Фрэнк Морли | |
---|---|
![]() | |
Төрсөн огноо | 1860 оны 9 сарын 9 Англи, Саффолк, Вүүдбриж |
Нас барсан огноо | 1937 оны 10 сарын 17 (77 насалсан) Мэрилэнд, Балтимор |
Үндэс | ![]() |
Салбар | Математик |
Байгууллага | Хаверфорд Коллеж Жонс Хопкинс Их Сургууль |
Төгссөн сургууль | Кембрижийн Кингс Коллеж |
Эрдэмтэн шавь нар | Харри Бэйтмэн Леонард Блюментал Артур Кобл Тереза Коэн Фрэнсис Мөрнаган Бойд Паттерсон Мэбел Янг |
Алдаршсан зүйл | Морлийн теорем |
Фрэнк Морли (Англи: Frank Morley, 1860 оны 9 сарын 9 – 1937 оны 10 сарын 17) нь алгебр, геометрийн салбар дахь сурган хүмүүжүүлэх болон судалгааны ажлуудаараа нэрд гарсан шилдэг математикч байв. Тэрбээр элементар хавтгайн геометрийн Морлийн теоремыг баталсан. Багшийн хувиар тэрбээр 50 эрдэмтний докторын ажлыг удирджээ.
Морли Английн Саффолк гүнлигийн Вүүдбрижид шаазангийн дэлгүүр ажиллуулдаг квакер гэр бүл болох Элизабет Маскетт болон Жозеф Роберт Морли нарын хүү болон төржээ. Вүүдбриж сургуульд боловсрол эзэмшсэний дараа Кембрижийн Кингс Коллежид суралцан, 1884 онд бакалаврын зэрэгтэй болсон байна.[1]
Морли 1887 онд Пеннсилвани руу нүүж, 1900 он хүртэл Хаверфорд Коллежид багшилжээ. Улмаар 1900 онд Жонс Хопкинс Их Сургуулийн математикийн тэнхимийн эрхлэгч болсон байна. Түүний нийтлэлүүдээс Жэймс Харкнесстай хамтран бичсэн Функцийн онол дахь элементар судар (1893); Аналитик функцийн онолын үндэс (1898) зэргийг дурдаж болно. Тэрбээр 1919-1920 онд Америкийн Математикийн Нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажилласнаас[2] гадна 1900-1921 онд Америкийн математикийн сэтгүүл-ийн эрхлэгчээр ажиллаж байв. Түүнчлэн Олон улсын математикчдын конгресст 3 удаа уригдан илтгэл тавьж байлаа: 1912 (Кэмбриж), 1924 (Торонто), 1936 (Осло).
1933 онд хүү Франк Вигортойгоо хамт Хувиргалтын геометр хэмээх бүтээл хэвлүүлсэн.[3][4] Уг бүтээлээрээ комплекс тоог геометр болон функцийн онолд ашигладаг болгож хөгжүүлсэн юм.
Морли шатар сайн тоглодог байсан бөгөөд нэг удаа дэлхийн аварга Эмануэль Ласкерыг хожиж байсан гэдэг.
Тэрбээр Мэрилэнд муж улсын Балтимор хотод 77 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
Түүний хөвгүүд нь зохиолч Кристофер Морли, Пулицерийн шагналт Феликс Морли болон математикч Франк Вигор Морли нар болно.