Дарьганга сум
ᠳᠠᠷᠢᠭᠠᠩᠭ᠋ᠠᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Сүхбаатар |
Байгуулагдсан | 1925 он |
Газар нутаг | |
• Нийт | 4,814 км2 (1,859 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▲ 3,242 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Дарьганга сум — Монгол улсын Сүхбаатар аймгийн харъяат сум.
1925 онд 17 багтайгаар Дарьганга сумыг байгуулжээ. 4,5 мянган х.д. км нутаг дэвсгэртэй. Феодалын нийгмийн хөгжлийн замд тохиолддог тархай байдал XVll зууны үеэс нэн даамжирч, их хааны захиргаа суларсан үед хөрш зарим орнууд монголын аль нэг хэсгийг алгуур татах, эсвэл эзлэн дагуулах бодлого ил далд явуулах болсны улмаас Монгол улсын дотоод нэгдэл алдагдаж, харь гүрнүүдийн идэш болсон тул оршин тогтнохоо больж, Манж Чин, хаант Орос зэрэг улсуудын захиргаанд орсон билээ. Тэгэхэд Өмнөд Монгол буюу Өвөр Монгол 1636 онд, Ар Монгол буюу Халх Монгол 1691 онд Манжийн захиргаанд тус тус орж Монголын тусгаар тогтнолын сүүлчийн голомт нь Ойрд буюу Баруун Монгол болж, тэнд шинэ мандсан Зүүнгарын хант улс XVlll зууны хоёрдугаар хагас хүртэл тусгаар байдлаа хамгаалан Манжийн түрэмгийлэгчидтэй тэмцэж байгаад давуу хүчинд цохигдон эзлэгдэхэд, Орос улс Монголчуудаас Манжийн эсрэг хийж байгаа тэмцэл ялангуяа Ойрадын Галдан бошогтыг зарим талаар дэмжих дүр үзүүлэн Монголын хойд хэсэг Буриад болон Ойрадын үлдэгдлээс өөртөө нэгтгэхийг хичээж байлаа. Манж нар Зүүн Монголын өмнөд хэсгийг буюу Өвөр Монголыг дотоод 6 чуулган, Ар Монголыг дөрвөн чуулган болгох зэргээр засаг захиргааны хувьд монголчуудыг бутаргасан зохион байгуулалт хийж байлаа. Түүний нэг жишээ бол Чин улсын эзэн хааны зарлигаар 1697 онд Дарьгангад анх цэргийн зориулалттай адуун сүргийг байгуулсан явдал юм. Сүргийг анхлан байгуулахдаа Халхын дорно замын дундад дахь зүүн этгээдийн xошуу /одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан, Уулбаян сумын нутаг, Түмэнцогтын зүүн хэсэг, Хэнтий аймгийн Батноров, Баян-Овоо, Норовлин сумдын нутгийн хагас/, Халхын дорно замын дундад дахь адгийн хошуу /одоогийн Хэнтий аймгийн Галшар, Буянт зэрэг сумдын багахан хэсэг/, Халхын дорно замын баруун гарын өмнөд хошуу ( Одоогийн Дорноговь аймгийн Сайхандулаан, Улаанбадрах, Хатанбулаг, Хөвсгөл сумуудын нутаг), Өвөр Монголын Авга, Сөнөд хошуунаас таслан авч байгуулсан ажээ. Дарьганга зөвхөн адуу мал адгуулан өсгөдөг газар байсангүй, Зүүн гарын улстай хийж байсан олон жилийн дайны туршид газар газраас татсан цэргийг хураан цуглуулах, бэлтгэх, цэрэг болвсруулан сургаж өнгөрүүлдэг чухал бааз, дамжлага газар болж байв. Дарьганга өмнөд талаараа Шилийн голын чуулганы баруун, зүүн Сөнөд ба баруун, зүүн Авга хошуудтай, зүүн талаараа Түшээт хан аймгийн Мэргэн вангийн засгийн хошуу, хойд талаараа Сэцэн хан аймгийн Эрх засаг, Ёст засаг, Хурц засгийн хошуудтай тус тус зах нийлж байжээ.
Таван гар тус бүрийн бэлчээр нутгийн байдлыг одоогийн сумд ба газрын нэртэй харьцуулж гаргавал:
1. Баруун гар адуучны сүрэг нь Бухын Ширээгээс Харцав хүртэл буюу Онгон, Халзан сумдын нутгийн зааг Ноёны хөндий, Логийн чулуу
2. Зүүн гарын адуучны сүрэг нь Хуандайн Салаанаас Харгилтай хүртэл буюу Асгат, Дарьганга, Халзан сумын нутаг, Орлой, Гурван зээрд
3. Баруун гар тэмээчний сүрэг нь Хөшөө Цагаан, Хөөвөрөөс Төгрөг, Жирэм, Аргалийн уул хүртэлх нутаг буюу Баяндэлгэр сумын Дөхөм, Баян Тээгийн говь, Орлой, Гурванзээрд.
4. Зүүн гар тэмээчний сүрэг нь Сэхүүл, Баянбулагаас Жингэр, Цагаан тэмээт, Өөш, Морин хошууны говь буюу одоогийн Халзан, Баяндэлгэр, Онгон, Түвшинширээ, Уулбаян сумдын зааг нутагт байгаа говирхог бэлчээр.
5. Хоньчины сүрэг Их уулаас Дарьганга, Молцог, Онгон элс, Баруун булаг, Шардат, Тавантолгой, Бударын чулуу зэрэг одоогийн Дарьганга, Онгон, Наран сумдад болон Баян дэлгэр сумын Хонгор, Дөхөмийн бригадын нутгийг хамарч байсан бололтой.
Хүн амын үндсэн хэсэг нь гурван төрөл малын 198 сүргийг захирах, адуулж маллах ба бусад үйлчилгээний хүмүүсээс бүрдэл болж байв. Тэдгээр албаны хүмүүсийн эхнэр хүүхэд, эцэг эх болон албанд өртдөггүй хүмүүсийг “Сул хар” гэдэг. Нийт хүн ам нь шарын шашныг шүтдэг. Дарьгангад бүгд 13 сүм хийд хурал байсны дотроос гол сүм нь овоон сүм байлаа. Сүм бүрт хамбо ахлан, банди нарыг да лам тэргүүлэн, дэмч нар тусгайлан захирдаг. Хурлыг Хамбо, гэвхий нар тэргүүлдэг. 1912 оны байдлаар зөвхөн хонин сүргийн гарт гурван сүм байв. Чин улсын ноёрхолын жилүүдэд Дарьгангад ганц ч сургууль байсангүй. Монголын уламжлалт гэрийн сургалтаар авхаалж самбаатай залуучууд Монгол Манж хэл бичиг, тоо бодлого зэргийг сурдаг байжээ.
Дарьгангын сүргийг байгуулсны дараа тахих овоо анх тогтоох үед нутгийн эрх баригчид Их булгийн Зүүн хойно байдаг, Давхар энгэрийн ард байдаг Дашлүнг тахина гэхэд ардууд Дарь-Овоог тахина гэж маргалдахад ноёд нь албадаж гар тутмаас тодорхой тооны хуяг эр, азарга дайчлан гаргуулж Давхар энгэрээс чулуу зөөлгөж Дашлүн дээр овоо босгуулж эхлэхэд нутгийн шударга эр Жамъян, Магсар нар ард олныг тухирч зарга тэмцэл үүсгэж Гусай /хошуу захирагч/ амбанд заалдахдаа: Дарь-Овоог байхад Дашлүнг тахина гэж Давхар энгэрээс чулууг зөөлгөж, Дээдсийн сүргээс 70 гүү сувайруулан, албаны олон эрчүүдийг чирэгдүүлэн, ар гэрийг нь зовоож байгааг илчилсэн тул зарга авч Дарь-Овоог дарьгангынхан жил тутмын тахилгатай болж “Дарь Алтан-Овоо” гэж алдаршсан ажээ.
Олноо Өргөгдсөн Монгол улс 1911 онд байгуулагдсны дараа 1912 онд Дарьгангын сүргийнхэн бусад нутгийн монголчуудын адил тусгаар улсыг хүлээн зөвшөөрч захирагдах болсноос хойш Дотоод Хэргийг Бүгд Захирах Шийтгэгч Яам ны шууд мэдэлд аанай л бүгдийн тэргүүний захиргаатай таван гар хэвээрээ байлаа. Ардын Засаг тогтсоны дараа ч гэсэн Дотоод Яамны харъяанд байснаа засаг захиргааны шинэ хуваариар 1925 оноос Дарьгангын хошуу гэгдэх болоход гарууд нь сумын зохион байгуулалтад шилжиж Хан Хэнтий уулын аймагт харьяалагдах болов. 1931 онд Дорнод аймагт захируулан Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Молцог,Онгон, Халзан, Хонгор сумд болгосон байна. 1942 онд Жавхлант Шарга ( Сүхбаатар) аймагт харъяалагдах болжээ.
2,8 мянган хүн амтай, 86,9 мянган толгой малтай. Сумын төв нь аймгийн төвөөс 180 км, Улаанбаатараас 780 км хол зайтай.
Нутгийн ихэнхийг далайн түвшнээс дээш 1100-1778 м өндєр өргөгдсөн эртний сөнөсөн 200 гаруй галт уул болон хүрмэн чулуун гадаргатай цав толгод эзэлдэг. Алдарт Шилийн Богд уул, ард түмний бишрэлт хайрхан Алтан Дарь овоо, элсэн манхан хөвөөлсөн Ганга, Дуут, Холбоо, Уянгын цагаан нуур, Дагшин булаг гээд байгалийн үзэмж төгс нутагтай. Молцог элс 40 гаруй км үргэлжлэнэ.
Хар хүрэн, хужир мараат, элсэрхэг хөрстэй, тал хээрийн өвс ургамал зонхилон ургадаг. Цагаан зээр, үнэг, чоно, хярс, тарвага, мануул зэрэг ан амьтантай, тогоруу, хун, галуу, нугас зэрэг нүүдлийн шувуу ирж зусдаг.
Эртний түүхийг хүүрнэсэн 20 гаруй хүн чулуу, Талын агуй, мөнгөний дархцуул, мөнгөн урлалаараа алдартай Дарьганга нутаг нь аялал жуулчлал хөгжүүлэхэд хамгийн таатай нутаг юм. Хүүхдийн зуслан, "Дагшин" амралтын газар ажилладаг.