрюс Гонгортой уулзаж зургийг нь авч, өндрийг нь хэмжиж 2 метр 41 см гэж тодорхойлжээ. Зарим судлаачид үүнээс өндөр байсан гэж үздэг. Үр хүүхдүүдийнх нь ярьж байснаар 50 гаруй насандаа 1931 он орчим нутаг усандаа нас баржээ. Хосгүй өндөр байсан тэр моринд мордохдоо дөрөөлөлгүй хөлөө шууд давуулаад мордчихдог байж. Түүний эдэлж хэрэглэж явсан хэт хутга Унгар улсын музейд байсныг тус улсад элчин сайдаар сууж байсан М.Жамсран 25 мянган форинтоор худалдан авч, улсын төв музейд өгсөн гэдэг. Хэрэглэж байсан нэг мөнгөн аяга нь түүний ач болох хүүхдийн зохиолч Д.Даваанямд хадгалагдаж байгаа ажээ.
Тэрээр Сайн ноён хан аймгийн бөхийн сорилгыг тэргүүлэн явуулдаг, даншгийн начин цолтой сайн бөхчүүдийн нэг байжээ.
Гонгор дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр хүн болох АНУ -ийн иргэн Роберт Уодлоугоос өндөр байсан гэсэн мэдээ байдаг.